Д.Эрдэнэбат: УИХ-ын даргыг огцруулах төсөлд АН-ын гишүүд гарын үсэг зурахгүй

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийж, цаг үеийн зарим асуудлын талаар ярилцсан байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр

 “Парламентад болж байгаа үйл явдлыг харахад гишүүдийн үл итгэлцэл, маргаан тэмцэл, бие биеэ гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрлээ. Үүгээр Монгол төрийн үнэлэмж буурч байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ сарын 25-наас мөрдөх гэж байна. Уг хуулийг үндэслэн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах төсөлд гишүүдээр гарын үсэг зуруулаад эхэлсэн бололтой. Гишүүд гарын үсэг зурахдаа итгэл үнэмшлээрээ хандана гэж найдаж байна. Тиймээс ч манай бүлгийн гишүүд УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн тогтоолд гарын үсэг зурсан нь сүүлийн тохиолдол болов уу. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд ямар нэгэн үйл явдал, төслийг дэмжиж гарын үсэг зурахгүй. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах төсөлд МАН-ын гишүүд л гарын үсэг зурна гэж бодож байна. Аливаа асуудлыг бид хуулийн хүрээнд шийдэх ёстой. УИХ-ын даргыг чөлөөлөх үйл явц ч хуулийн хүрээнд өрнөж байна. М.Энхболд даргыг дэмжих олон нийтийн хандлага муудсан нь УИХ-ын нэр хүндтэй шууд холбоотой. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь “УИХ тарах нь зүйтэй” гэж байгаа нь дан ганц дарга гэлтгүй үйл ажиллагаа нь бүхэлдээ асуудал болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гээд УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгууль явуулах ёстой гэх бүлгийн байр суурь нь хэвээрээ болохыг мэдэгдэв.

Энэ удаагийн ээлжит чуулган ирэх сарын 10-нд завсарлах ёстой. Ээлжит чуулганы хугацаанд 50-иас доошгүй хоног хуралдах хуулийн заалт бий. УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой төслийн хэлэлцүүлэг сунжирвал АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардах гэнэ. Гэхдээ тэрбээр “Зөвхөн дарга солих, өөрчлөх талаар хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь учир дутагдалтай. Энэ намрын чуулган эхэлснээс хойш ердөө 2019 оны төсвийг л баталлаа. Нийгэм, эдийн засгийн олон асуудал байсаар атал тэдгээрийг шийдвэрлэх ямар ч хууль баталсангүй. Олон хуулийн төслийн хэлэлцүүлэг хүлээгдэж байна. Ядаж л сайд нарыг чөлөөлж, огцруулан, орных нь хүмүүсийг томилж чадсангүй. Энэ мэт олон асуудлыг УИХ зайлшгүй шийдвэрлэх ёстой” хэмээж байлаа.

Харин “Гишүүн Л.Болдын намаасаа гарах өргөдлийг хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Л.Болд гишүүн АН-ын гишүүн хэвээр байгаа. Тэр АН-ын квотоор сонгуульд нэр дэвшиж, манай намын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр УИХ-д сонгогдсон. АН-ын үндсэн дүрмийн дагуу намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ уламжлах үүрэгтэй. Эхлээд гаргасан өргөдөл нь АН-ын үндсэн дүрэмд нийцээгүй. Тиймээс тэрбээр энэ сарын 17-нд намын анхан шатны байгууллагад өргөдлөө хүргүүлсэн. Нам дүрмээ баримтлан уг асуудлыг шийднэ. Л.Болд гишүүнийг намаас хассан тухай шийдвэрээ ирүүлбэл УИХ дахь намын бүлгээр хэлэлцэнэ” хэмээн хариулав.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)