Д.ШҮРХҮҮ: Хөрөнгө оруулалтын орчинд эрх ашгийн эрэмбэ, үндэслэлтэй тооцоо, судалгаа алдагдсан

Уншигч-сурвалжлагч М.АЛТАНБАГАНА
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм,
эдийн засгийн газар зүйн салбарын эрхлэгч, доктор

Зочин Д.ШҮРХҮҮ
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн
Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана манай сонины энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар ажиллалаа. “Ховд” их сургуулийн захирал асан тэрбээр хөгжлийн эдийн засаг, тэр дундаа бүсчилсэн хөгжлийн талаар дагнан судалдаг аж. М.Алтанбагана өөрийн судалгааны сэдвийг олон улсын нөхцөлтэй холбон, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүүгийн байр суурийг сонсов. Хоёр судлаачийн яриа нэгийг өгүүлэх нь дамжиггүй.

-Монголын хөгжлийг олон улсын геополитиктэй холбож ярилцвал зөв гэж бодож байна. Олон улсын харилцаа Монголын хөгжилд нөлөөлж, зохих үр дүн өгөх ёстой гэж боддог. Бүс нутгийн эдийн засгийн интеграц гэж бий. Монголын зүүн гурван аймаг Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцад орох боломжтой. Төв Азийн буюу станы орнуудын интеграцад төвийн болон баруун бүс мөн л орох боломжтой. Монгол Улс Зүүн хойдоос Төв Ази хүртэл сунаж тогтсон газар зүйн байрлалтай. Энэ давуу талаа ашиглан, бүс нутгийн эдийн засгийн интеграцад хэрхэн нэгдэх вэ. Таны бодлыг сонсъё.

-Монгол Улс бүс нутгийн интеграцад орох нь асар өргөн ойлголт. Хөгжил хийгээд аюулгүй байдал, Монгол орны давуу тал, өвөрмөц онцлогтой холбоотой адармаатай асуудал. Манай улс Сингапур, Хонконг, Тайвань шиг жижиг нутаг дэвсгэртэй байсан бол хөгжихөд их амархан. Гэтэл бусад том улстай адил зам, тээврээ хөгжүүлэх, хүн амаа ажлын байраар хангах, байгаль орчноо хамгаалах гээд бүхий л бэрхшээлтэй тулгардаг.

Манайд эрх ашгийн эрэмбэ байхгүй болсон нь бүс нутгийн интеграцад орох бодлогыг тодорхойлох гол дутагдал болж байгаа. Социализмын үед төлөвлөлт харьцангуй сайн байлаа. Баруун бүсэд ийм үйлдвэр барина гэх мэтээр маш олон төлөвлөлтийг дэс дараатай хийж ирсэн. Одоогийн ардчилсан нийгэмд гадаадын хөрөнгө оруулалт ч юм уу, зах зээлийн хандлагыг дагаад уялдаа холбоогүй бүтээн байгуулалт хийж байна. Ийм нөхцөлд бүсчилсэн хөгжлийг оновчтой төлөвлөх, ялангуяа хөрш зэргэлдээ орших интеграцтай уялдуулах нь бодлогын түвшинд ярвигтай болсон. Манайхан алдаа дутагдлаа залруулах гэж хүчин чармайлт их гаргасан.

Ингээд бүсчилсэн хөгжлийн олон төсөл, төлөвлөгөө боловсруулсан боловч тэр нь хэрэгжих нөхцөл бололцоо байгаагүй. Хэрэгжээгүй шалтгаан нь төр, засгийн шийдвэр гаргах механизм алдагдсантай холбоотой. Бид хөгжлийг маш хялбар байдлаар ойлгож байгаа. Гадаадын том хөрөнгө оруулалт татаад хөгжинө гэж хэсэг хүн ярьдаг. Өөр нэг хэсэг нь гадаадын зээл, тусламж авч хөгжих гэж оролдож байна. Бас зарим хэсэг төр, засаг л анхаарчихвал хөгжчих юм шиг боддог. Эцсийн дүндээ тухайн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, лобби бүлэг хэр сайн ажиллана, тэр хэмжээгээр тийш нь хөрөнгө оруулалт төвлөрүүлээд явж байгаа.

Өөрөөр хэлбэл, ямар ч төлөвлөлт зохион байгуулалтгүй, урсгалаараа яваад байгаа гэсэн үг. Энэ бол бодлого, тэнцвэр алдагдсаныг харуулж буй хэрэг. Тэнцвэр алдагдсаны тод жишээ бол Өмнөговь аймаг. Тэнд зэс, нүүрсний баялаг орд нээснээр хөрөнгө оруулалт, техник, технологи тийшээ төвлөрч байна. Ингээд тэнцвэр алдагдахаар бусад бүсийн хөгжил удаашраад эхэлж байгаа юм. Үүнийг яаж зөв голдиролд нь оруулах вэ гэдэг асуудал юуны түрүүнд тулгарах нь.

-Өмнөх асуултаа арай тодруулъя. Монгол Улсын гадаад худалдааны хөтөлбөрийг 2014 онд баталсан. Үүнд “Монгол Улс эдийн засгийн интеграцад нэгдэнэ” гээд заачихсан. Бид бүс нутгийнхаа интеграцад нэгдэж чадсан уу, нэгдээгүй байна уу. Хэрэв нэгдвэл ямар стратеги баримтлах вэ?

-Монгол Улс хоёрхон том хөрштэй хиллэдэг өвөрмөц байрлалтай. Мөн том эдийн засагтай орнуудад ойрхон байдаг. Ирээдүйд хамгийн их тэлэх магадлалтай Зүүн болон Зүүн хойд Азийн бүс нутагт илүү ойрхон. Манай экспорт, импорт тэлж байгааг харвал интеграцад гүнзгий орсон юм шиг харагддаг. Гэтэл импорт, экспорт, хөрөнгө оруулалтын бүтцээ харахаар нэг орон давамгайлсан. Бүх оронтой жигд харилцсаныг интеграцад нэгдсэн гэх үү, эвсэл хоёр оронтой харилцсаныг хэлэх үү гээд аваад үзвэл их сонин ойлголт. Хэрэв бүх оронтой жигд харилцсаныг хэлж байгаа бол Монгол Улс интеграцад ороогүй. Хятад руу бараа түүх эд, эрдэс баялгийнхаа 90 хувийг экспортолж байна.

Гадаад худалдааныхаа 70-80 хувийг хойд, өмнөд хөрштэйгөө хийж байна. Ингэхээр бүс нутгийн интеграцад орчихсон юм шиг. Бидний хэтийн зорилго юу гэвэл үр ашигтай худалдаа хийх явдал. Эдийн засгийн интеграцын үр өгөөж Монгол Улсын хөгжлийг тэтгэж чадаж байна уу гэдэг үүднээс хандах ёстой. Сүүлийн үед Монгол, Хятадын худалдааг 10 тэрбум ам.доллар хүргэнэ гэх мэт том тоо ярьж байна. Энэ нь тоон үзүүлэлт талаас сайн мэт боловч интеграцын үр өгөөжийг хэрхэн тооцох вэ гэдэг асуудал бий. Худалдааны хэмжээ тэлсээр байгаа хэрнээ түүхий эдээ хямд үнээрээ нийлүүлээд байвал Монгол Улс зах зээлийн шуурганд хялбар өртөнө. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унахад л хямарна.

...Хятад, Япон гэх мэт Зүүн Азийн зах зээлд ямар бүтээгдэхүүнээрээ оролцвол өрсөлдөж чадах вэ гэдгийг тодорхойлоод, түүнийгээ хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах уу, дотоодын нөөц бололцоог дайчлах уу гэх мэт тооцоо хийж, нарийн зохион байгуулалттай ажиллах ёстой юм. Ингэж ажиллахгүй байгаагаас төлөвлөж чадахгүй байна. Үүнд улс төрийн тогтворгүй байдал, төрийн албан хаагчдын халаа сэлгээ гэх мэт олон зүйл нөлөөлж байгааг үгүйсгэхгүй...

Тиймээс бид бүс нутгийн интеграцад нэгдэхдээ худалдаа, эдийн засаг, хөдөлмөрийн хуваарьт жинтэй байр суурь эзлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Ингэхдээ давуу тал, боломждоо түшиглэх нь зүйн хэрэг. Ойрын 10-20 жилд Монгол Улсын тэргүүлэх чиглэл болж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүндээ хэрхэн нэмүү өртөг шингээж, яаж интеграцад орох вэ гэдэг асуудлыг илүүтэй ярих хэрэгтэй байна. Интеграцад орох, зохистой шийдэл хийхэд ойртчихсон байна гэж би боддог.

Бид бүс нутагт юу нийлүүлж чадахаа бараг тодорхойлчихсон. Одоо зах зээлд хүргэх дэд бүтцээ хөгжүүлэх, эрх зүйн болон бусад зохицуулалт хийж чадвал эхний ээлжинд ойрын хөршүүдтэйгээ ашигтай худалдаа хийх боломж харагдаж байгаа. Наад зах нь төмөр замаа хурдан бариад, транзит тээврийн гэрээнүүдээ хийгээд, том ордуудаа хөгжүүлэх иж бүрэн төлөвлөгөө гаргавал маш хурдан үр дүнд хүрнэ. Дээрээс нь эрчим хүчний эх үүсвэрүүдээ найдвартай болгох хэрэгтэй. Мөн орон зайн зөв төлөвлөлт хийх ёстой болчихоод байна. Жишээ нь, “Оюутолгой”-н эрчим хүч, тээврийг яаж шийдэх вэ гэх мэт дангаарчилсан төлөвлөлт хийж ирлээ.

Одоо бүс нутгаа таталцлын төвүүдэд нь тулгуурлаж хөгжүүлэх ёстой. Шинэ цахилгаан станц барьж, төмөр замаа тавьж, гадаргын усыг ашиглаж чадахгүй байна. Монголын эрх баригчид хоёр зүйл дээр зоригтой шийдвэр гаргах ёстой гэж би боддог. Нэгдүгээрт, үндэсний эрх ашгаа тэргүүнд тавих, хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчдын хатуу шаардлагыг оновчтойгоор няцааж, харилцан ашигтай байдал руу оруулах. Төмөр зам тавьж чадахгүй хойшлуулаад, цахилгаан станц, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барих гээд урагшлахгүй байгаагийн гол шалтгаан нь үндэсний эрх ашгаа дээдлээд, мэргэжлийн хүмүүсээрээ зөв, үндэслэлтэй судалгаа гаргуулахгүй, гол төлөв гадаадын хөрөнгө оруулалтад хөтлөгдсөнтэй холбоотой. Манай эрх баригчид, хууль тогтоогчид шинжлэх ухааны хандлагатай, улс эх орныхоо эрх ашгийн үүднээс гадаад, дотоод хөрөнгө оруулалтын тэнцвэртэй, харилцан ашигтай байдлыг харгалзсаны үндсэн дээр зөв шийдвэр гаргасан бол хөгжил хурдсах байлаа.

-Орон зайн төлөвлөлт алга гэж хэлсэнтэй тань санал нэг байна. Хуучин нийгэмд Төлөвлөгөөний комисс ажиллах байхад орон зайн төлөвлөлт маш сайн хийдэг байсан юм билээ. Аль байрлалд, ямар салбарт тэргүүн ээлжинд хөрөнгө оруулах вэ, тэр нь бусдадаа ямар нөлөөтэй вэ гээд сайтар уялдуулдаг байсан. Тэгвэл одоо салбар салбартаа л төлөвлөлт хийдэг болсон. Хөрөнгө оруулалтыг газрын зураг дээр буулгаж, үндэсний эрх ашгийн үүднээс эрэмбэлэх нь маш чухал. Ингэж төлөвлөхгүй байгаа учраас бүс нутгийн интеграцад нэгдэнэ гэсэн бодлогын зорилт хэрэгжүүлж чадахгүй гэж бодож байна.

-Бодлого, төлөвлөлт хийдэг мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, мэргэшүүлэх нь аль ч салбарт дутагдалтай байна. Хуучин Төлөвлөгөөний комисс гэх мэт газарт олон жилийн туршлага, судалгаатай мэргэжилтэн цөөнгүй байсан. Зах зээлийн үед төлөвлөлт хэрэггүй гээд энэ талыг нь хаячихсан. Үүнээс гадна эрх баригчид эрдэмтэн, мэргэжилтнүүдээ сонсдог, заавал тэдний саналыг сонсож байж төсөл, хөтөлбөр гардаг механизм шаардлагатай. Бүс нутгийн интеграцад нэгдэхийн тулд хөрш зэргэлдээ орнуудын нөхцөл байдлыг ойлгодог, мэддэг мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байна. Дотооддоо л дангаар нь төлөвлөөд байх нь хангалтгүй. Дэлхийн хандлага, хөрш орнуудын бодлого маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Өрсөлдөөн цаашид улам ширүүснэ.

Хятад, Япон гэх мэт Зүүн Азийн зах зээлд ямар бүтээгдэхүүнээрээ оролцвол өрсөлдөж чадахаа тодорхойлоод, түүнийгээ хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах уу, дотоодын нөөц бололцоог дайчлах уу гэх мэт тооцоо хийж, нарийн зохион байгуулалттай ажиллах ёстой юм. Ингэж ажиллахгүй байгаагаас төлөвлөж чадахгүй байна. Үүнд улс төрийн тогтворгүй байдал, төрийн албан хаагчдын халаа сэлгээ гэх мэт олон зүйл нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Бидэнд өөрсдийгөө дүгнэх мониторинг үнэлгээ их чухал. Манай бүсүүд хөгжлийн ямар чадвартай, өрсөлдөх чадвар нь хэр зэрэг байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Монгол Улс зах зээлийн хувьсал өөрчлөлтийг дагаж дарвиад баймааргүй байгаа юм. Жишээ хэлье. Манай улс нүүрснээс шатахуун, хий гаргах 10 гаруй төсөлтэй болсон байлаа.

Үүний дараа хүрэн нүүрсийг шатааж, эрчим хүч гаргах 10 гаруй төсөлтэй болсон. Одоо сэргээгдэх эрчим хүчний 20 гаруй төсөл зэрэг хэрэгжүүлэхээр ярьж байх жишээтэй. Ийм замбараагүй байдал манай улсын хүчийг тарамдуулж буй. Хэн дуртайд нь эрх олгоод, тэр болгон нь хөрөнгө оруулж, эрчим хүчний эх үүсвэр бариад байдаг зах зээл манайх биш. Шал дэмий өрсөлдөөн, хий дэмий хөрөнгө үрсэн ажил Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нүүрс хийжүүлэх төслүүд бүгд унасан. Одоо сэргээгдэх эрчим хүчний олон төслийг зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Мэргэжлийн хүмүүсийнхээ санал, зөвлөгөөг дагахгүй байна шүү дээ. Алсагдсан бүс нутагт эрчим хүч дутагдалтай. Гэтэл үйлдвэрлэл хөгжсөн төвийн бүс рүү шинэ төслүүд шаваад байна. Эцэстээ энэ олон төлөвлөлтгүй төсөл төвийн эрчим хүчний системд сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Шинжлэх ухааны үндэслэлгүй, орон зайн төлөвлөлтгүй, эрх ашгийн нийцэлгүй байгаагийн илрэл энэ мөн биз.

-Судалгааны явцад бодлогын тодорхой бус байдал хөрөнгө оруулалтын эмх замбараагүй байдлыг бий болгосон нь харагдсан. Жишээ нь, бүсчилсэн хөгжил, хүн ам зүй, аж үйлдвэржилтийн бодлого тодорхойгүй байна. Ийм байхад хөрөнгө оруулалт замбараагүй байх нь гарцаагүй. Үндэсний хөгжилд хэрэгцээтэй, таны түрүүнд хэлсэн эрх ашгийн эрэмбийг дагасан хөрөнгө оруулалт алга. Яаж тодорхой бодлоготой болох вэ?

-Бодлогын тодорхойгүй байдал гэдгийг тодруулах хэрэгтэй. Монгол Улс сүүлийн 20 жилд баахан цаас “үйлдвэрлэлээ”. Гадаадын зээл, тусламжийг үрж, өчнөөн төсөл, хөтөлбөр боловсруулсан. Үр дүнд хүрсэн хөтөлбөр нэг ч байхгүй. Үүнийг хоёр зүйлтэй холбомоор санагддаг. Бодлого боловсруулж байгаа аргачлал, хүний нөөцийн чадвараас нэгдүгээрт шалтгаалж байна гэж боддог. Хөрөнгө санхүү муутай, цаг хугацаанд хавчигдсан нөхцөлд хуулбарлах байдлаар бодлого боловсруулахаар тунхаг, “хүслийн жагсаалт” болчихоод байгаа юм. Бодлогын баримт бичгийн шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

Үүний төлөө Засгийн газар хангалттай санхүүжилт гаргаж, захиалга өгч ажиллах хэрэгтэй. Төсөв мөнгөтэй байж чадвартай хүмүүс ажиллана. Сайн үр дүн гарна. Хоёрдугаарт, үндэслэл сайтай бодлого гарч ирвэл түүнтэй уялдуулаад, тэнд уурхай нээнэ, цахилгаан станц барина, энд боловсруулах үйлдвэр барина гэсэн дүр зураг гарна. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барихад дагуулаад төмөр зам тавьсан, усан хангамжийг шийдсэн, цаашлаад нийгмийн асуудлыг нь зохицуулахын тулд хивсний үйлдвэр хүртэл барьж байлаа. Жишээ нь, өмнөд бүсэд уул уурхай, аж үйлдвэрлэл хөгжүүлэх гэж байгаа бол цогцоор нь шийдэх ёстой гэж боддог.

Авто болон төмөр замын сүлжээ бий болгоод, хот байгуулалт, усан хангамжийг нь шийдэх ёстой. Архангай, Увс аймгийн төвд “Гудамж” төсөл хэрэгжүүлээд замын сүлжээг сайжруулчихаж байгаа юм. Зүй нь Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг тэр мөнгөөр хөгжүүлэх ёстой байсан. Эхлээд эдийн засгийн өндөр үр ашиг өгөх зүйлдээ хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн санааг үүгээр илэрхийлэх гээд байна л даа. Монгол Улсын хамгийн их хөл хөдөлгөөн хойд чиглэлд байна. Гэтэл баруун бүс рүү өчнөөн урт зам тавьчихсан. Хойд чиглэлд асар олон машин зөрчиж байна. Хойд чиглэлийнхээ замын сүлжээг сайжруулсан бол эдийн засгийн үр ашигтай байх байлаа.

-Эрх ашгийн эрэмбэгүй, тооцоо судалгаагүй төлөвлөлтийн жишээ болгож эрчим хүчний салбартай холбоотой нэгэн зүйл дээр таны байр суурийг сонсъё. Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно гэж 10-аад жил ярьж байна. Манайх нүүрс болон нар, салхи, уснаас эрчим хүч гаргаж авах асар их нөөцтэй. Худалдаж авах зах зээл нь ч байна. Урагшаа нэг ч алхуулж чадахгүй ярьсаар л байгаа. Асуудал нь эрх ашгаа эрэмбэлж чадахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийхгүй байгаатай холбоотой л байх. Гэхдээ эрчим хүчний том төсөл хэрэгжүүлэхийг зогсоох хоёр хөршийн бодлого байна уу, үгүй юү?

-Аливаа улс орон эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Ялангуяа бүс нутаг, дэлхий дахинд нөлөөтэй их гүрнүүд нөлөөний хүрээгээ тэлэх, эрх ашгаа хамгаалах, тулгах тал руугаа явдаг. Түүнээс биш, зөвхөн Монголыг хохироох гэж байна гэсэн талаас харж болохгүй. Их гүрнүүд нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Энэ бол бараг жам ёсны зүйл. БНХАУ, ОХУ ч гэлтгүй ямар ч улс орон эрх ашгаа л хамгаална. Хоёр том гүрний дунд байдаг жижиг Монголд өндөр хэмжээний нөлөөтэй ч байж мэднэ.

Бид юманд бизнесийн энгийн зарчмаар хандаж шийдэж чадахгүй байна. Монголчууд эрчим хүч экспортолно гэж үзвэл бүс нутгийн хэрэглэгчдийн зах зээлийг эхлээд судлах ёстой. Хятадын зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ ямар вэ, аль бүсэд нь эрчим хүч дутагдаж байна гэдгийг судлах шаардлагатай. ОХУ бол эрчим хүч экспортлогч учраас манайхаас авахгүй. Хятадаас цаашлаад бид Япон, Солонгост л эрчим хүч нийлүүлнэ. Иймээс нэлээд тооцоо судалгаатай байж эрчим хүч экспортолно гэж ярих нь зүйтэй. Хятадын талаар хэдэн баримт хэлье. Ерөнхийд нь авч үзвэл Хятад эрчим хүчний хомсдолтой орон. Харин Монголтой хиллэдэг хойд хэсэг нь эрчим хүчний илүүдэлтэй.

Цахилгаан эрчим хүчний хувьд зүүн, зүүн хойд бүс нь хомсдолтой байдаг. Бүтцээр нь яривал байгалийн хий, газрын тосоор дутагддаг, том импортлогч орон. Нүүрсийг бол тэднийх авахгүй ч байж болно. Хятад ойрын үед өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч экспортлох сонирхолгүй байгаа. Ингээд үзэхээр Монгол Улс алсдаа гэхээс биш өнөө маргаашгүй экспортлогч болох боломжгүй. Би эрчим хүчний мэргэжилтэн биш учраас нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ зарчмын хувьд Монгол Улс том үйлдвэрлэгч болсныхоо дараа экспортлогч болох учиртай. Гэтэл манай эрчим хүчний үйлдвэрлэл маш жижиг.

Өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих гэхээр нэг том асуудал үүсэж байх шиг. Мөнөөх цахилгаан станц нь бие дааж ажиллах уу, дотоодын эрчим хүчний системтэй холбогдох уу гэдэгт учир бий. Хэрэв бие дааж ажиллана гэвэл Шивээ-Овоо юм уу, Бөөрөлжүүлтийн нүүрсний ордод одоогийн суурилагдсан хүчин чадлаас хэд дахин том цахилгаан станц бариад, өндөр чадлын дамжуулах шугам татаад экспортолж болно. Энэ тохиолдолд хэний хөрөнгийг оруулах, ямар үнээр зарах вэ, монголчууд хянаж чадах уу гэсэн асуудлыг шийдэхэд хангалттай. Харин нөгөөх станц эрчим хүчний дотоод сүлжээнд холбогдоно гэвэл манайдаа тохирсон чадалтай барих хэрэгтэй болно. Тэгэхээр бид олон хүчин зүйл харгалзан үзэж байж экспортлогчийн асуудлыг ярих хэрэгтэй. Монгол ерөнхийдөө өсөлтийн хүндрэл бэрхшээлтэй тулгарчихаад байгаа орон л доо.

-Баруун бүс бараг бүхэлдээ, төвийнх багагүй эрчим хүч ОХУ-аас авч байна. “Оюутолгой” компани Хятадаас авч байна. Тогтвортой хөгжих гол хэрэглээ эрчим хүч. Та бодлогогүй байгааг жишээгээр маш сайн ярилаа.

-Дахиад цөөн зүйл хэлье. Макро орчноо харахад хэцүү байгаа нь ойлгомжтой. Бид бас микро түвшиндээ маш олон алдаа хийж байна. Эрчим хүчний эрэлт хэрэгцээгээ урьдчилан тооцоолоод дунд болон том оврын цахилгаан станц яаралтай барих шаардлагатай гэсэн шийдлийг аль эрт гаргасан. Гэтэл түүнийгээ хийж чадаагүй. Жишээ нь, Өмнөговьд нүүрсний уурхай нээх нь тодорхой байсан. Гэтэл “Энержи ресурс” компани Ухаа худагийн уурхайгаа ажиллуулахын тулд жижиг станц барьсан.

Мөн Өмнөговь аймгийн төвд жижиг оврын, хуучирсан технологитой цахилгаан станц барих жишээтэй. Бид төлөвлөлт, эдийн засгийн үндэслэлээ зөв хийгээд Өмнөговьд том хүчин чадалтай нэг станц барьчихсан бол эрчим хүчний дутагдал хэсэгтээ гарахгүй байх байлаа. “Оюутолгой”-н бүтээн байгуулалт 2009, Тавантолгойн ордод 2010 оноос том компаниуд ажиллаж эхэлсэн. Гэтэл өдий хүртэл эрчим хүчний хангамжийг нь шийдчих зоригтой шийдвэр гаргаагүй л байна.

Бид эдийн засгийн тэлэлтийг оновчтой хийж чадахгүй байгаагийн бодит жишээ энэ. Төмөр зам тавих гэхээр л өргөн царигаар, үгүй нарийнаар тавина гээд маргана. Цахилгаан станц барих гэхээр тэнд баривал тэгнэ, энд баривал ингэнэ гээд хэрэлдэнэ. Зөв шийдлийг нь олоод, ажлаа эхэлчихсэн бол аль эрт дуусчихсан байх байлаа. Өрнөдийн тодорхой жишээ харъя л даа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар монголчууд маргалдаад сууж байхад цаадуул нь тооцоогоо хийж л байсан. Тэгээд эхлэнгүүт л графикийн дагуу ажиллачихаж байна. Манайд бол жижиг төсөлд ч төлөвлөлт алга. Эрх баригчид гаргасан шийдвэрээ хамгаалж чадахгүй унагаж байна. Улстөрчид, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд нийцүүлээд шийдвэрээ өөрчлөөд байна. Гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлсэн бол өнөөгийнхөөс илүү хөгжсөн байх нь эргэлзээгүй.

-Монгол, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор нээхээр ярьж байгаа. Баруун бүсэд төмөр зам, авто замын коридор байгуулахаар болсон. Мөн зүүн талаар төмөр замын хоёр, авто замын нэг коридор нээнэ. Төвийн бүсээр авто болон төмөр замын коридор дайрна. Хүн ам нь тархан суурьшсан, хөдөө аж ахуйн болон байгалийн баялгийн нөөц ихтэй Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлого зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Зүүн болон баруун бүсэд эдийн засгийн коридор нээх нь бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцэж байна. Гэтэл зүүн, баруун бүсэд эдийн засгийн коридор нээхдээ тооцоо судалгаа хийж, үр ашигтай нөхцөл байгуулна гэж заасан. Хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод суурьшчихсан байгаа. Хүнгүй газар эдийн засгийн үр ашиггүй байх нь гарцаагүй. Эдийн засгийн хувьд үр ашиггүй байлаа гэхэд үндэсний эрх ашгийн үүднээс харвал зүүн, баруун бүсэд төмөр зам тавих хэрэгтэй гэж боддог. Хөгжлийн хөшүүрэг байхгүйгээс шалтгаалаад хүн амны нүүдэл төв рүүгээ чиглэсээр л байна шүү дээ.

-Эдийн засгийн коридорыг бүгдийг нь нээж чадвал Монгол Улсад маш ашигтай гэдэг нь тодорхой. Гэхдээ хэтрүүлж хэлбэл, утопи шинжтэй, хэрэгжих үндэслэл муутай төслүүд. Ялангуяа богино хугацаанд хэрэгжих үндэслэлгүй төслүүд байгаа юм. Жишээ нь, Монгол Улсын транс төмөр замыг шинэчилнэ гэж ярьж байна. 1100 км урт төмөр замыг шинээр тавихын дайтай шинэчлэл ярьж байна. Дээрээс нь авто зам тавибал өчнөөн тэрбум ам.доллар шаардана.

Төмөр замын шинэчлэлийг эрчим хүчний шугамтай нь хамт шийдэхэд 5-10 жилийн хугацаа, 10-20 тэрбум ам.долларын хөрөнгө хэрэгтэй. Дахиад хэлэхэд, эрэмбэ дараатай хөгжүүлэх хэрэгтэй. Хятад шиг олон сая хүн төвлөрөн суудаг, үйлдвэрлэл хөгжсөн, зах зээл нь бэлэн газар тооцоо, судалгаа хийхэд хялбар. Төмөр зам тавилаа гэхэд тэр дороо үр ашгаа өгөөд явчихаж байна. Гэтэл Монгол Улсад хүн ам сийрэг газар төмөр зам тавивал эдийн засгийн үр ашиггүй байж магадгүй. Хүн амгүй газарт зам тавихаас илүү үр дүнтэй бүсэд нь эхлээд хөрөнгө оруулах хэрэгтэй. Тиймээс ойрын ирээдүйд төвийн бүсдээ илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Замын-Үүд, Алтанбулагийн тээвэр ложистикийн үйлчилгээг сайжруулаад, төмөр зам, авто замаа шинэчлээд, сайжруулчихвал энэ коридор Ази, Европыг холбосон том гарц болно. Үүнтэй зэрэгцүүлээд өмнөд бүсийн цогц төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Дараа нь баруун, зүүн бүсээ хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Төслүүдээ үр ашгаар нь эрэмбэлээд, төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Бид өргөс авсан мэт хурдан өөрчлөгдөж чадахгүй л байх. Улс орны чадамж муу, улс төрийн дотоод тэмцэл, их гүрнүүдийн оролцоо их байна. Гэхдээ зөв чиглэлд бага багаар урагшлах хэрэгтэй байна. Ингэж чадвал бага боловч сайн үр дүнд хүрнэ.

Мөн хөгжлийн нэг гол асуудал нь байгаль экологи. Үүнийг тооцоолохгүйгээр тогтвортой хөгжлийн тухай ярилтгүй. Орон зайн төлөвлөлтийн хамгийн чухал нь аюулгүй байдал, түүн дотор экологийн асуудал байдаг. Орон нутгаа хөгжүүлнэ гээд газар сэндийчээд, модыг нь огтолж болохгүй. Эдийн засгийн үр ашгаас гадна экологийн тэнцвэрт байдлыг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Үндэсний болон орон нутгийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддагтаа орон зайн зөв төлөвлөлт давуу талтай. Одоогийнх шиг ашгийг нэгдүгээрт тавьж болохгүй. Хөрөнгө оруулагчид сонирхохгүй байх нь хамаагүй, улс, орон нутаг, иргэдийн эрх ашгийн үүднээс хөгжлийн төслүүдээ төлөвлөх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)