“Европыг дахин хүчирхэг болгоно”

Европын Холбооны Зөвлөлийг Герман улс өчигдрөөс даргалж эхэллээ. Германыг тус холбооны нэгдэл, эдийн засгийн хөгжлийн “хөдөлгүүр” гэж үздэг билээ. Тус улс нь Европын Холбооны ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн санхүүгийн хямрал болон Евро бүсийн өрийн хямралаас үүдэлтэй Европын орнуудын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Германы эрх баригчдын байр суурийг заавал харгалзан үздэг. Өнөөгийн хямралын үед Герман нь Европын Холбоонд манлайлагч гэдгээ харуулж, цар тахлын эхний давлагааг амжилттай давжээ. Тус улсын эрх баригчид иргэд, бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн томоохон багц тусламж үзүүлж, Францын удирдагчидтай хамтран Европын Холбооны эдийн засгийг сэргээх хөтөлбөр санаачилсан нь тус холбоог даргалах үедээ баримтлах тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж буй аж.

ХАМТДАА ХӨГЖИНӨ

Герман улс хамгийн сүүлд 2007 оны эхний хагаст Европын Холбооны Зөвлөлийг удирджээ. Тэгэхэд дэлхийн санхүүгийн хямрал дөнгөж эхэлж байсан юм. Харин энэ удаа Герман 13 дахь удаагаа даргын үүрэг гүйцэтгэж байна. Ингэхдээ бие дааж бус, Европын зөвлөлийн дарга Шарль Мишель болон Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррельтой нягт хамтран ажиллах аж.

Германы эрх баригчид “Хамтдаа. Европыг дахин хүчирхэг болгоё” уриа дэвшүүлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийг дахин агуу болгоё” хэмээн 2015-2016 оны сонгуулийн өмнөх кампанит ажлыхаа үеэр хэлж байсантай төстэй юм. Гэхдээ Германы эрх баригчид “Gemeinsam” буюу хамтдаа гэсэн үгийг эхэнд нь байрлуулж, хоёр дахь хэллэгээс цэгээр тусгаарлаж, багаар ажиллахаа онцолжээ.

ОХУ-ТАЙ ХАРИЛЦАХАД ТҮЛХЭЦ БОЛОХ НЬ

Европын Холбооны Зөвлөлийг даргалах нь ОХУ-тай харилцахад түлхэц болох боломж олгоно гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдэв. Тухайлбал, Украин, Сири, Ливийн мөргөлдөөнийг зохицуулах, байгаль хамгаалах, эрчим хүч, эрүүл мэнд, цөмийн зэвсэг хураах чиглэлээр онцгой анхаарч ажиллах аж. Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулах шалтаг одоогоор Берлинд байхгүй ч Москватай яриа хэлэлцээ хийх, найрсаг хөршийн харилцаатай байхыг эрхэмлэх гэнэ. “Герман, Оросын форум” төрийн бус байгууллагаас эрх баригчдадаа Москватай харилцаагаа сайжруулахын тулд Европын Холбоог даргалах үеэ ашиглахыг уриалсан байна. “Коронавирусээс үүдэлтэй дэлхийн хямрал нь олон улс хамтран ажиллах шаардлагатайг дахин нотоллоо. Уур амьсгал, цагаачлал, терроризм, эсвэл олон улсын аюулгүй байдал зэрэг манай гаргийн ганц ч сорилтыг Оросгүйгээр Европын Холбоо даван туулах боломжгүй” хэмээн форумын дарга Маттиас Платцек мэдэгджээ. Тиймээс Европ болон ОХУ хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэхийг тэрбээр уриалаад, ийм боломж Европын Холбоог Герман улс даргалах үед олдоно гэв.

АНУ, БНХАУ-Д ИЛҮҮ АНХААРАХ УУ

Европчуудын хувьд АНУ-тай хамтын ажиллагаагаа хэвийн болгох нь чухал. Татвар, “Умардын урсгал-2”, Европ дахь Америкийн цэрэг, олон улсын хэд хэдэн чухал гэрээнээс Вашингтон гарсан зэрэг Ерөнхийлөгч Д.Трампын үед хуримтлагдсан маргаан хангалттай их. Европын Холбооны бусад улсаас илүүтэй Герман нь Америкийн эрх баригчдын шүүмжлэлийн бай болж, улмаар харилцаагаа хэвийн болгож чадах, эсэхийг таах аргагүй байгаа аж.

ХБНГУ болон АНУ эрчим хүч, батлан хамгаалах, тэрчлэн худалдааны салбарт үл ойлголцсон хэвээр байна. “Умардын урсгал-2” төсөлд оролцсоных нь төлөө Германыг Д.Трамп удаа дараа шүүмжилж, батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүртэл яаралтай нэмэхийг Берлинээс шаарджээ. Үүний сацуу тэрбээр Германаас Америкийн цэргийг гаргахаар төлөвлөж буй.

Хятад нь ХБНГУ-ын хувьд стратегийн түнш юм. Ирэх есдүгээр сард Европын Холбоо, Хятадын дээд хэмжээний уулзалт болох байсныг цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Европын хувьд БНХАУ нэг талаар эдийн засгийн түнш, нөгөөтээгүүр, системийн өрсөлдөгч хэмээн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас хэлсэн байна.

Европын Холбооны Зөвлөлийн даргын үүргийг Герман улс энэ оныг дуустал гүйцэтгээд, ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс Португалд шилжүүлнэ.