“Европ, Азийн хүчийг бодит түншлэлд чиглүүлэх цаг болсон”

Зүүн Ази болон Европын орнуудыг нэгтгэсэн Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын чуулган Испанийн нийслэлд боллоо. 14 дэх удаагийн уулзалтыг даргалж буй Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын дэд ерөнхийлөгч Жозеп Боррель хэлсэн үгэндээ Европ болон Ази тивийн хамтын хүчийг бодит түншлэлд чиглүүлэх цаг болсныг тэмдэглэжээ. Түүний хэлснээр АСЕМ нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлаа хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан ёсны бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага юм. 

Тус байгууллагад дэлхийн худалдааны 55, ДНБ-ий 60, хүн амын 60, аялал жуулчлалын 75 хувийг эзэлдэг 51 орон, Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн олон улсын хоёр байгууллага багтдаг. АСЕМ нь хууль дүрэмд суурилсан, олон ургалч, олон талт үзлийг хүндэтгэх, сурталчлах гол тавцан болсон төдийгүй энэ цаг үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлт, сорилт нь ийм хамтын ажиллагаа, манлайллыг зайлшгүй шаардаж буй аж. Ташрамд дурдахад, Европын Холбоо нь олон хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлууд болох Солонгосын хойг, Мьянмарын Ракхайн мужид үүссэн нөхцөл байдал, Ойрхи Дорнодын энх тайвны үйл явц, Иран, Афганистанд энх тайвныг тогтоох хүчин чармайлт зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон ургалч, олон талт үзэл, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих чиглэлээр ажиллаж буй.

Европын Холбооны дээд төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Жозеп Боррель тус холбооны гадаад бодлогыг бодит байдалд суурилж, бат бөх түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх гэнэ. Африк тив болон Баруун Балканы орнуудтай түншлэл хамтын ажиллагаа, Ливийн нөхцөл байдал болон Украины зүүн хэсгийн маргааныг тайван замаар шийдвэрлэх зэрэг олон чухал асуудлаар Азийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахыг хүсэж буйгаа тэрбээр илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)