Д.Цэрэнсодном: Монголчууд минь шинийн 2-нд багтааж золгодог болъё. Уламжлал тийм

Сар шинийн баяр дөхөж, орон даяар бэлтгэж буй энэ үед академич Д.Цэрэнсодномтой ярилцсан юм.

-Монголчууд сар шинийн баярыг нийтээрээ өргөн тэмдэглэх болжээ. Энэ жил ханиад, томуугийн дэгдэлт их байгаатай холбогдуулан олон айл хэсэхгүй, хүүхэд үнсэхгүй байх зэргээр зөвлөлөө. 

Ард иргэд ч санал нэгтэй байна. Ер нь шинэлэх гэж хөл алдах мэт хавгайрах нь зөв юм уу, уламжлал ямар байсан бэ, цаашид яах нь зүйтэй вэ гэсэн асуулттай ирлээ. Та санал бодлоо хуваалцах уу?

-Шинжлэх ухааны академийн чуулганаар хэлэлцүүлдэг ч юм бил үү гэж бодож байсан сэдэв байна. Дуртайяа хариулъя. Сүүлийн үед Цагаан сарын утгыг алдагдууллаа. Уг нь эрт дээр үеэс энэ баярыг хүндэтгэн дээдэлж, ёс төртэй тэмдэглэж ирсэн юм.

Энэ бол нэг нас нэмсний, шинэ он гарсны, өвлийг өнтэй давсны баяр. Монголчууд нэг сумаар олон туулай харвах дуртай улс. Тиймдээ ч “Сар шинэ”-тэй олон баярыг хамтатгаж ирсэн нь энэ. Гэтэл одоо айл хэсэж, бэлэг цуглуулдаг, хэмжээ, хязааргүйгээр идэж, ууж, эрүүл мэндээ муутгадаг баяр болов. 

Сар шинийн баяраар хүнийг таньж болдог. Золгоход л тэр хүн тухайн жилд ямар байсан, явсан нь мэдэгддэг гэдэг. Өдөртөө сайн явсан нь мэндлэхэд, жилдээ сайн явсан нь золгоход гэж ардууд ярьж ирсэн юм.

-Хэл, соёл, ёс заншлын ч баяр гэж ойлгож болох уу?

-Болно. Ахас, ихэсээ хүндэтгэн золгож, үгийн сайныг хэлж, ерөөлийн сайныг талбиж, ахмад хүмүүс болон хүүхэд багачуудаа баярлуулж ирсэн уламжлалтай.

-Хэзээнээс тэмдэглэж ирсэн бэ?

-Түүх товч сөхье. Сар шинийн баярыг Хүннүгийн үед сүүн сар гээд, намар хийж байсан. Чингис хааны буюу Нэгдсэн Монгол Улсын үеэс өвлийг өнтэй давсны баяр гэж хаврын тэргүүн сард хийдэг болсон. Тэгэхээр 800 гаруй жилийн тэртээгээс хаврын баяр болжээ. 

Өөрийн мэдэх Цагаан сарын тухай ярья. 1952 онд маршал Х.Чойбалсан нас барахад орон даяар цагаан сар хийгээгүй юм. Түүнээс хойш хэсэгтээ нам жим байлаа. Харин 1960-аад оноос хойш нэгдэлчдийн баяр болгож, малчдын хүрээнд тэмдэглэдэг болсон. Тэр үеэс бөх барилдуулж эхэлсэн юм. Би бөхөд дуртай болохоор барилдаан үзэх гэж Цагаан сар тааруулж амралтаа авдаг байлаа. Яагаад гэхээр тэр үед битүүний өдөр заавал хурал зарладаг, тасалбал арга хэмжээ авдаг байсан юм.

Хаагдаж, хоригдож, өнгө зүсээ өөрчилж байсан, зовлон үзсэн баяр шүү дээ. 1990 оны цагаан морин жилээс хойш бүх юм дур зоргын боллоо гэж ойлгосонтой холбоотойгоор монголчууд маань аливаад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж эхэлсэн шигээ Цагаан сарын баяртаа ч замбараагүй хандах болсон. Сүүлийн үед хаа хаанаа бас ч гэж энэ баярын утга алдагдлаа, яах ёстой вэ гэж ярьж эхэлж байна. Радио сонсож байхад нийгмийн янз бүрийн давхаргын, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс санаа оноо хэлж байна. Зөв, зүйтэй саналууд гаргаж байна.

-Яаж шинэлбэл зохилтой тухайд танд ямар санаа, оноо байна?

-Настнуудад чирэгдэл багатай байлгах хэрэгтэй. Тэднийг яаж баярлуулахаа л бодох ёстой. Түүнээс биш одоогийнх шиг зүдрээж болохгүй. Энэ бол гэр бүлийн баяр. Авах, гээхийн ёсоор авч үзвэл аль болох даруу, бололцоо, хэр чинээгээрээ, гэхдээ баяртай, сайхан тэмдэглэх ёстой юм.

Ууцны хэмжээгээр уралдах хэрэггүй. Бэлэг гэдэг дэмий, импортын, хятад голдуу бараа бие биедээ өгөх гэж тэмүүлээд яах юм бэ. Бэлгэнд явсан хүмүүс осолд орж хэцүү юм боллоо. Ийм юм гэж байх уу. Хүн бүрт бэлэг өгдөг ёс байгаагүй. Хүүхдийн гар дээр боов, ааруул, чихэр тавьдаг байсан.

Одоо цагт дээр үеийнх шиг боов, ааруул, чихэр биш юм гэхэд хүүхэд баярлуулах ямар нэгэн бэлэг өгөхдөө дээр нь 1000 төгрөг тавьчих л даа. Хүүхэд дуртай юмаа аваг, эсвэл мөнгө хадгалж сураг. Эд барааг хүмүүс хэрэгтэй үедээ өөрсдөө худалдаад авдаг шүү дээ. Үнэхээр бэлэг өгмөөр байгаа бол өөрсдийн гараар хийсэн, урласан зүйл, бичсэн ном, бүтээлийн дээжээсээ өгвөл харин утгатай.

Настнуудад бол бэлэг өгөх учиртай. Дээр үед 73-ны, 87-ны гэх зэрэг жил нь орсон хүмүүст хошуу ноёдоос нь бэлэг хүргүүлдэг байжээ. Уламжлалаа л гэж байгаа юм бол авууштайг нь хадгалаад, өвлөн, үлдээх ёстой. “Барлаг улс баян хүн дуурайж байдгаа барах хэрэггүй” гэсэн үг байсан юм. Одоо ч утга хэвээрээ шүү дээ. 

Хүнээс дутах вий гэсэн нэрэлхүү зан хэрэггүй. Өөр өөрсдийнхөө хүсэл, сонирхол, боломж, бололцоонд тулгуурлаад хөнгөн, даруу тэмдэглэхэд хангалттай. Ямар ч цаг үед хүн байгаагаараа байх шиг сайхан юм байхгүй.

-Мөнгөөр золгосоор л байна. Буруу гэх атлаа засахгүй юм. Яавал дээр вэ?

-Гар хоосон золгох эвгүй байвал хадаг барьж болно. Хадгаа эрхий хуруунаасаа уяж, аав, ээж, өндөр настнуудыг хүндэтгэн золгоод, тайлна. Түүнээс биш хүн бүрт хадаг барих шаардлагагүй. Хадаг гэж төвөд үг. Энэ эд зүйл 700-гаад жилийн өмнөөс манайд орж ирсэн. Үүнээс өмнө монголчууд цагаан хурганы арьс барьж золгодог байсан.

-Хэвийн боовыг ес, эсвэл долоон үеэр өрөх ёстой гэдэг. Энэ хэзээ бий болсон “дүрэм” юм бол?

-Зарим нь зохиомол ёс заншил үүсгэх юм. Тийм уламжлал байхгүй. Хийх юмаа олж ядсан хүмүүсийн бий болгосон худал, хуурмаг тоо. Айл гэрийн амьдралын дотоод руу, тогоо, шанага руу нь өндөлзөх гээд байгаа юм биш, гэхдээ нийтээр бодмоор хэдэн зүйлд шүүмжлэлтэй ханддаг.

Цагаан сар бол өвлийг өнтэй давсны, ах дүүс, айл хотлоороо ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, үгийн сайхныг хэлэлцэж, ерөөлийн сайхныг талбидаг баяр гэж түрүүн хэлсэн. Шинийн 3-нд идээ, будаагаа хурааснаар өндөрлүүлдэг. Ялангуяа орчин үеийн дулаан байранд идээ, шүүс амархан мууддаг. Шинийн 2-нд багтаж золгоно гэдэг нь гараг эрхэс, сарны тохиолтой холбоотойн дээр ахуйн энэ мэт асуудалтай ч хамаатай. 

Бүр шинийн 4, 5 болчихоод байхад унаа тэрэг хөлөглөн аймаг, сум хэсэж, ажил, албаа цалгардуулж, ахмадуудыг ядрааж, балчир хүүхдүүдээ тух алдуулж явах нь бий. Энэ бол уламжлал, хүндлэл биш. Нийтэд нь харахад бусдыг хошууран дагаж, “Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөв” гэдэгчлэн байдгаа барж Цагаан сарын баярт бэлтгэх юм. 

Тэгээд ард нь юу ч үгүй сууж байдаг. Бийлэгжүү, чинээлэгдүү айл гэр бүлүүд толгойгоороо хөл хийнэ үү, хөлөөрөө толгой хийнэ үү, хамаагүй. Тэднээс дутахгүй гэсэн шиг ууц, тавгийн хэмжээ, өндөр, намаар уралдах хэрэггүй. Гэр бүл болгоны гишүүдийн нас, ажил мэргэжлийн байдлаас хамаараад тэдний аливаа баяр ёслолыг тэмдэглэх байдал ч өөр байх ёстой.

Заавал нэгэн хэвд цутгасан мэт адилхан хоол, унд, бэлэг сэлт бэлтгэж, хэдэн өдөр дараалан хүн бужигнуулах шаардлага байхгүй. Уламжлалт сайхан баярын утгыг алдагдуулж, гажуудуулан, өнгө, мөнгөний өрсөлдөөн, бэл бэнчингээ гайхуулах гэсэн бүдүүлэг авирын талбар болгосонд харамсдаг.

-Та түрүүн эрүүл мэндээ муутгадаг баяр болгосон гэж хэлсэн. Хүнд хоол их идэж, архи хэтрүүлдэг гэж үзэж байна, тийм үү?

-Би анагаах ухааны музей байгуулсан, энэ салбарыг бага зэрэг гадарладаг, сонирхож судалдаг хүн. Өвчин хавар элгэнд, зун зүрхэнд, намар уушгинд, өвөл бөөрөнд шунадаг. Тэгэхээр хаврын, элгээ хичээх цагт түүний эсрэг өөх тостой хоол унд ихээр идэх нь эрүүл мэндээ сүйтгэж байгаа хэрэг юм.

Битүүнээс эхлээд долоо хоног айл хэсэж идэх нь хоол боловсруулах эрхтэн, тэр дундаа элгийг огцом цочроож, өвдүүлдэг. Хаврын турш битүүлэгний мах, бууз, хэвийн боов идэх нь мөн элгийг үргэлжлүүлэн ачаалж, дарамталдаг. Улирлын турш хэвийн бус ажилласан эрхтэн зун, намар жаахан амарч байтал өвөл дахиад л дарамталж эхэлдэг. 

Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгаас мэдээлэл авсан. Элэг шилжүүлэн суулгадаг профессор О.Сэргэлэн “Цагаан сар болон Мартын 8-ны баярын дараа гуравдугаар сард нойр булчирхайн цочмог үрэвсэл бусад сартай харьцуулахад гурав дахин ихэсдэг, нас баралт 80 гаруй хувь болдог, голдуу 25-35 насны эрэгтэй хүмүүс эрсдэж байна” гэж хэлсэн. 

Энэ айхтар үзүүлэлтийн тухай мэдсээр байж дуугүй байх уу. Цагаан сар нүүдэлчдийн баяр. Малчин ардуудад бол идэх, уух тухайд асуудал байхгүй. Нэг айлд хооллож, ундлаад морьтой арваад км давхиад нөгөө айлд очих хооронд хоол нь шингэнэ. Гэтэл орц, байр, буудал хооронд явдаг хотынхны ходоодонд орсон хоол шингэж амжихгүй.

-Хогийн цэгээр нэг хэвийн боов хаядаг болсон. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Тостой боов их идэж болохгүй гэж бодож байгаа нь авууштай ч, өв соёлын бэлгэдэл өнөөх боовоо гаргаад хаячихаж байгаа хүнийг уламжлалаа дээдэлж сайхан шинэллээ гэхэд хэцүү. Гоё ганганаа гайхуулах гэж олон боовоор өндөр таваг засаж, ард нь том хөөрөг барьж сууж дээ л гэж ойлгоно. Сар шинийн баяр өнгө мөнгөний өрсөлдөөн болсны илрэл энэ.

-Тэгэхээр уламжлалт энэ баяраа хэрхэн зохистой тэмдэглэж байвал зүйтэй вэ?

-Өвөрмонголчууд аль хэдийнээс ахан дүүсээрээ хүндэлж, дээдэлж явдаг өндөр настнаа баярлуулахад гол анхаарлаа хандуулж, бултаараа нэг дор цуглан, хамтдаа бэлтгэсэн хоол ундаа хувааж идэж, ахмад буурлууд болон хүүхэд багачуудаа баярлуулж шинэлдэг болсон. Настандаа бэлэг өгч, хүүхдүүдийн гарыг цайлгадаг. Бүгдээрээ нэг л удаа нэг дор ингэж цуглаад л болоо. Энэ сайн туршлага шүү.

Цагаан сарын ёс жаягийг суурин соёл иргэншлийнхэн самууруулж, бусниулж ирсэн баримт байдаг. Яагаад Д.Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” гэдэг өгүүллэг бичсэн бэ. Яг одоогийнх шиг, тэр үед хүрээний баячууд ядуу зүдүү улсыг хөлдөө чирсэн юм. Нүдтэй, билэгтэй зохиолч тэр байдлыг олж хараад бичсэн нь тэр. Түүх давтагдаж байна. Тиймээс аль болох хүмүүс дор бүрнээ ухаалаг хандаж, эрүүл мэнддээ эрсдэлгүй, өрөөлд дарамтгүй, өөртөө зүдэргээгүй шинэлцгээе. Цаашид ч уламжлал болгоё. Хэдэн жилийн өмнө 100-гаас дээш настнуудад Төрийн тэргүүний бэлгийг хүргүүлж, хүндэтгэл үзүүлдэг болсон нь сайхан санагддаг.

Дахин хэлэхэд монголчууд минь шинийн 2-нд багтааж золгодог болъё. Амжаагүй бол зун наадмаар гар зөрүүлж байя. Уламжлал тийм. Айл хэсээд яваад байдаг донтой мэт хүмүүс байдаг. Ажил багатай хүний зан. Аливаад хамжаарга хэрэгтэй. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон хойно, төрөөс уламжлалын дагуу хэрхэн зөв, зохистой шинэлэх тухайд чиглэл өгч болно шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас юм уу, Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас журам гаргаж замбараагүй байдлыг цэгцлэх цаг болсон. Хэдий болтол ингэж хавтгайрч байх юм. Ядаж албан байгууллагад золгож, архиддагийг болиулах хэрэгтэй.

Засаг төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ард түмэн биелүүлэх үүрэгтэй. Тэгж байж зөв голдиролдоо орно. Хүн ахтай, дээл захтай.

Эцэст нь заслын тухайд ямар санаа, бодолтой явдгаа хэлье. Энэ нь шашны зан үйл бус зурхайн зурлагатай холбоотой учраас хийлгэх хэрэгтэй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)