Д.Энхбатын хөвгүүд аавынхаа нэр төрийг сэргээлгэхээр прокурорт дахин хандлаа

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан Дамирангийн Энхбатыг шалгах болж, Б.Хурц зэрэг ТЕГ-ын тусгай ажилтнууд 2003 онд түүнийг Франц, Бельги, Германы хилээр дамжуулан хулгайлан авчирсан нь тухайн үед дуулиан тарьж байв. Гэвч түүнийг Монголд авчирсны дараа өмнөх хэргүүдэд нь ял шийтгэн хорьсон билээ. Удаан хугацаанд хоригдох явцад Д.Энхбат өвчний улмаас амиа алдсан юм. Түүний хөвгүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан өргөдөл гаргажээ. Тэд “Бидний аав Д.Энхбатад хилс хэрэг тулган эрүүдэн шүүж, амийг нь хохироосон гэм буруутай хүмүүсийг тогтоон, талийгаач аавын минь нэр төрийг сэргээж өгнө үү. 

2003 онд бидний аав Д.Энхбатыг Франц улсаас хүч хэрэглэн хулгайлж, мансууруулах тариа, шингэн хэрэглэж ухаангүй байдалтайгаар Европын Холбооны гурван улсын хилийг хууль бусаар нэвтрүүлэн, Монголд авчран, тусгай байранд эрүүдэн шүүж, С.Зориг агсны хэрэгт хүн гүтгэх, хилс хэрэг хүлээлгэхээр шан харамж 500 сая төгрөг, гадаад паспорт амласан байдаг. Гэтэл аавыг минь хулгайлсан хүн ТЕГ-ын дарга, генерал болтлоо албан тушаал дэвшсэн. Бидний аав Д.Энхбат нь УИХ-ын гишүүн С.Зоригийн амиа алдсан хэрэгт холбоогүй, улс төрийн явцуу эрх ашиг, бүлэглэлүүдийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэдэгт бид эргэлзэлгүй итгэдэг” хэмээжээ. Уг өргөдлийнхөө хувийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-аас байгуулсан, С.Зоригийн амиа алдсан хэргийг шалгах түр хорооны гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЭҮК-т хүргүүлсэн аж.

Өмнө нь тэд 2010 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд ийм өргөдөл гаргаж байсан юм. Гэвч тэр үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын орлогч нар өргөдлийг ТЕГ луу шилжүүлж, тэндээс хариу өгнө хэмээсэн ч өдий болтол хариу өгөөгүйг тэд өргөдөлдөө онцолсон байв.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)