Д.Цэнд-Аюуш: Засаг даргын өмдийг шувталж, хонгон дээр нь алгадсанаас хойш тэр хүн архи уугаагүй гэнэ лээ

“Хясаан дээр буух гэж байгаа тас шиг дэвээд

Хянгалж эрэглэсэн их духаараа хараад

Шанаа нь дөрвөлжилж, нүд нь гурвалжлаад ирэхээрээ

Шар торгон “орхимжтой” Цэнд-Аюуш аймаар

Мянга есөн зуун наяад оны заан бөгөөтөл

Мянгуужин лаахайгаас ч зартай гөрөөчин гэдэг шүү” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж дуу алдан шүлэглэсэн нэгэн хүчтэн бий. Тэр бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын заан Дамбажавын Цэнд-Аюуш билээ. Монголын самбо, жүдо бөхийнхний нүүрийг нэгэн үе тахалж явсан тэрбээр олимпод жүдогоор хоёр, ДАШТ-д гурван удаа зодоглосон. 

Самбо бөхийн ДАШТ-д таван удаа оролцохдоо ганзага хоосон ирж үзээгүй түүнд дэлхийн дэвжээнээс хүртсэн нэг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёр бий. УАШТ-д самбогоор завсаргүй 10, жүдогоор долоон удаа түрүүлсэн Д.Цэнд-Аюуш цагдаагийн байгууллагад 16 жил ажилласан, дэд хурандаа цолтой. Түүнтэй ярилцлаа.

-Та Монголын жүдо, самбо бөхийн нүүр царай болж, нуруундаа үүрч явсан тамирчдын нэг. Нэг хэсэг эдгээр спортын хөгжлийг Таны амжилтаар л хэмждэг байсан шүү дээ. Үндэсний бөхөд төдийгүй их спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Би Галт сумын Рашаант багийн Хойд нарийны хотгорын бууц гэдэг газарт 1952 онд мэндэлсэн. Аав минь таван үеэрээ бөхийн удамтай. Би дөрөвдүгээр анги төгсөх жилээ сургуулиа орхин, хөдөө гарсан. Хөдөөний ажил мундахгүй. Эмнэг сургана, түлээнд явна. Хүйтний улиралд цанаар гулгана. 18 нас хүртлээ үхэр тэргээр айл нүүлгэсэн. Фермийн олон айл нүүлгэх амаргүй. Тэгж өссөн минь өнөөгийн амжилтад их нөлөөлсөн.

Багадаа төдийлөн барилддаггүй байсан ч цэргийн албанд очоод дээл, гутлаа ханзартал барилдаж эхэлсэн юм. Манай ангийн офицер, Ц.Сандагбазар дарга намайг их тоож, бөх болохыг зөвлөсөн. Тэрбээр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргын нагац, аймгийн арслан цолтой, Булган аймгийн Сайхан сумын харьяат хүн л дээ. Зав л гарвал надтай барилдана. Нэг өдөр намайг “Алдар” спорт хороонд дагуулж очлоо. 

Тэнд Ч.Лундаа начинтай уулзуулахдаа “Чамайг давах хүн авчирлаа” гэхэд нь гайхаж билээ. Ч.Дамдиншарав багш намайг шалгаж, тэнцүүлснээр 1972 оны зургадугаар сараас “Алдар” нийгэмлэгт Ч.Өвгөнхүү агсны удирдлагад үндэсний бөх, самбо, жүдогоор хичээллэсэн юм. 

Чөлөөт бөхийн ганц нэг тэмцээний медальтай, улсын харцага Ж.Бор, начин О.Бахыт нарын шилдгүүдийг өвдөг шороодуулдаг байлаа. Х.Баянмөнх аварга тэднийг “Та нар самбо, жүдогоор хичээллэдэг тамирчныг дийлэхгүй байж яаж амжилт гаргах юм бэ” гээд загнадаг байсан сан. Би цэргээс халагдах жилээ (1973 онд) самбо бөхийн УАШТ-ий 100 кг-д барилдах болов. Эл жинд багадаа 90 кг-аас дээш жинтэй бөх барилдах учиртай. Гэтэл жин үзэхээс хоёрхон цагийн өмнө минийх 84 кг байлаа.

Тэгэхээр нь Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир багштай зөвлөж байгаад зургаан литр цай, 20 ширхэг гөөхийг таван минутын зайтай идсэн. Жирэмсэн юм шиг том гэдэстэй амьтан жин дээр зогсож билээ. Тэгж оролцохдоо УАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргалаа. Энэ талаар манай нутгийн шуудан зөөгч Б.Пүрвээ гэрийнхэнд маань дуулгасан гэсэн. 

Аав, ээж хоёр бөөн баяр болж, сумын төвийн дэлгүүрээс 10 метр даавуу авч, дээл урлан, намайг очиход бэлэглэв. Өнөөх нь өмсөх байтугай дотроос нь би цухуйхааргүй шахам томдсон байлаа. Тэгэхээр нь сумынхаа наадамд ахынхаа дээлийг өмсөн очин, түрүүлж, даага хөтлөөд харьж билээ. Тэр дээл одоо ч надад бий. Эцэг, эхээс минь үлдсэн хамгийн нандин зүйл.

-Дараа жил нь улсын наадмын тавын даваанд Ж.Мөнхбат аваргад өвдөг шороодсон. Аварга Танаас унаад өгчих хэмээн гуйсан гэдэг.

-Үнээн, юуг нь нуух вэ. Тухайн үед би цэргийн арслан цолтой байлаа. 1974 онд улсын наадмын дөрвийн даваанд Ч.Лундаа начин намайг амлахад нь шуудагны барьцнаас хавирч давсан. Тухайн үед Ц.Сандагбазар даргын үг санаанд орж, их баярлаж билээ. Тавын даваанд Ж.Мөнхбат аваргад амлуулав. 

Аварга намайг тойгдож хөөхөөр нь мушгиж тонгороод дөрвөн хөллүүлсэн. Тэгэхэд намайг засаж байсан Ш.Лүгдэв гуай “Ухраад ганц татсан бол давах байлаа” гэж зэмлэж билээ. Бид хоёрын барилдаан нэлээд удаж, 20 гаруй минут болов. Аварга “Төрийн наадам ганц биш. Надад буугаад өгчих, би энэ жил түрүүлнэ” гэлээ. 

Том цолтой хүн тэгж гуйхаар нь үгүй гэж хэлж чадаагүй. Аваргыг хүндэлсэндээ буугаад өгчихсөн юм. Ж.Мөнхбат аварга ч хэлсэндээ хүрч, тэр жил түрүүлсэн.

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцохдоо “2000 онд улсын наадамд Г.Гантогтох гарьдыг амлахдаа барилдалгүйгээр тахим өгснөөс хойш бөхийн хийморь надаас нүүр буруулсан” гэж өгүүлсэн. Хэр үнэний ортой бол?

-Тэр ёстой үнэн юм билээ. Ж.Мөнхбат аваргатай үнэн хүчийг үзсэн бол улсын наадмын түрүү, үзүүр булаалдах ч байсан юм бил үү.

-Самбо бөхийн УАШТ-д түрүүлэхдээ босоо аварга Л.Ренцэндоржийг давсан нь улсынхаа төдийгүй дэлхийн дэвжээнд гаргасан амжилтын тань эхлэл байв уу?

-Тийм ээ. Тэр жил самбо бөхийн УАШТ-д анх удаа түрүүлсэн. Тэгэхдээ алтан медалийн төлөөх барилдаанд УАШТ-д завсаргүй 10 удаа түрүүлсэн, Архангай аймгийн харьяат, улсын начин Л.Ренцэндоржийг өвдөг шороодуулсан юм. Түүнээс хойш 1984 он хүртэл улсынхаа дэвжээнд ялагдаагүй. Би жүдогийн УАШТ-ий долоон түрүүтэй. Зарим жил самбо, жүдогийн УАШТ-д түрүүлнэ, гурван алтан медаль хүртсэн тохиолдол бий. 

Чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөхийг зөвшөөрдөггүй байлаа. Тэр ч байтугай олимпын жил зөвхөн жүдогийн УАШТ-д оролцуулдаг, самбогоор өрсөлдөхийг хориглодог, улсын наадамд барилдуулдаггүй байсан юм шүү дээ. Би 1977 оноос олон улсын дэвжээнд амжилт гаргаж эхэлсэн, самбо, жүдогоор. Нэг удаа дараалан болсон жүдогийн дөрвөн тэмцээнээс медаль хүртсэн юм. Онгирч байгаа юм биш шүү. 

Тухайн үед улсаасаа би л медаль авдаг байлаа. Тэмцээн бүхэнд намайг оролцуулна, цөөхөн удаа ганзага хоосон ирсэн. Амжилтдаа урамшин, үндэсний бөхөөр бус, самбо, жүдогоор тууштай хичээллэсэн. Жин их хасан, 86 кг-д барилдана. Би 1973-1994 онд барилдахдаа олон улсын тэмцээнд 134 удаа оролцож, 99 медаль (58 алт, 12 мөнгө, 29 хүрэл) хүртэхдээ 534 барилдсаныхаа 453-т нь давж, 81 унасан.

Жүдогоор олимпод хоёр удаа оролцон, олон улсын дэвжээнээс 11 алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн. Самбо бөхөөр ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, олон улсын тэмцээнээс долоон алт, таван мөнгө, нэг хүрэл медаль авсан юм.

-Таныг самбо бөхөөр дэлхийн хошой аварга болох боломжоо булхайтай шүүлтийн улмаас олон удаа алдсан гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ. Лав гурав, дөрвөн удаа түрүүлэх боломжоо алдсан нь үүнтэй холбоотой. Бүгдэд нь булхайтай шүүлтийн улмаас ялагдаж, амжилтаа луйвардуулсан. Тухайн үед оросуудын нөлөө асар их байв. Монголын нөлөө гэж юу байх вэ. Намайг ялагдуулахын тулд юу болдог байсан гэж санана. 

Оноог минь өрсөлдөгчид өгөх энүүхэнд. Өнөөдөр самбо бөх олимпын хөтөлбөрөөс хасагдчихсан, нэр хүнд нь уначихсан байгаад оросууд өөрсдөө буруутай. Тэд эл спортыг дэлхийд хөгжүүлэхийн төлөө зүтгэхийн оронд өөрсдөө ноёрхохыг хүссэн. Түүнд нь амжилтаараа хохирсон олон тамирчны нэг нь би. Ерөөсөө цэвэр л ялахгүй бол орос бөхийг дийлэхгүй тийм үе байсан. Дэлхийн аварга болохдоо нэг их баярлаагүй. 

Харин 1980 онд дөрвөн тэмцээнээс дараалан медаль авахдаа их урамшсан шүү. Амжилт, хөдөлмөрөөрөө хохирсон он жилүүд харамсалтай. Эргээд бодоход өөрийн эрхгүй санаа алддаг юм. Тэгж явсныгаа дурсан “Тамирчны шаналан” гэдэг шүлэгтээ

Тэмцээний зардал хайж

Тэнд эндгүй шанална

Хамаг жингээ хасаж

Халуун саунд шанална

Харийн шүүгчийн хавчилгад

Хохирч зөндөө шанална

Ялалт бүхэн сайхан ч

Ялагдаж бас шанална

Эх орноо мандуулсан ч

Энгэр цоолж хуурна

Орлогоор тооцдог нийгэмд

Одон зүүгээд ч яадаг юм бэ

Олсон олон гэмтэлдээ

Оточ манаачаар шанална

Шигшээ багаас хасагдаж

Шүдэнзний мод шиг хаягдана

Ажил төрөл олдохгүй

Ахин дахин шанална” гэж бичсэн юм. Ерөөс миний төдийгүй тухайн үеийн тамирчдын туулсан амьдрал ийм.

-Сайхан тэрлэжээ. Танд ДАШТ-ий медальт анхны монгол жүдоч болох боломж хэр байв?

-За, байсан, эсвэл байгаагүй гэхэд бэрх. Жүдогийн ДАШТ-д би гурван удаа зодоглосон. Амжилт гаргахад бэлтгэл сургуулилалт, ур чадвараас гадна нөлөөлөх хүчин зүйл олонтой, хүнд үе байлаа шүү дээ. Харин 1980 онд олимпод түрүүлэх боломж байсан шүү. 

“Москва-1980”-д зодоглохдоо эхний тойрогт ОХУ-ын бөх Язкевичэд ялагдсан. Давхар хамах мэх хийсэн бол түүнийг дийлэх байсан юм. Түүндээ одоо ч харамсдаг. Тэрбээр дараагийн тойрогт дийлдэн, би дагаж барилдах боломжгүй болсон. Тэгэхээр нь үнэмлэхүй жинд өрсөлдөхдөө хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарсан. Зүүн хөлөө цөмөлж гишгэсэн нь миний алдаа.

-Тэгэхээр нэг олимпод оролцохдоо хоёр өөр жинд барилдсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Хоёр жинд барилдлаа гээд ядарч, цуцаагүй. Тэр ёстой асуудал биш байлаа шүү дээ. Тухайн үед 86 кг жинтэй байсан би өөрөөсөө хэд дахин биерхүү бөхчүүдтэй барилдсан. Тэдний олонх нь 120 кг-аас дээш жинтэй. Тийм биерхүү бөхчүүдийг хурдаар илүүрхэн, бяраар аагладаг байв.

-Таны жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Үнэнийг хэлэхэд эн тэнцүү барилдах нь битгий хэл бэлтгэл хангалцах бөх байгаагүй. Би Монголдоо тасархай явлаа шүү дээ. Харин гадаадын бөхчүүдээс Германы Ульч, Японы Носсе, Оросын Язкевич бид дөрвийн дунд гол өрсөлдөөн болно. ДАШТ төдийгүй ямар ч тэмцээнд бидний нэг нь түрүүлж, бусад нь мөнгө, хүрэл медаль хүртдэг байв.

Тэр өдөр хэн нь одтой, өнгөтэй, сийрэг барилдсан нь ялна. Тэгж байтал миний араас дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар О.Балжинням нар хүч түрэн гарч ирсэн. Би 1985 онд УАШТ-д өрсөлдөхдөө дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодон, мөнгөн медаль хүртсэн. Тэр үе хүртэл Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аварга миний бэлтгэлийг хангадаг байлаа. Би тэдэнд туршлагаасаа хуваалцана. 

Шинэ мэх, техник сурвал түүнийгээ заавал зааж өгнө. Тэгэхгүй бол эвгүй санагддаг байж билээ. Өнөөгийн бөхчүүд тэгэхээ больчихсон гэсээн. Би хоёр аваргад халаагаа өгсөн юм. Надтай нэг жинд олон жил барилдсан О.Балжиннямыг улсын начин болгож байлаа.

-Таны хүү Ц.Очирбат олимпод хоёр удаа оролцсон жүдоч. Бага охин, самбо бөхийн дэлхийн аварга, жүдогоор Азийн АШТ-ий хүрэл медальтай Ц.Цэрэннадмид сүүлийн үед бэртлийн улмаас барилдахгүй байгаа. Бэртэл нь хэр эдгэж байгаа вэ?

-Эмчлүүлж байгаа. Би долоон хүүхэдтэй. Охин, хүү хоёр минь олон сайхан амжилт гаргаж намайг баярлуулсан. УАШТ-д Ц.Очирбат 10, Ц.Цэрэннадмид долоон удаа түрүүлсэн байх. Ер нь нэг их удаан барилдаж, хүчээ баралгүй ялчихдаг байсан болохоор заримдаа санаанд хүрэхгүй юм.

-Улсын заан цолны даваанд нутгийнхаа Д.Дамдин аваргыг өвдөг шороодуулсан. Та ер нь ямар цолтой болохыг хүсдэг байв?

-Тэр үед улсын заан цолтой бөх ховор байлаа. Гурав бил үү, дөрөвхөн байсан юм болов уу. Ер нь их спортоор 86 кг-д барилддаг байсан болохоор үндэсний бөхөөр амжилт гаргах боломж тийм их ч байгаагүй. Яалт ч үгүй жин чухал юм билээ. Жингээ хасаад самбо, жүдогоор барилдах, эсвэл нэмээд үндэсний бөхөөр зодоглох гэсэн хоёр сонголт байсан л даа. Би аль болох хоёуланг нь хослуулахыг хичээсэн юм. 

Бүр сүүлд арай эрт жин нэмж, үндэсний бөхөөр тууштай барилддаг байж гэх харамсал төрсөн. Хэрвээ тэгсэн бол улсын заан цолоо ахиулах ёстой юухан байлаа шүү дээ. 1981 онд улсын заан цолтой хүртэхэд хөгтэй юм их болсоон. Би тавын даваанд Г.Жалааг давж, улсын начин цолоо батлав. За, тэгээд улсын заан цолны даваанд ирлээ. Ж.Мөнхбат аварга дээр очоод “Аварга төрийн наадам ганц биш гэсэн биз дээ” хэмээсэн чинь Д.Дамдин аваргыг дуудаад нутгийнхаа бөхийг дэмжчих гэв.

Д.Дамдин аварга намайг амлахаар хөлийн цэцэд очтол “Та Д.Сэрээтэрийг амлачихаж” гэх нь тэр. Аварга уурлаад “Би Д.Сэрээтэрийг амладаг юм уу. Тэр намайг амладаг юм уу” гэж уурлаад надтай барилдлаа. Д.Сэрээтэр гуай хөлийн цэцэд очоод “Д.Дамдин аварга намайг амлалаа” гээд бичүүлчихсэн юм билээ. 

Тэгээд л үл ойлголцол гарч (инээв). Улсын заан болчихоод ирсэн чинь Ж.Мөнхбат аварга “За, дүү зорилгодоо хүрсэн юм чинь одоо надад унаж өг” гэсэн. Бяр, тэнхээ нь “харьчихсан” байсан аваргад дахиад л үгүй гэж хэлж чадаагүй. 

Тухайн үед би их спортоор төдийлөн өндөр амжилт гаргахаа больчихсон байсан тул үндэсний бөхөөр тууштай бэлтгэл хийж эхэлсэн юм. Ер нь хэнтэй ч сайхан барилдах итгэл дүүрэн байлаа. Даанч ид үедээ мөр, хуруу бэртэн, улсын наадамд олигтой барилдаж чадаагүй. Зарим жил ирээдүйтэй бөх, нутгийн хүчтэн “Заан аа, даваа ахиулаад өгчих” гээд бүлтэгнээд гуйхаар нь дэмждэг байсаан. Гэхдээ нэг ч удаа даваагаа наймаалж, мөнгө төгрөг авч, муухай юм хийж үзээгүй.

-Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа нэг хэсэг шуугиулж, цөөнгүй барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн. Бүр хожим 40 гаруй насандаа үндэсний бөхөөр өндөр амжилт гаргахад юу нөлөөлөв?

-1990 онд зах зээлийн шуурганд өртөн, спортоо орхисон олон тамирчны нэг нь би. Үндэсний шигшээ багийг татан буулгахаар нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хэв журмын байцаагчаар ажиллалаа. Үнэндээ би “харьчихсан” байсан болохоор амьдрахын эрхэнд тэгэхээс өөр арга байгаагүй.

Өмнөх шигээ бэлтгэл хийхээ байчихаар жин нэлээд нэмэгдсэн. Би бүр 120 кг болсон шүү. Ажлаа хийж байгаад 1997 онд Орхон аймагт болсон улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн. Тухайн үед амьд сэрүүн байсан улсын заан цолтой 37 бөхийн 32 нь тэнд очсон юм. Тэр барилдаанд түрүүлэхдээ би өмнөх даваануудад улсын гарьд Д.Баяраа, улсын заан Р.Давааням нарыг өвдөг шороодуулсан. 

Дархан аварга Г.Өсөхбаяртай түрүү булаалдахдаа тохох мэхээр давлаа. 45 насандаа тэгж түрүүлэхэд сайхан байсан шүү. Тэр жил би олон барилдаанд дээгүүр барилдсан, улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн.

-Хэв журмын байцаагчаар ажиллаж байсан Та яагаад хэсгийн төлөөлөгч болохоор шийдэв?

-Орон нутгийн цагдаа нар бүдүүлэг. Эргүүлд явж байна гээд гэрээсээ ярих энүүхэнд. Хэдэн цагдаатай маргалдаж суухаас залхаад Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилласан юм. Тэнд байхдаа олон хэрэг илрүүлсээн. Зэргэлдээх сумдын гэмт хэргийг ч бас цэгцэлсэн шүү. Цагдаагаар ажиллаж явахад хэцүү, хөгтэй явдал тохиолдохыг алийг тэр гэх вэ. Нэг удаа Шинэ-Идэр сумын Засаг дарга агсам тавиад, сүйд болов. 

Нэлээд балгадаг, агсам нөхөр л дөө. Учирлаж хэлэхээр ер тоодоггүй. Тэгэхээр нь олны өмнө өмдийг нь тайлаад, бөгсөн дээр хоёр алгадчихлаа. Өнөөх чинь ичсэндээ хэд хоног гэрээсээ цухуйгаагүй, түүнээс хойш ганц ч удаа архи уугаагүй гэнэ лээ. Тэр тухай “Нүгэл буян” сонин 1992 оны арванхоёрдугаар сарын 18-ны дугаартаа нийтэлж байлаа. Дараа нь би Төмөр замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. 

Тэнд ажиллаж байхдаа 200 гаруй хүн холбогдсон том хэрэг илрүүлж, хоёр өрөө байраар 1997 онд шагнуулав. Би өөрийгөө үргэлж цэнэглэж, өөрчлөх дуртай. Гурван удаа эрс өөрчлөлт хийсэн хүн дээ, би. Хөдөө адууны захад исгэрч явсан залуу тамирчин болж, дэлхийн дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлж, улсын заан цол хүртсэн нь эхний өөрчлөлт. 

Цагдаагийн байгууллагад ажиллан, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангалцсан нь дараагийнх нь. Гавьяаныхаа амралтад гарсны дараа шүлэг тэрлэж, шог зураг зурж яваа нь гурав дахь өөрчлөлт.

-Та хэдэн шүлэгтэй вэ?

-Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа дөрвөн мөрт бичин, шог зураг зурснаа “Ган зам” сонинд 2003 онд анх нийтлүүлсэн нь олны талархлыг их хүлээв. Түүнийгээ ахиулж, хөгжүүлсээр өдий хүрлээ. Яг хэдэн шүлэгтэйгээ мэдэхгүй ээ, тоог нь алдсан (инээв). Бүтээлүүдээ эмхэтгэн “Миний залуу нас” нэртэй номоо энэ жил гаргалаа. Би юуны ч тухай хамаагүй бичнэ. Гоё хувин харагдвал түүний тухай тэрлэдэг. Нэг удаа манай эхнэр “Яруу найрагчид ханийнхаа тухай шүлэг их бичих юм” гэж байна. Надад туньж байгаа бололтой. Тэгэхээр нь би ханьдаа зориулж

“Уул усны сайхнаар

Улс амьтантай аялсан ч

Уужуу цайлган сэтгэлээр

Угтаж авдаг хань минь

Наана, цаанах үүлнээс

Нар гараад цэлмэх шиг

Наанаа уурлаж гоморхсон ч

Цаанаа хайрладаг хань минь

Уулын чинээ харыг

Туулайн чинээхэн цагаатгаж

Уурлуулж зовоосон намайгаа

Уучилж өршөө хань минь

Ээж, ааваас дэвшиж

Эмээ, өвөө болсон ч

Эргэх дөрвөн улиралдаа

Ээлжлэн жаргая хань минь

Эрдэм номын шидээр

Эгшиглэн шүлэглэж бичлээ

Эргэж буцдаг хорвоод

Энхрийлэн хайрлая хань минь” гэж бичсэнээ төрсөн өдрөөр нь уншиж өгөхөд уйлсан. Нээрэн, би нэг удаа шүлэг уншаад хивсээр шагнуулж байлаа.

-Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Хөдөөгүүр явж байгаад нэг айлд ортол хойморт нь сайхан эмээл байв. Сэтгэл хөдлөн

“Ургаа хуснаас сонгож

Ухаж сийлсэн бүүрэгтэй

Уран дарханы ухаанаар

Урлаж хийсэн хяр нь мөнгөн

Эсгий олонцгоо чимсэн

Эртний одончу бүрээстэй

Эв донж нь тохирсон

Эрээн мөнгөн даруулга нь ганган” гээд уншихад гэрийн эзэн над руу нэг, эмээл рүүгээ нэг харснаа их баярлан, хивс бэлэглэсэн юм. Урт шүлэг л дээ, дахиад дөрвөн бадаг бий. Спортоор л амжилт гарган, олон бай хүртсэн би тэгж шүлгээрээ шагнал авч билээ.

-Та их сайхан яруу уншдаг юм байна. Багын авьяас уу?

-Үгүй ээ, би залуудаа их ичимхий, юун шүлэг бичих байтугай өөрийгөө олигтойхон илэрхийлж чаддаггүй байлаа шүү дээ. Яруу найрагчдыг шүлгээ уншихыг нь сонсож байгаад өөрийгөө ингэж хөгжүүлсэн юм.

-Ер нь яруу найргийн наадамд оролцох бодол бий юү?

-“Миний залуу нас” номдоо нийтэлсэн бүтээлээ Монголын зохиолчдын эвлэлд илгээсэн. Уншиж үзээд яруу найргийн наадамд өрсөлд гэвэл оролцоно. Тэгэхгүй бол гуйхгүй ээ.

-Та хэзээ нутаг буцах вэ?

-“Баян хайрхан” гэдэг амралтын газар ажиллуулан, тэнд амьдардаг. Хүмүүс “Зааны амралт” гэхээр андахгүй. Маргааш (өнгөрсөн сарын 27-нд) улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд оччихоод буцна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)