Д.Эрдэнэбат: "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авснаар Монгол Улсад хохирол учраагүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, яллагдагчаар татсан асуудалд АТГ болон хуулийн байгууллагад хандаж байгаа талаараа мэдээлэв. Тэрбээр "Тавдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас намайг дуудаж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсан. Долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авсан. Иргэний хувиар хуулиа биелүүлж, тогтоолтой танилцсан. Ингэхдээ "Танилцав" хэмээн гарын үсэг зурсан. Харин өчигдөр мэдүүлэг өгөөгүй шалтгаан нь мөрдөн байцаагчтай уулзсаны дараа хэвлэлүүдээр ялын үндэслэл, яллагчаар татсан тухай эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд түгсэнтэй холбоотой юм. Эрүүгийн хуульд зааснаар аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурор зөвшөөрөл өгөх ёстой. Би ч иргэнийхээ үүднээс хуулийн дагуу шийдвэрлээд явж ирсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банк болон миний нэр холбогдсон асуудлаар, харин Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нийтэд мэдээлсэн. Энэ бүх асуудал улс төржсөн шинжийг агуулж байна хэмээн хардах үндэслэлтэй болж байгаа юм.

Иймд АТГ болон УЕП-т хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дахь хэсэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр Прокурорын дэргэд мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзлээ. Тиймээс энэ хэргийг хяналтад авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлж байна. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад мөн хүсэлт явуулсан.

49 хувийг худалдаж авахтай холбоотойгоор олон нийтийн санал бодол хуваагдсан байгааг ойлгож байна. Нийгмийн хэсэг бүлэг нөхөд 49 хувийг зарим хүн хулгайлаад, хуваагаад идчихлээ гэж ойлгоод байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчид байсан 49 хувийг Засгийн газар шийдвэр гаргаж, монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар намайг өнөөдөр яллагдагчаар татлаа. Энэ бол улс төрийн шинж чанартай болж эхэлж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)