Ерөнхийлөгчид нэр дэвшигчид “тодорчээ”

Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны зургадугаар сард болно. Одоо бол сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж байгаа. Гэвч үүнийг алгасаад Ерөнхийлөгчийн сонгууль руу анхаарал хандуулсан хүн олон байна. Орон нутгийн сонгуулийг үүний бэлтгэл маягаар харж байна гэсэн үг.

Энэ “гол” сонгуульд намуудаас нэр дэвшигчдийг тодруулах “тандалт” хэдийнэ эхэлсэн ч албан ёсоор тодрох болоогүй байгаа. Гэвч жиргээнд нэр дэвшигчид хэдийнэ тодорч, бараг сонгууль нь “болоод” буй бололтой.

МАН-аас намын дарга М.Энхболд өрсөлдөх тухай яриа байгаа. Одоогоор түүнтэй өрсөлдөх өөр хүний сураг гарахгүй байна. Харин АН-ын хувьд горилогч цөөнгүй бий.

Тэгвэл жиргээчид АН-аас Н.Алтанхуягийг тодруулчихаж. Тэр нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг мөн ч, АН-ынхны шийдвэр яаж ч өөрчлөгдөж мэднэ. Жиргээчид АН-аас Н.Алтанхуяг, МАН-аас М.Энхболдыг “тодруулаад”, хэнийг нь дэмжих тухай санал асуулга явуулж эхэлсэн байна.

Уг “санал хураалт”- ын дүн удахгүй гарах гэнэ. Сонгуулийн жил эхлэхээс өмнө рейтинг тогтоох, нэр дэвшигч нь албан ёсоор тодроогүй байхад дээрх байдлаар “санал хураах”-ыг хориглоогүй болохоор ингэж л байхаас.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)