"Европт нэг хоногийн дотор 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг мянга гаруй хүн нас баржээ"

Дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн нөхцөл байдал ямар байгааг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа нар танилцууллаа.  

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа,

"ДЭМБ-ын сүүлийн мэдээнд дурдсанаар COVID-19-ийн халдвараар 290 мянга гаруй иргэн халдварласан. Африкийн бүсийн дөрвөн улсад халдвар шинээр бүртгэгдлээ.

Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, мянга хол давсан нас баралт бүртгэгдлээ. Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын Европын бүсээс иргэдэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх заавар гаргасан" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа,

"АНУ-ын Нью-Йорк, Калифорни, Вашингтон мужуудад халдварын тархалт өндөр байна. Эдгээр мужуудад холбооны Засгийн газраас туслалцаа үзүүлэх шийдвэр гаргасан. АНУ-д үндэсний хэмжээнд 30 мянга гаруй иргэн халдвар авч, 400 гаруй хүн нас бараад байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Нью-Йорк мужийн захирагч хэвлэлд ярихдаа "Манай улсад 1930-аад оноос хойших хамгийн хүнд цаг үе нүүрлэлээ. Халдварын тархалт 4, 5 дугаар сард нэмэгдэх хандлагатай байна" хэмээн мэдэгдсэн.

БНСУ-д вирусийн халдвар гадаадаас зөөвөрлөгдөх тохиолдол нэмэгдсэн тул Европын орнуудаас ирж байгаа иргэдээс шинжилгээ авах, тусгаарлах арга хэмжээ авч байна.

Мөн Арабын нэгдсэн эмират улс гадаад улсаас ямар нэгэн нислэг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Харин Саудын араб улсад өнөөдрөөс эхлэн иргэдээ өдрийн цагаар гэрээсээ гарахыг хориглосон.

ЮНЕСКО-гоос дэлхийн 124 оронд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрт 1.2 тэрбум хүүхэд хамрагдаж байна" гэлээ.