Европын комисс хэлцэлгүй "Brexit"-ийн тохиолдолд Ирландад хэдэн тэрбум еврогийн тусламж олгох нь


Их Британи улс Европын холбооноос хэлцэлгүй (хатуу “Brexit”) гарсан тохиолдолд Европын комисс Ирландад эдийн засгийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэдэн тэрбум фунт Стерлингийн тусламжийн багц боловсруулж байна. Энэ тухай “The Times” сонин Европын холбооны эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Тус сонинд нийтэлснээр бол ЕХ хэлцэлгүй “Brexit”-ийн тохиолдолд Ирландын худалдааны салбарт гарч болзошгүй тулгамдсан асуудлыг давахад тус улсын засгийн газарт хэрэгтэй хэмжээгээр нь тусламж олгоход бэлэн байгаа аж. Ингэхдээ тодорхой мөнгөн дүнг заагаагүй байна. 7-р сарын 9-нд Ирландын засгийн газар “Brexit”-ээс гарах сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг танилцуулсан юм. Баримтын оршил хэсэгт хатуу “Brexit” нь "Ирландын хувьд урьд өмнө үзэгдээгүй үйл явдал болох” бөгөөд "үндэсний эдийн засагт асар их бэрхшээлийг бий болгож, Ирландын умард болон өмнөд, түүнчлэн Ирланд, Их Британийн хоорондох худалдааны эргэлтэд зөрчил үүсгэнэ" гэж онцолжээ. Хэлцэлгүй “Brexit” нь эхний жилд тус улсын төсвөөс 6,5 тэрбум еврогийн хөрөнгө шаардах аж. Их Британи улс ЕХ-оос өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд гарах ёстой байсан ч тус улсын парламент Ерөнхий сайд Тереза Мэйн Брюссельтэй хийсэн гэрээг гурван удаа буцаасан билээ.Эцэст нь ЕХ “Brexit”-ийг эхлээд энэ оны тавдугаар сар, дараа нь аравдугаар сарын 31 хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)