Д.ЧИМЭД-ЮНДЭН: Төр, засгийн тэргүүний аюулгүй байдлыг биечилсэн байдлаар хангах ямар ч боломжгүй

Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгохоор дарга нь нэлээд эрчимтэй хөөцөлдөж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Ийнхүү салгах нь зөв, эсэхийг тус газрын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэнгээс тодрууллаа.

-ТТХГ-ыг тагнуулын байгууллагын харьяанаас гаргах тухай ярих боллоо. Та энэ газрыг удирдаж, бас ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, аль алийнх нь ажлын онцлог, мөн чанарыг мэдэх хүний хувьд үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Өнөөдөр энэ асуудлыг тойрсон асуудлуудаас харахад тагнуул, хамгаалалтын байгууллага хамт, эсхүл тусдаа байх, эсэхийн тухайд өрнөж байх шиг. Гадаад орнуудын жишиг, туршлагыг ч ярьж байгаа сурагтай. Зөв, буруугийн, эсхүл гадаад орнуудад, ялангуяа манай хөрш улсуудад ямар жишиг, туршлага байгааг ярихаасаа илүүтэй Монгол Улсын аюулгүй байдлын ашиг сонирхолд аль нь нийцтэй гэдгийг тодотгож, тодруулах нь чухал. Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдгийн үлгэрийг өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд чамгүй л үзлээ шүү дээ. Гадаад юм бүхнийг хуулбарлаж нутагшуулж үзлээ. Тухайн улсыг энэ ертөнцөд үндэстэн чигээр нь оршин тогтнуулж байдаг өөрийн онцлог гэж нэг юм бий. Бусад улсын алдаа, оноо сургамжийг судалж, суралцалгүй л яах вэ. Гэхдээ Оросын, эсхүл Хятад, Америкийн ард түмний үнэт зүйл, соёл, уламжлал, төрийнх нь гадаад, дотоод бодлого, дэлхий ертөнцөд тэднийг оршин тогтнуулж байгаа тулгуур үзэл, онол нь Монголынхтой адилгүй. Тэдэнд өөрт нь л тохирно. Тэгэхээр миний бодол бол аливаа асуудал, түүний дотор улс гэрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал ярих гэж байгаа бол Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох хэрэгтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ зарчмыг мөрдөнө гэж заасан байдаг.

-Монгол Улсын үндэсний ашиг сонирхол нь юу вэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд юу гэж заасан байдаг юм бол?

-Үндэсний ашиг сонирхол гэдэг бол товчхондоо бидний монголчуудыг оршин тогтнуулж буй язгуур үнэт зүйлс. Тэр язгуур зүйлсийн талаарх үзэл санаа юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний язгуур ашиг сонирхол гэж “Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил” гэж заасан байдаг.

-Таны сая дурдсан монголчуудын язгуур ашиг сонирхолтой тагнуул, төрийн тусгай хамгаалалтын асуудал хэрхэн холбогдох юм бэ?

-Монгол Улсын ТЕГ бол XX зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо зарласны дараа улсын гадаад, дотоод аюулгүй байдлыг тагнуулын аргаар хамгаалах зорилгоор бий болгосон гол байгууллага. Улмаар 1937-1938 онд Монгол Улс төр, засгийн тэргүүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг аюулаас хамгаалах салбарын бүтцэд байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсын төр, засгийн тэргүүний хамгаалалтын ажлыг тагнуулын байгууллагын нэг чухал үүрэг болгон хэрэгжүүлсээр ирсэн.

-Энэ хоёр байгууллага хамт байсны үр дүн, хор холбогдол нь юу байгаа юм бол. Аливаа зүйлийг хийхдээ эерэг, сөрөг талыг нь үнэлэхийг чухалчилдаг шүү дээ.

-Хамгаалалтын байгууллагыг тагнуулын байгууллагын харьяанд зүгээр ч нэг байлгаагүй. Монгол Улс төр, нийгмийн аюулгүй байдал, терроризмын аюул заналын асуудлыг бүхэлд нь тагнуулын байгууллагад хуульчлан хариуцуулсан байдаг. Мөн гадаадын тусгай албадтай тэмцэх үүрэгтэй ганц байгууллага нь ТЕГ. Тэгэхээр дээрх бүх аюул заналын гол объект нь улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу төр, засгийн тэргүүнүүд байдаг. Тиймээс ТТХГ нь тагнуулын байгууллагын харьяанд байж, тус байгууллагын шугамаар авсан мэдээ, мэдээллийн үндсэн дээр хамгаалалтын ажлыг явуулахаас өөр аргагүй.

-Хор холбогдлынх нь талаар ярьсангүй.

-Хамгаалалтыг ил, далд хэлбэрээр зохион байгуулдаг, одоо ч тэгж л ажилласаар байгаа. Харин энд тодруулахад, манай зарим нэг хүн төр, засгийн тэргүүнүүдээ дан ганц хүн, техник хэрэгслээр хамгаалж болно гэж хялбар бодоод байх шиг. Тийм биш шүү. Аливаа халдлага, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал, хүчин зүйлийг гүйцэтгэх ажлын шугамаар л урьдчилан мэдэж сэргийлэхээс бус, дан ганц биечилсэн хамгаалалтаар аюулгүй байдлыг хангах ямар ч боломжгүй. Үүнийг монголчууд эртнээс мэдэж байж. Чингис хаан, түүний өмнөх, дараа үеийн Монголын хаадын хамгаалалт ил, далд хосолмол хэлбэрээр зохион байгуулагдаж байсныг түүхчид өнөөдөр баримтаар гарган ирж буй нь чухал ач холбогдолтой юм. Хамт байсны хор холбогдол гэж байхгүй.

-Та ТТХГ-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдөр энэ байгууллагыг ТЕГ-ын харьяанаас гаргах зайлшгүй шаардлагатай болсон уу. Ер нь ямар учраас тагнуулаас салгах гээд байгаа юм бол?

-Үндэсний аюулгүй байдлын ямар ашиг сонирхлыг хангахын тулд ийм алхам хийх гэж буйг эхлээд тодруулах хэрэгтэй байх. Яах вэ, тагнуулаар хамгаалуулахаар өөрсдийг нь тагнаж байж магадгүй гэсэн хардлага байдаг тухай яриа аль ч үед сонсогддог л юм. Бодитой зүйл биш л дээ. Улсынх нь аюулаас хамгаалах байгууллага төр, засгийн удирдлагаа хамгаалахгүй юм бол өөр ямар байгууллага хамгаалах ёстой вэ. Монгол бол хүн ам цөөтэй, геополитикийн өвөрмөц онцлогтой, төрийн байгууллын хувьд нэгдмэл. Мөн ардчилсан засаглалтай, хүний эрхийг дээдэлдэг улс. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл Монголд аль болох чадварлаг цөөн тооны төрийн тусгай алба байх хэрэгтэй юм. Ер нь гадаад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн амь нас, аюулгүй байдалд халдсан тохиолдлуудыг харж байхад ихэвчлэн хамгаалалтын албадынх нь дотроос элсүүлэх, эсвэл мэдээлэл авсан байдал ажиглагддаг. Тиймээс ТТХГ-т ажиллаж байгаа хүмүүс тагнуулын байгууллагын хараа хяналтад тогтмол байж, тус байгууллагыг тагнуулынхнаар шалгагдсан хүмүүсээр сэлбэж ирсэн нь дээрх шалтгаантай холбоотой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)