Д.Эрдэнэбат: Төр тухайн үед "Эрдэнэт"-ийн 49 хувийг авах боломжгүй байсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт томилолттой байх үеэр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой мэдээллүүд их явсан байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдлийг ч харсан. Дутуу зүйл их байна лээ. Юуны өмнө Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь их зөв шийдвэр гэж үзэж байна. Гэхдээ зөвхөн нэг талын мэдээллээр иргэдийн тархийг угааж болохгүй. Ил болгосон материал дунд ОХУ-ын Ростех компанийн захирлаас ирсэн бичгийг орос хэлнээс орчуулалгүй шууд нийтэд тараасан байсан. Үүнийг Монгол хэлнээ хөрвүүлэн олон нийтэд ил болгоосой гэж хүсэж байна. Тус бичигт төр яагаад 49 хувийг худалдаж авах мөнгийг гаргах боломжгүй болсон бэ гэдгийг нотолсон. 49 хувийг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй хугацаагаар тогтоосныг гэрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт ажлын 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ хугацаанд төр 400 сая америк долларын асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Зарим хүн мөнгө босгоод авчихаж болох байсан гэж ярьж байна лээ. Ярих, хийх хоёрын хооронд асар их зөрүү бий. Тиймээс тухайн нөхцөлд хамгийн боломжит байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Би сайдын хувьд зарчим, бодлого хоёрын шийдвэр дээр бат зогссон. Учир нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болох нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа хэвээрээ байна. Засгийн газрын хамтын шийдвэр зөв байсан. Улс төрийн биш эдийн засгийн хэлээр ярьж сураасай гэж хүсэж байна. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улсад 70 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 2018 онд ес дахин нэмэгдсэн. 

49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. ОХУ-ын гаргасан саналыг Монголын төр хэлэлцээд, өөрсдөө авсан нь хулгайн үйлдэл биш. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Түүнээс гадна тухайн үед 49 хувьтай холбоотой хэргийг Төрийн гурван өндөрлөг мэдээгүй байсан гэдэг бол худал мэдээлэл гэж бодож байна. Ерөнхий сайд нь л мэдээд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэдээгүй байсан байж таарахгүй" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)