Европын парламентын тэнцвэрт байдал өөрчлөгдөв

Европын парламентын өнгөрсөн долоо хоногт болсон сонгууль нь сүүлийн таван жилд Европын Холбооны хүчний тэнцвэрт байдал үлэмж өөрчлөгдсөнийг харууллаа. Сонгуулийн дүнг хоёр шалтгаанаар түүхэн хэмээн үзэж болох аж. Юуны түрүүнд, сонгогчдын ирц урьд өмнө байгаагүй өндөр байсан бол Европын Холбооны бодлогыг олон арван жил тодорхойлсон төвч үзэлтнүүдийн намууд парламентад олонхын суудлаа алджээ. Тэрчлэн энэ удаагийн сонгуулиар улс төрийн хоёр туйл болох Европын нэгдэлд итгэгчид болон үл итгэгчдийг төлөөлсөн хэт үзэлтнүүдийн нэр хүнд өссөнийг харуулсан байна.

ИРЦ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Парламентын сонгуулийн ирц нь 1979 онд шууд сонгууль явуулсан цагаас хойш анх удаа өсөж, урьдчилсан мэдээгээр 50.5 хувьтай гарчээ. Анхны сонгуулийн ирц 61.99 хувьтай гарч, түүнээс хойш тасралтгүй буурсан нь европчууд нэгдсэн төслөө сонирхох нь буурсны илэрхий нотолгоо болсон аж. Өмнөх буюу 2014 оны сонгуулийн ирц түүхэн доод хэмжээнд хүрч, 42.61 хувьтай байв.

Тус тивийн шинжээчид болон хэвлэлийнхний үзэж буйгаар шар хантаазтануудын хөдөлгөөн, цагаачлалын эсрэг ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлээ идэвхжүүлэхийг уриалсан олон жагсаал, цуглаан Европын хотуудад болсон нь сонгуулийн идэвхийг сэргээжээ. Хамгийн гол нь Европын нэгдлийг дэмжих болон эсэргүүцэх байр суурь баримтлагчдын туйлшрал үлэмж идэвхжсэн аж. Тус тивийн улс төрийн төв олны анхаарал татахаа хэдийн больжээ.

ОЛОНХ БАЙР СУУРИА АЛДЖЭЭ

Урьдчилсан мэдээнээс үзвэл Европын Холбооны үндэстэн дамнасан улс төрийн хамгийн том нэгдэл болох христийн ардчилсан Европын ардын нам хийгээд гишүүдийн тоогоор хоёрдугаарт жагсдаг, социалист чиглэлийн намуудын холбоо гэгдэх “Социалистууд ба демократуудын дэвшилт эвсэл” 25 жилийн хугацаанд анх удаа парламентын олонхын суудлаа алджээ. Тиймээс эл нэгдлээс Европын комиссын тэргүүний суудалд нэр дэвшүүлэх боломжгүй.

Европын парламент 751 суудлын 376-г авбал олонх болдог. Гэтэл эл хоёр хүчин өмнөх сонгуультай харьцаалахад тус бүр 38 ба 34 суудлаа алджээ.

МАРГРЕТЕ ВЕСТАГЕР ЕВРОПЫН КОМИССЫГ ТЭРГҮҮЛЖ МАГАДГҮЙ

Европын Холбооны Засгийн газар болох комиссынх нь шинэ тэргүүний томилгоо урьдчилсан таамгаас зөрөх нь. Өнөөдөр тус холбооны төр, засгийн тэргүүн нар албан ёсны бус уулзалт хийж, сонгуулийн дүнгээ хэлэлцэх гэнэ. Гэхдээ ирэх сард болох албан ёсны дээд хэмжээний уулзалтаар Европын комиссын шинэ тэргүүнийг батлах юм.

Эл албан тушаалд Данийн либералуудын төлөөлөгч Маргрете Вестагер томилогдох магадлал өндөр буюу түүнд гурван хөзөр буй. Юуны түрүүнд, “Европын төлөө либералууд ба демократууд” эвсэл энэ удаагийн сонгуульд үлэмж амжилт олжээ. Хоёрдугаарт, тэрбээр эмэгтэй хүн. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх тэмцэл ялангуяа удирдах албан тушаалуудад хүчтэй өрнөж буй өнөөгийн нөхцөлд энэ хүчтэй давуу тал. Гуравдугаарт, сүүлийн таван жилд Европын өрсөлдөөний асуудал хариуцсан комиссарын албан тушаал хашихдаа тэрбээр нэрд гарч, Америкийн IT чиглэлийн “Microsoft”, “Apple”, “Google” компанид олон тэрбумын торгууль ноогдуулсан гэнэ. Европын Холбоо болон АНУ хоорондын үл ойлголцол газар авч, худалдааны дайн нь үргэлжилсээр буй үед түүний авсан арга хэмжээ Европын эдийн засгийн эрх ашгийг хамгаалагчийн хүндтэй болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)