Д.ЭРДЭНЭСУВД: М.Энхсайхан нууц задруулахгүй гэж гарын үсэг зурсан ч биелүүлээгүй

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд өчигдөр мэдээлэл хийж, сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэлийг тайлбарлав. Тэрбээр “Үндсэн хуульд зааснаар иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нээлттэй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д зааснаар яллагдагч хавтаст хэрэг дэх мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээдэг. М.Энхсайхан байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг нэгбүрчлэн хуулбарлаж авсан байдаг. Улмаар гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Тэрбээр мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх бичигт гарын үсэг зурсан хэрнээ дээрх үйлдлийг гаргасан” хэмээв.

Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас шүүх бүрэлдэхүүнд хандаж, М.Энхсайханы дээрх үйлдэл мөрдөн байцаалтын нууц задруулсан, эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх хүсэлт гаргасан байна. Улмаар түүнийг шүүхэд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр нэг сар хорих захирамж гаргажээ. Түүнчлэн М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдох хугацаанд 24 цаг зогсоогоор нь байлгаж, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл ташаа гэдгийг прокурорын байгууллага тодотгов. Ташрамд дурдахад, сонгуулийн үр дүнд нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нар өчигдөр нийслэлийн Прокурорын газарт очжээ. Хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө тус газраас яллагдагч нарыг дуудаж, хэргийн материалтай нь танилцуулсан гэнэ. Тэд яллах дүгнэлтээ хүлээн авч, гарын үсгээ зурсан байна. Үүнээс гадна Г.Доржзодов тэдний хамт тус прокурорын газраас гарч ирсэн юм. Уг нь шүүхээс захирамж гаргаж, хэргийг нь тусгаарлан, тэднийг хоорондоо уулзахыг хориглосон. Энэ талаар прокуророос тодруулахад “Прокурорын байгууллага хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагч нарыг хамтад нь дуудаж болно. Тиймээс тухайн хүмүүс уулзаагүй, тааралдсан” гэх хариулт өглөө. Иргэн Г.Доржзодов прокурорын байгууллагад хандаж, “Би хэрэгт шүүгчдэгч бус, гэрчээр оролцох ёстой” хэмээн гомдол гаргасан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)