Д.Цэцэгбадам: “Шинжиа Шинфа” ХХК-иар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн

Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадамтай тус прокурорын газраас Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар ярилцлаа.

Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас он гарснаас хойш энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачилгаараа оролцох оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авсантай холбогдуулан Салхитын уурхайн агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжийн өмчлөгчийг тогтоолгох иргэний шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхээс прокурорын тайлбарын дагуу нийт 135 тэрбум төгрөгийн үнэ бүхий байгалийн баялаг, хөрөнгийг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

Сүүлийн үеийн хэргүүдээс харахад иргэн, аж ахуйн нэгжээс төрд ямар байдлаар хохирол учруулж байна вэ?

Байгаль орчинд хор хохирол учруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд төлөхгүй байх, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэргийг төрд хохирол учруулж байна. Прокурорын тухай хуульд зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар учирсан хохирлыг арилгуулах, гэм буруутай иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээр  хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг захиргаа, иргэний шүүхэд гаргаж болохоор зохицуулсан байдаг. Энэ журмаар шүүхэд хандаж байна.

Нийслэлийн прокурорын газраас байгаль орчинд хохирол учруулсан хэрэг дээр нэхэмжлэл бичиж иргэний шүүхэд хандсан тохиолдол байгаа юу?

Аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчинд хор хохирол учруулсан хэд хэдэн хэрэг дээр прокурор нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд хохирол учруулсан хоёр компаниас 486 сая, нэг иргэнээс  300 сая  төгрөгийг гаргуулаад байна. Мөн иргэн Ж-ээс байгаль орчны нөхөн сэргээлтийн хохиролд 1.5 сая төгрөгийг  гаргуулах, иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 305 сая төгрөг гаргуулах зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байна.

Төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах, үр ашиггүй зардлыг эргэн төлүүлэх зэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцож асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Энэ арга хэмжээний талаар танилцуулбал?

Төрийн байгууллага прокурорт хүсэлт гаргаснаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нийслэлийн Прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгууллагуудын төлбөрийг гаргуулж, шийдвэрлүүлсэн. Дээрх байгууллагуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож нийт 142.5 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан. Тухайлбал дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 10.5-57.9 сая хүртэлх төгрөгийг нэр бүхий таван компаниас тус тус гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлүүлсэн.

-Сангийн яамныхан бас багагүй зөрчил илрүүлсэн байсан.

-Сангийн яамныхан санхүүгийн хяналт, шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсэн.  Төлбөртэй холбоотой зөрчлийн дагуу төрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад хандаж, хамтран ажиллах албан бичиг хүргүүлж, үүний үр дүнд нийт 64.4 сая төгрөгийг төлүүлж төрийн санд төвлөрүүлсэн байна. Мөн дутуу төлсөн татварт 2.0 тэрбум төгрөг, нөхөн татварт 406.9 сая төгрөгийг нэр бүхий хоёр аж ахуйн нэгжээс гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна.

Капитал банканд нийгмийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулсан асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?

Энэ хэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд шүүхээс зарим нэхэмжлэлийг хангаж, банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. Мөн Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн дагуу 33 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Одоо гэм хорын хохирлын асуудал дээр нь ажиллаж байна. 

Прокуророос төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад учирч буй бэрхшээл юу байна вэ?

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэсэн хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн улмаас болон бусад байдлаар төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд тухайн байгууллага нь буруутай этгээдээс хохирлыг гаргуулах тал дээр төдийлөн анхаарахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах асуудалд хойрго хандах хандлага байдаг. Иймд төрийн эрх ашиг хохирч, хөндөгдөж байгаа тохиолдолд харьяа төрийн байгууллагууд нь санаачилгатай байж, прокурорын байгууллагад хүсэлтээ гарган хамтарч ажиллах хэрэгтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)