ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн ээлжит хурал Монголд болно

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын ээлжит хурлыг 2015 оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулахаар болсон билээ. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын төлөөлөгчид энэ сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Хурлын зохион байгуулалтын талаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын дэд дарга Густаво Пайярэс нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ, ЕАБХАБ нь 57 гишүүн оронтой. Монгол Улс энэхүү байгууллагад хоёр жилийн өмнө элсэн орсон. Мөн хамтын ажиллагааны түнш байгууллагаар 15 орон ажилладаг. Энэ хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралдаан зохион байгуулагдана. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулах хүрээнд өөрийнхөө гадаад байр суурийг бэхжүүлэн дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн гурав дахь хөршийнхөө бодлогыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын бодлогод оролцдог. Тиймээс энэхүү зорилгоо биелүүлэх, мөн ардчилсан институтыг бэхжүүлэх зорилгоор энэ удаагийн хуралдааныг зохион байгуулах хүсэлт гаргасан юм гэлээ. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн Тамгын газрын дэд дарга Густаво Пайярэс хэлсэн үгэндээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн удирдах байгууллага намрын ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар гаргасан хүсэлтийг таатайгаар хүлээн авсан гэдгийг дуулгаад, монголын талаас хуралдаан зохион байгуулах төлөөлөлтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн одоогийн байдлаар хурлын сэдвийг тогтоогүй байгаа бөгөөд Монгол Улсад ажиллаж байгаа баг бол зөвхөн зохион байгуулалтын бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн гэдгээ танилцуулсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)