Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд зээл авсан 2 сайддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй

АН-ын бүлэг хуралдаж, хурлаар гарсан шийдвэрийг танилцууллаа. АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярихдаа, “Хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлсэнтэй холбогдуулж, гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Хоёрдугаарт, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсанд Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн шийдлээ. 

Эхнийх нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавьсан. Энэ байр суурь одоо ч хэвээрээ байгаа. Мөн ЖДҮХС-гийн зээлийг өөрсдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайдад хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн хоригийг АН дэмжинэ. 2019 оны Монгол Улсын эдийн засагт хамгийн их эрсдэл авчрах төсөв болсон учраас зайлшгүй эргэж харах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавиач гэж хүсэлт тавьсан. Хориг тавихад хэд хэдэн үндсэн шалтгаан бий.

  1. Энэ төсөв зардал хасах бүрэн боломжтой.
  2. ХАА-г дэмжих ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байна. 
  3. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас бусад шаардлагагүй санг хаах ёстой. 
  4. Зураг төсөлгүй орж ирсэн хөрөнгө оруулалтыг 209 оны төсвөөс хасах нь зүйтэй. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, “АН ард түмний хүсэлтэй нэг байр суурьтай байх болно. Засгийн газрыг огцруулах тухай асуудалд АН-ын гишүүд болон бүлгийн зүгээс тодорхой байр суурь баримтлахгүй байна гэсэн яриа гадуур байх шиг байна. ЖДҮХС-гаас мөнгө авсан гишүүдийг огцруулах, 60 тэрбум төгрөгийн асуудал гээд хариуцлага тооцох  ёстой гэсэн ард түмний  байр суурьтай  АН-ын бүлэг нэг байгаа” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)