Д.Цоодол: Миний уран бүтээлийн сэдэв ерөөсөө л хөдөө нутаг

Нийслэлийн төвөөс 20-иод километр зайтай Бэлхэд байх Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолынд хэд хоногийн өмнө хонуут өнжүүт тухлав. Сонин хэвлэлийн газарт 30 нэлээд гаруй жил ажиллахдаа нэр алдартай олон сайхан хүнтэй ойртож дотноссоны нэг нь яах аргагүй энэ том яруу найрагч билээ. “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд Д.Цоодол гуайтай хамт ажиллах завшаан тохиосон юм.

Бэлхэд сайхан өвөл болж байна. Улаанбаатарыг бодвол утаа арай бага, малын хар туруу цастай, уултай, модтой газар аж. Цоодол гуай бид хоёр ер юу эсийг ярьсан гээч. Намын дээд сургуулийн У.Камбар гэж багш “Цаад хэд (Улс төрийн товчооныхон) дотор чинь арай илүү юм уншдаг, хүний үг ойлгодог нь Цэдэнбал нь л байгаа юм” гэж “цуурсан”, нөхөд нь “сохор шар” гэж хочилдог байсан Мишигийн Цэдэндорж Төв аймагт нэг очихдоо шаазан тавган дээр буулгасан Есениний хөргийг өгөхдөө “Би чамд бурхан авчирлаа” гэж хэлсэн, Дундговьд очоод олны өмнө “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” шүлгийг нь магтаж байж Долгорын Нямаагийн нулимсыг гаргаж, гэргий А.Цэвэлмаа (Цоодол гуайн гэргий) нь Нямаа агсны хөлийг барьж дулаацуулж өгсөн чинь “Отгонбаяр (Нямаа агсны гэргий) олон бариагүй юмыг барьсан сайн хүүхэн” гэж сэтгэлээсээ хэлж байсан, Базарын Цэдэндамба өөрөө хүчилдэггүй байсан уу, бусад нь санал тавьдаггүй байсан уу “Болор цом”-д шүлгээ уншдаггүй байсныг “Ор, ор” гэж байж оруултал “Халх найрагчдаас хамгийн хүн чанартай нь Цоодол” гэж ирээд л баярласан, анхны номоо “угааж” Улаанбаатарт долоо хоног манаргасан хэрнээ Явуу багшдаа бараалхалгүй дөлсөөр байсныг багш нь мэдчихээд “Би чамайг дуулаад л байгаа. Номынхоо шагналаас аавдаа заавал аваачиж өгөөрэй, юм үзсэн хүний хувьд хэлж байгаа юм шүү” гэж Төв аймаг руу нь автобусанд суулгаж өгөхдөө хэлж байсан, “Шар тэмээний нутаг” номыг нь уншчихаад “дэлт” Чимэддорж агсан “Би Бүрэн явах томилолт авчихлаа, хоёул хамт явья, таныг үнэн

бичсэн, худлаа бичсэн алин болохыг нь шалгая” гэж цуг явчихаад “Бүрэн, Дэрэн хоёрыг нийлүүлэх сэн, тэр нэг бор хомоол шиг өвгөдийг нь ээ, ялгарах юм алга” хэмээн шогширч суусан гээд нөхдийнхөө тухай, хүмүүсийн тухай амнаасаа унагах алт шиг үгийг нь хэчнээн ч сонсов. Тэр болгоныг уншигчдад нэгэн амьсгаагаар хүргэх боломж даанч хомс юм даа. Гэлээ ч заримыг нь та бүхэнд хүргэе.

МАНАЙ НОХОЙ, МУУЖГАЙ ХОЁР ХЭРЭЛДЭЖ БАЙГААГҮЙ ЭЭ

-Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлын 90 жилийн ой өнөө, маргаашгүй болох гэж байна. Та энэ айлын дэгтэй, дэггүй олон хүүхдийн нэг нь. Бас насаараа шахам сонинд ажилласан ахмад сэтгүүлч. Одоо эргээд бодоход борви бохисхийлгэдэггүй сонины ажлын хажуугаар уран бүтээлээ яаж амжуулж байв гэдгээс хоёул яриагаа эхлэх үү?

-Би сайндаа шүлэг, сурвалжилга хоёроо нэг үзгээр бичээд явсангүй. Амьдрал ерөөс тийм л байсан. Явуу багш, Сэнгийн Эрдэнэ, Дэндэвийн Пүрэвдорж, Цэгмэдийн Гайтав, Сормууниршийн Дашдооров, Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шагдарын Дулмаа, Долгорын Нямаа, Тоомойн Очирхүү, Санжаажавын Оюун, Зундуйн Дорж, Лхамжавын Лувсандорж гээд бүгд сэтгүүлч шүү дээ. Өдөр нь сурвалжилгандаа шогшиж, шөнө нь шүлгээ бичиж явцгаасан.

Шүүлэг, шалгалтын үеэр бичсэн

Шүлгүүддээ би хайртай гэж Б.Хүрэлбаатар бичсэн нь бий.

Сүүлд сар, өдрөөр нь хөөж үзэхэд би олон бүтээлээ бямба, ням гараг, баярын өдрүүдэд бичсэн байна лээ.

Шүлэг, сурвалжилга хоёр аль алиндаа халтай нь халтай. Гэхдээ уран бүтээл, сонины ажил хоёроо муур, нохойтой зүйрлээд бодвол тэд хоорондоо зөрчилдөөд, хэрэлдээд эзнээ зовоогоод байсан юм миний хувьд байгаагүй. Сонины ажлаар томилолт аваад явж байх замдаа өчнөөн шүлэг бичиж, найраглал, өгүүллийн санаа олж авсан даа.

-Зохиолчдын замналаас үзэхэд уран зохиолд янз янзын л замаас орж ирсэн байдаг. Голдуу их, дээд сургуульд сурч байх үеэсээ, төгссөн хойноо ч гэдэг юм уу ирсэн байх шиг.

-Надад бол тийм юм байхгүй. Би Төв аймагтаа долдугаар анги төгсөөд, тэгээд сургуулиа хаяад мал хариулж, Улаанбаатар, Налайхын хооронд нүүрс зөөж, дэлгүүрт манаач хийж, аймгийнхаа төвд ХЗЭ-ийн ажилтан болж, сонинд сурвалжлагчаар ажиллаж байлаа. Ингэж элдэв болж явахдаа анхны ном “Нутгийн зургаан өнгө”-өө гаргасан гээд “Бигэр мижид хааны тууж” гэдэг шиг л юм ярина. Хаалгаа олохгүй байгаа юм шиг ийн тэмтчиж явсаар Зохиолчдын хорооны үүдийг татсан минь 1968 он.

-Зохиолчдын байгууллагын босгыг ингээд алхаад орчихож. 50 жил болсон байна. Байгууллагынхаа туулсан 90 жилийн тавьд нь Та хамт явжээ. Явуу багштайгаа хэзээ, хаана учрав?

-Явуу багш маань “Сансрын номыг заасан сайн багш” гэдэг шиг л хүн. 1960-аад оны дунд үеийн Явуу гэдэг чинь зүгээр нэг яруу найрагч байсангүй, “Би хаана төрөө вэ”, “Туулын шугуй”, “Дуу минь, дуу минь” энэ тэрийгээ биччихсэн уянгын бурхан л байлаа, базарваань.

1966 онд Явуу багш манай аймгийн төвд ирснийг би яаж мартах вэ дээ. Нэг их дэгжин ягаан костюм, эрээн зангиа, өндөр өсгийтэй ботинк өмсөж, шилээ дарсан үс, эрэгтэй хүнд арай ч дээ гэмээр талимаарсан алаг нүдтэй гоё амьтан. Урьд нь надтай энд нэг удаа учирсан Ш.Сүрэнжав манайд дагуулаад ирсэн юм. Ер нь би аймагт зохиолчид очихоор эзнээ санасан нохой шиг сүйд болдог байлаа.

Манайх гэдэг нь аймгийн ХЗЭ-ийн ажилтнуудын сууц гэх хүйтнээсээ болоод “чонын хонгил” нэр авсан байшингийн галладаг ганц өрөө, гал нь асаж өгөхгүй. Надад авгай, хүүхэд гэж юу байх вэ. Явуу багш тэгж “чонын хонгил”-д орж ирсэн нь миний амьдралд гэрэл гэгээ тусгасан, мартахын аргагүй сайхан үйл явдал байлаа. Надаар ганц хоёр шүлэг уншуулж, сонсчихоод “Шүлгүүдээ аваад над дээр очоорой” гэчихээд яваад өгсөн. 

Би гэдэг амьтан цэнэж бэргэсээр яваад хоёр жилийн дараа Явуу багшид бараалхсанаар “Цог” сэтгүүлд нэлээд олон шүлгээ хэвлүүлж билээ. Багш тэгэхэд “Цог” сэтгүүлд нээсэн “Таны шинэ танил” буландаа 11 шүлгийг минь нийтэлж өгсөн юм. 

Түүний өмнөтгөлд нь “Өсөж төрсөн хөдөө нутаг нь энэ яруу найрагчийн насан туршаа ашиглах шавхагдашгүй сэдэв нь байж болох юм” гэсэн өгүүлбэр байсан. Зөнч хүн байсан ч юм шиг. Миний уран бүтээлийн сэдэв ерөөсөө л хөдөө нутаг маань, нутаг шигээ өгөөмөр сэтгэлтэй хүмүүс нь шүү дээ.

-Ажаад байхад зохиолчид үе үеэрээ төрдөг юмаа даа, янз нь.

-Юу үнэн бэ, тэр үнэн. Би “Шадар гурван цэрэг, нэмэх нь Ш.Дулмаа” гэсэн өгүүлэл бичсэнийг чи санаж байна уу. Ш.Сүрэнжав, П.Бадарч, П.Пүрэвсүрэн нараа хэлсэн нь тэр. Тэд бол Монголын яруу найрагт 1960-аад онд бэлэн орж ирсэн, “тасаг цэрэг” байсан юм. Дээр нь Д.Шагдарсүрэн, Д.Нямаа нар ч нэмэгдэнэ.

-Тэр тасагт Р.Чойном орох уу, үгүй юү?

-Чойном тэднээс хэд ах. Арай түрүүнд бичиж эхэлсэн байх. “Залуу нас”, “Хүн” гээд шүлэглэсэн тууж, роман бичиж, тэр үед нь Ц.Дамдинсүрэн гуай, “Чойномын бүтээл элдэв шил шаазангийн хагархай дотроос эрдэнийн талстын хэлтэрхий ялгаран харагддаг шиг анхаарал татлаа” гэсэн утгатай үг хэлж, магтаж амжсан байсан юм.

-Таны ярианаас үзэхэд хожим нь “алтан үеийнхэн” гэгдэх болсон алдартнууд 1960-1970-аад онд л ид ир орж, хүч түрж байжээ дээ.

-Миний үеийнхэн Зохиолчдын хорооны үүдээр бултганаж байх тэр үед Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар Хороогоор (Зохиолчдын) аль хэдийн хойморлож, дарга С.Удвал, Л.Түдэв нарыгаа хараад мань мэт нь байтугай сүрдэж, хүндэлдэг байлаа. Хороо маань хороо гэмээн хороо байж дээ. 

Зөвлөлийн эрхлэгчид гэхэд л торгомсог өгүүллэгүүдээ биччихсэн Эрдэнэ баавай, “Говийн өндөр”-өө нутагтаа очиж суугаад туурвичихсан С.Дашдооров, “Чингис”, “Тусгаар тогтнол”-оо бичиж, үндэсний үзэлтэн гэх цол гуншингаа зүүгээд амжчихсан Д.Пүрэвдорж, “Норовын намтар”, “Жигмэд, Тогмид хоёр”-ыг нь том, жижиггүй мэдэх Д.Содномдорж, Монголын яруу найрагт шинэчлэл хийж үзэг нэгтнүүдээ хэдийн дагуулчихсан Явуу, дэлхийн уран зохиолоос өдөр бүр шахам шинэ юм “зөөсөн” эрдэмт хүн М.Цэдэндорж, “785 дээр”, “Хөх тэнгэр” зэрэг зохиолоороо алдаршсан З.Баттулга. Яасан ч сайхан амьтад байсан юм бэ дээ.

Хороо маань Геологийн яамны цөөн өрөөнд байрлаж байлаа. Тэндээсээ одоогийн байрандаа орсон юм.

-Та ер нь Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг гэх ихэстэй ойр шадар байсан уу?

-Үгүй шүү дээ, би тэднийг чинь мэдэхгүй. Тэд бол миний хувьд утаа үлдээгээд алга болж буй онгоц шиг “амьтад”.

-Тэгвэл Түдэв гуайг сайн мэдэж таарна, Та.

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй, сундуй ном, бичиг, цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна

гээд л бичсэн шүү дээ. Энэ их хүн сүүлийн үед өөрийгөө бусдаас тусгаарлаад хүн амьтантай уулзахгүй, буйд байх болсон гэлцэх юм. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхад нь үй зайгүй хамт ажиллаж байсан хүмүүс нь уулзах гээд чадахгүй байна гэж дуулдаж байсан. Тийм өргөн дэлгэр явсан хүн нас дээр гарсан хойноо ингэж зожигрох нь гайхмаар харамсмаар байдаг юм.

-Түдэв гуай ер бусын их эрдэм чадалтай хүн. 23 настайдаа анхны романаа хэвлүүлсэн. Орос, англи, испани хэлтэй, хаашаа ч бидэндээ элбэгддэг байсан. Бид тэр хүнийг хүндэлнэ, бас жийрхэнэ. Бид хоёр хоорондоо сайн харилцаатай явдаг. Харин гэр орноор нь төдийлөн орж, гарч явсангүй. Хөдөлмөрийн баатар болоход нь баяр хүргэх гэж Бадарч бид хэд ажлын өрөөнд нь орж зөндөө ярьж сууж байлаа. Тэгээд сая чи хэдэн мөрийг нь хэлсэн “Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлгээ” бичиж сонинд хэвлүүлсэн юм. Тэр чинь 1998 он шүү дээ. Гэтэл Түдэв гуай маань надад бас хариу шүлэг тэр онд нь багтаан бичсэн шүү.

1974 онд намайг Зохиолчдын эвлэлд элсэхэд Түдэв гуай их зүтгэл гаргасан юм билээ. Би ч хөдөө айрагдаад л давхиж явсан. Түдэв гуай ч мэдсэн юм шиг “Тэр өгөр Бүрэнгийнхээ таанын айрганд толгойгоороо зоогдчихсон яваа. Түүнийг ав (элсүүл)” гэсэн юм гэнэ лээ. Хоёр хүн батлан даасан нь Явуу багш, Түдэв гуай хоёр юм.

-Бүтээл туурвих, онгод орох цаг, улирал ч байдаг гэж зохиолчид ярьсан нь бий. Танд тийм үе байна уу. Нэг л мэдэхэд ном гаргачихсан, эсээ бичээд, орчуулга хийчихсэн байдаг хүн шүү дээ, Та. Нэгэнтээ “Би чинь замбараагүй хүн, бичмээр болсон үедээ л бичдэг. Тийм, ийм цаг гэж надад байдаггүй” гэх маягтай юм Та хэлсэн байсан…

-Явуу багш “Намар зүгээр шүү” гэж хэлдэг байсан. Ч.Чимэд цагаа болохоор шүлэг хүүхэд шиг чарлаад л төрдөг гэж хэлсэн удаатай. Д.Пүрэвдоржийг сумын наадам үзэж явахад нь л “Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос

Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэсэн мөрүүд санаанд нь орж ирсэн гэдэг. Эцгээ нутаглуулж явахад “Хөөрхий” гэдэг шүлгийнх нь санаа орж ирсэн гэж П.Бадарч ярьдаг юм. П.Пүрэвсүрэн “Өвөл” гэж хэлсэн байдаг. Надад дулаан хувцас байхгүй юм чинь гэртээ байхаас өөр яах билээ, тэгээд л бичдэг гэдэг байсан. Шүлэг ер нь ингэж л “төрдөг” юм байна. Би бол хүссэн үедээ л бичдэг.

ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ГЭДЭГ ИХ НҮҮРИЙН БУЯНТАЙ ҮЙЛС ЮМ ШҮҮ ДЭЭ

-Таныг багшаа гэдэг шүлэгч олон бий байх. Би цөөн хэдийг нь мэднэ. Тэднээс чинь, ер залуучуудаас хэн аятайхан шүлэг бичиж байна вэ?

-Шавь болох гээд хадаг яндар бариад сүртэй ирсэн хүн цөөнгүй бий. Би чинь хүнтэй ямар ч байдлаар яриад, хэл амаа ололцоод байх мөртөө яруу найрагтаа үнэнч, хатуу, шалгуур өндөртэй хандана шүү. Н.Гантулга (“Болор цом”-ын эзэн), Ц.Галбадрах (Өмнөговийн), үеийнхэн нь “шар” гээд байдаг Баттулга гээд аятайхан шүлэгтэй залуус байна аа. Танай аймгийн (Дундговь) А.Лхагва хачин сайхан монгол шүлэгтэй юм шүү дээ. “Дөрөөн дээрээ” номынх нь эхийг саявтар үзээд би их баярласан. Сайхан бичиж байна. “Аварга” М.Амархүү байна, сайн ч бичнэ, сайн ч зурна.

-Таны саяны хэлснээс “Болор цом” санаанд ороотохлоо. “Болор цом” гурвантаа авсан хүнээс энэ талаар асуулгүй орхиж яаж болох вэ. Үзэгчийн хувиар бодож байхад сүүл рүүгээ “Болор цом”-ын маань эрч суларч, оролцож байгаа хүмүүс нь ч, шалгарсан шүлэг нь ч та нарын үетэй харьцуулбал чамлалттай мэт гэх яриа хүмүүсийн дунд бий. Бас аль нэг аймагт зохион байгуулаад ёс юм шиг тэр нутгийн хүнд “цом”-оо өгөөд байх болсон ч гэлцдэг.

-“Болор цом” нэртэй энэ сайхан цэнгүүнийг Д.Пүрэвдорж агсан 1983 онд санаачилсан юм шүү дээ. Анхны цомыг тэрбээр “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ авсан. Энэ шүлгээ Сүхбаатарын талбай дээр 10 мянган хүний өмнө уншсан юм. Хойтон нь МУИС дээр болоход С.Дашдооров, Б.Лхагвасүрэн бид гурав тунаж үлдээд “Нэр нь тодроогүй баатрууд Танаа” шүлгээрээ би цом авсан. Гурав дахийг нь Б.Лхагвасүрэн авсан байх.

Тэр үед “Цом”-ын чанар үнэхээр сайн байсан. Сүүлдээ би шүүгчдийн бүрэлдэхүүнд орох болсон. 1987 онд П.Бадарч “Тэмээ”-гээрээ, 1988 онд Т.Галсан дөрвөн мөртүүдээрээ, 1989 онд Ц.Чимэддорж “Малчин”-аараа авсан. Б.Доржпалам агсан “Хөөлгийн шүлэг”-ээрээ ч авсан.

-Ташрамд хэлэхэд, танайд “Болор цом” тав байгаа юм байна шүү дээ. Хулан хоёрыг авсан байх аа?

-Тийм. “Болор цом”-ыг Төрийн гурван өндөрлөг ирж үздэг байлаа. Нэг удаагийнхад нь Хулан минь “Аавдаа” гэдэг шүлгээ уншлаа. Ээж минь айлын таваг дээрээс чихэр авч өгч ичээдэг бол аав алсын замд уулсын нэр цээжлүүлдэг эд нар гэж өгүүлдэг. Тэгсэн Ерөнхийлөгч П.Очирбат бидний урд эгнээнд сууж байснаа тэр шүлгийг сонсоод нулимсаа арчиж сууна. Тэгээд “Би хөгширч буй юм байх даа” гэхэд мань Хулан “галзуу” миний шүлэг сайн болоод тэр” гэж хэлж байж билээ. Манайх чинь гурван охинтой айл. Тэд маань мундаг явцгаана. Хулан дундах нь. Том охин Тэмүүлэн маань одоо Германд ажиллаж, амьдарч байна. Уг нь орос хэлний багш мэргэжилтэй, сүүлдээ ийм мэргэжлийн хүнд ажил олдохоо байсан. Харин орос хэлнийхээ хажуугаар герман хэл сурсан нь тус болж 1990-ээд оны эхээр тийшээ явсан. Хулан хамгийн түрүүнд л гадагшаа явчихмаар хүн дээ, тэгсэн хэрнээ яасан ч гадаад оронд гарахгүй гэдэг юм. Бага охин Оюун одоо бидэнтэй хамт энэ Бэлхэд амьдарч байна. Япон хэлний орчуулагч. Энэ мэргэжлээрээ л хоолоо олж байна. А.Цэвэлмаа бид хоёр одоо гурав дахь үеэ үзэж байна. Манайх нэг хүүтэй байх байсан ч “алдчихсан” юм. Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж үнэн юм. Одоо таван зээ хүү цаана чинь “алах” гэж байна.

Ер нь аливаа уралдаанд сайн бүтээл л тэргүүлдэг. “Болор цом” ямар нэр хүндтэй хот, хөдөөгүй хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээ байсныг гэрчлэх олон баримт хэлж болно. Тээр жил Ж.Наранцацралт зохион байгуулаад “Болор цом”-ын эздийг Дундговьдоо аваачсан. Бид шүлгээ уншаад, хүмүүс алга ташаад л. Наранцацралт нэг ажил гараад Соёлын ордноос гарчихаад буцаж орж чадаагүй гэдэг. Амьтан ёстой хөл тавих зайгүй байж л дээ. Нутгийнхан “дарлууз” гэж хочилдог Энэбиш гэдэг хүн Дундговьд биднийг салахгүй дагаж яваад үдэж гаргахдаа “Та нар надад таван нас нэмлээ” гээд уйлаад үлдсэн шүү. Энэ бол ганц тэр хүний хандлага биш байсан гэж боддог.

-Та “Сарваа цуцахын тал”, “Шар тэмээний нутаг”, “Хөеө”, “Хонины боол”, “Нулимс холоос харагддаггүй”, “Тал булгийн вант улс” гээд нутгийнхаа, Бүрэнгийнхний тухай хэд хэдэн ном бичсэн. Нэлээд эртний, өөрийнхөө залуу байх үеийн, нөгөө Түдэв гуайн хэлснээр “таанын айрганд толгойгоороо зоогдчихоод” байх үеийнх нь үйл явдал болов уу гэмээр юм тэдгээрт олон бий. Тийм залуудаа тэмдэглэл хөтөлж, түүнийгээ ашиглаад байна уу, эсвэл ой тойнд тань тэгтлээ тод томруун хадгалагдаж үлдсэн байдаг уу?

-Надад нэг том дутагдал бий нь тэмдэглэл ер хөтөлж байсангүй. Тэмдэглэлийн дэвтэр ч гэж байгаагүй. Ажаа (аав) 80, ижий 90 хүрээд өөд болсон. Энэ хоёртоо байнга очно, золгоно, Бүрэндээ очиж амарна. Чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй мөртөө л тэндхийн цаг агаар ямар байгааг дандаа асууж сураглана. Багын юм ерөөс мартагддаггүй юм байна.

Нутгийнхнаа их хүнлэг улс байсан гэж санадаг. Түүнийг л жаал бичдэг юм. Түдэв гуай 2000 он гэхэд баримт тэргүүн зэрэгт дэвшиж гарч ирнэ гэж бүр 1960-аад оны дунд үед хэлж байхад “Юу гэж байгаа юм бэ дээ” гэж бодож байж билээ.

Би хүүхэд байхдаа эцгээ дагаж танай аймгийн Эрдэнэдалайнхны найр их хэсэж байсан хүн. Тэр үед хүмүүсийн амнаас сонссон минь хадгалагдаж явсаар 1989 онд “Харамчийнхны дууль” болж цаасан дээр буусан байх жишээтэй.

-Та жинхэнэ хөтөлгөө морьтой хүн. Орчуулга хийдгийг тань хэлж байна. А.П.Чехов, Ги де Мопассан гээд гадаадын томчуудын олон зохиол орчуулсан. Энэ рүү таныг юу хөтлөв?

-1970 онд М.Цэдэндорж “Миний Дагестан”-аа хэвлүүлсэн. “Роман газета” сонин надад өгөх дөө “сурах юмаа сурахад чинь хэрэг болох болов уу” гэж хэлсэн юм. Би түүнийг толь бичиг хэрэглэж байж уншсан. Анх орос хэлээр уншсан ном минь энэ. Ингэж би хэдэн орос үгтэй болсон гэж хэлж болно.

1974 онд Өвөр Жанчивланд амарч байлаа. Тэнд Ардын жүжигчин С.Гэндэн гуайтай таарлаа. Хүрээллээсээ хөндийрчихөөд мань хүн тэнд нэлээд уйдсан янзтай. Намайг тэр их хүн голоогүй. “Цоодол” гэхээр намайг Өвөрхангайнх гэж бодоод “нутгийн хүү” л гээд байх. Нэг өдөр Чеховын нэг өгүүллэгийн нэр хэлээд “Би амжихгүй нь шиг байна. Чи бодвол орос хэлэнд ус, цас биз” гээд 1942 онд Орост хэвлэгдсэн Чеховын зохиолуудын нэг ботийг өгч, “Миний төрсөн өдөр” гэж байж надаар нэг шил юм олуулж, амрагчид зугаалганд явах гэнэ, яаж зүгээр байхав гэсээр бас нэг “шилийг” авхуулж байж билээ. Ийнхүү надад сайн санасан сайхан хүмүүсийн түлхээсээр би ном орчуулж эхэлсэн юм.

1983 онд Горькийн сургуулийн дээд курс төгсөөд Москвагаас долоон хайрцаг номтой Улаанбаатарт бууж байлаа. Түүн дотор Чеховын 17 боть байсан. Манайхан Чехов л гээд байсан чинь хэдэн жүжгийг нь л орчуулж тоглосон юм билээ л дээ. Хүний чадал өгүүллэг, тууж дээр л харагддаг юм шиг байдаг. Гээнээ (Гэндэн агсан)-гийн өгсөн номыг сүүлд 1990-ээд оноос “нухсан”.

Сүүлдээ Ги де Мопассанд “орсон”. Андрей Платоновын өгүүллэг, туужуудыг орчуулах гэж оролдсон. Константин Паустовскийн хоёр ч номыг монгол хэлээр гаргалаа. Финландын Марти Ларни, Японы Акүтагавагийн бүтээлээс орчуулж үзсэн. Хүн ер нь оройтлоо гэж бодож болохгүй юм билээ шүү. Олон улсын шилдэг зохиолчдын бүтээлээс орчуулж 2017 онд “Дэргэд холын уулс” гэдэг ном хэвлүүлсэн.

...Дарханд ажлаар очоод сургууль хамт төгссөн сэтгүүлчийндээ орох санаатай гэрийг нь хайж явтал нэг хүн “Цоодол ах аа, наашаа яв” гээд байх юм. Хүрээд очтол “100 татах уу” гэж байна. “Үгүй, үгүй, би найзындаа очих гэж явна” гэж хэллээ. Тэгсэн чинь айл эрээд миний бэдэрч явсан тэр газар нь Дархандаа бол Улаанбаатарын “Өвгөнтийн хөндийрхүү” муу нэртэй юм байж л дээ. Тэгээд намайг тэндээс хурдан холдуулах, тэнд явж байгааг минь олон хүнд харуулахгүй гэж л тэр хүн хичээсэн хэрэг байв. Тэрбээр Цоодолыг биш, яруу найрагчийг, яруу найргийн нэр хүндийг бодсон байна шүү дээ...

-Миний бодоход өгүүллэг, туужаас шүлэг орчуулах нь таны хувьд дөхөм баймаар санагдах юм.

-Би шүлэг орчуулсан. Расул Гамзатовын “Анд нөхдөө хайрла”, Омар Хайямын шилмэл рубайг орчуулсан. Михаил Дудин, Александр Прокофьев, Беларусийн Максим Танк, Испанийн Гарсиа Лорка болон Хятадын яруу найрагчдын бүтээлээс орчуулсан. Хэвлүүлбэл ном болчихмоор орчуулгын шүлгүүд одоо ч байж л байх юм.

-Та жүжиг, киноны зохиол бичсэнгүйеэ дээ…

-Бичих сонирхол ер төрдөггүй юм шүү дээ.

-Та ер нь хэдэн номтой хүн бэ?

-Л.Түдэв гуай 50 насны ойгоо тэмдэглэж хэдэн хүнтэй хоол иджээ. Тэр үед хүүхдүүд нь аавынхаа бичсэн номуудыг тэнд тавьсан байсан гэдэг. Тэнд 60 ном байсан юм гэсэн. Наснаасаа 10 ном илүү биччихсэн байж. Х.Сампилдэндэв агсан нэг иймэрхүү байсан гэлцдэг юм. Б.Бааст гуай 100 гаруй номтой. Минийх эдний дэргэд ичмээр юм даа.

1970 онд анхныхаа номыг хэвлүүлснээс хойш миний хэдэн ном харин лангуун дээр удаан хэвтэж байгаагүй болов уу гэж боддог. Ер нь зохиолч, сэтгүүлч ч ялгаагүй, тус бүрт нь үнэнч уншигч гэж байдаг шиг байгаа юм. Ном нь гарвал анаж байгаад алгасахгүй авдаг, ном нь гарч уу хэмээн хайж явдаг хүмүүс байдаг бололтой юм билээ.

“Ардын эрх” сонинд ажиллаж байхад хөдөөгийн нэг багш хэрэг болгож Төрийн ордонд ирж надтай уулзсан. Баярласнаа хэлэх гэсэн юм билээ л дээ, хөөрхий. Тэр хүн шоронд орж явжээ. Тэнд байхдаа миний бичсэн “Чамдаа би өртэй” (Энэ шүлэгт

Сувд, торгоор чамайгаа гоёж

чадаагүй явтал

Сул хар үсийг чинь орчлон хяруугаараа

чимлээ

Жаргаана даа, чамайгаа жаргаана гэж

бодсоор явтал

Жаалхан чиний минь өвөр дээр ач

нар тонгочлоо

Энэрлийг чинь мартаагүй ээ, жаргааж л

чадсангүй

Энхрийхэн минь, чамдаа би өртэй… гэсэн мөрүүд байдгийг уншигчид санаж буй биз ээ) шүлгийг олж уншаад их ухаажсан юм байна. Энэ тухайгаа надад ярьсан. Дарханд ажлаар очоод сургууль хамт төгссөн сэтгүүлчийндээ орох санаатай гэрийг нь хайж явтал нэг хүн “Цоодол ах аа, наашаа яв” гээд байх юм. Хүрээд очтол “100 татах уу” гэж байна. “Үгүй, үгүй, би найзындаа очих гэж явна” гэж хэллээ. Тэгсэн чинь айл эрээд миний бэдэрч явсан тэр газар нь Дархандаа бол Улаанбаатарын “Өвгөнтийн хөндийрхүү” муу нэртэй юм байж л дээ. Тэгээд намайг тэндээс хурдан холдуулах, тэнд явж байгааг минь олон хүнд харуулахгүй гэж л тэр хүн хичээсэн хэрэг байв. Тэрбээр Цоодолыг биш, яруу найрагчийг, яруу найргийн нэр хүндийг бодсон байна шүү дээ.

Хэдэн шүлгийнхээ ачаар түмэнд бишгүй л хүндлэгдэж явлаа. Зохиолч, яруу найрагч байна гэдэг их нүүрийн буянтай үйлс юм даа.

-Та зохиолчдын байгууллагынхаа 90 жилийн ойд тусгайлан уран бүтээлийн ямар бэлэг барьж байна вэ?

-Яг ойд зориулсан бэлэг шүлэг гэхээр юм ч алга. Энэ онд “Талын булгын вант улс” гэж номоо хэвлүүллээ. Одоо нэг ном “нухаж” байна. “Ганзагалаа” гэж нэрлэчихээд байгаа. Уулзаж учирч явсан нөхөд, орон дэлхийгээр явж байхад төрсөн сэтгэгдэл, үзсэн харснаа ч бичиж оруулахаар төлөвлөж байна. Михаил Пришвиний бичсэн байгалийн тухай ном гээд би ярьж л байдаг даа. Орчуулчих бодол бий, уг нь эхэлчихсэн юм. Хүмүүсийн сонорт хүргээгүй шүлгүүд ч байж л байх юм, тэднийг бөөгнүүлбэл нэг ном болчих л юм байгаа юм. Гэхдээ тэднийг одоо хэвлүүлчихнэ гэж хэлж буй юм биш. Манай нутгийнхан мал төхөөрөөд дутуу гэдэс айлд өгдөггүй юм.

-Яруу найрагч хүмүүс олон дуутай байдаг нь ёс юм шиг. Шүлэг нь дуу болоогүй найрагч гэж байдаггүй байх. Явуу багшийн тань л гэхэд 40 гаруй шүлэгт нь Д.Лувсаншарав агсан ая хийсэн байдаг гэж дуулсан. Таны хэдэн шүлэг дуу болчихоод байна?

-Нэлээд хэд бий шүү. Б.Шарав, Б.Магсаржав, Б.Бямбабаяр, Ж.Бүрэнбэх, Т.Сэр-Од, “хоовон” хэмээх Энхбаяр гээд миний шүлэгт ая хийсэн хүн цөөнгүй. Н.Жанцанноров ч дуу болгосон шүлэг бий. “Сүслэн хайрлаж яваарай”, “Мөнгөн бороо” гээд дуунуудыг маань хүмүүс дуулж л байдаг юм.

-Зарим дуу шүлэгт хөшөө босгосон байдаг. Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, Ч.Сангидоржийн “Зулай цагаан Алтай” гэх мэт дуу, Ш.Сүрэнжавын “Багш” шүлэг хөшөөтэй. Таны шүлэг, дуунд ч бас хөшөө бий гэж дуулсан юм байна.

-Хоёр шүлгэнд минь “юм” босгосон байдаг. Нэг нь Бүрэн сум руу маань орох босго-Монгол уулын хөтөл дээр бий. Түүн дээр “Нутгийн дуу” гэж дуу болсон шүлгийн минь

Алтан хундагын дэлбээнд нь

Мөнгөн шүүдэр сөгнөөстэй

Аавын мөртэй шороонд нь

Есөн эрдэнэ үелээстэй

Сүргийн бэлчээр бэл рүүгээ

Сүүдэр ч үгүй хөхрөөстэй

Сүүгээ өргөх ээжий минь

Хүүгээ дандаа санаастай гэсэн

мөрүүд байдаг юм.

Хоёр дахь нь УБТЗ-д байгаа. Тэнд

Төрсөн заяа минь хар мод билээ

Төөрөг заяа минь

Төмөр замын дэр мод билээ

…Би бол:

Хуучин дэр мод би бол

Мод нэртэй төмөр

Эр мод оо!

Монголоо гэсээр дуусах

Дэр модоо гэж бичсэн байна лээ. “Хуучин дэр модны дууль”-иас маань авсан мөрүүд л дээ.

-Та хөгшин, залуу олон найзтай, олонтой хүн гэдгийг би мэднэ. Гэхдээ олон дундаас онцгой гэж байх. Хамгийн түрүүнд нэр нь, утасны дугаар нь санаанд тань ороод ирдэг хэн хэн байна?

-Хэдэн хөгшдөө л санах, үгүйлэх юм даа. Тэд минь их цөөрч байна. Санжийн Пүрэв “яваад” өгсөн, хэдхэн хоногийн өмнө Сүрэнжав маань биднийгээ орхилоо. Утасны дугаар нь л үлдээд байх болж байна шүү. Гэхдээ “дэлдэн” Бадарчаас маань эхлээд хэдэн “юм” ч бас байна аа.

З.Дорж, Т.Очирхүү, Б.Хүрэлбаатар, С.Оюун, Л.Лувсандорж, Д.Цэмбэл, Х.Сампилдэндэв, Д.Отгонсүрэн, Ч.Билигсайхан… эднийхээ номыг уншиж, сайхан дуунуудыг нь сонсож суух юм даа.

-Та ер нь хаана, хаана ажиллаж явсан бэ. Б.Пүрэвдаш та хоёр Намын төв хороонд ажиллаж байсан гэдэг бил үү?

-Өнгийн хангайн ажил хийж явлаа. Амьдрал сонин шүү, нэг цагт дэлгүүр манаж явсан би НТХ-нд долоон жил ширээ манаж үзсэн. Сонингуудад нэлээд ажиллаж “Ардын эрх”, “Өнөөдөр”-т сайхан нөхөдтэй, жаргалтай байсан шүү.

-Эргээд бодож байхад гэмшмээр, харуусмаар юм хэр байх юм дээ.

-Нэг их толгой ганзагалаад харамсаад явдаг юм бага. Гэхдээ цаг их дэмий өнгөрөөсөн байх юм. Хайран цаг.

Цоодол гуай намайг автобусны буудал хүргэж үдлээ. Хотын төвөөс зайдуу байх болсноос нөхдөөсөө хөндийрч, уйдах янзтай байдаг болов уу гэж бодож явснаас хүн амьтан хэр орж, гарч байдгийг нь тандвал саяхан Доржзовдын Энхболд, Бум-Эрдэнэ гурвуул ирсэн, Н.Гантулга, Б.Хүрэлбаатар, Ж.Дамдиндорж нар ч ойрмог ирсэн. А.Лхагва хүүтэйгээ ороод гарсан. Маргаашнаас Д.Төрбат, Х.Зандраабайди,З.Ядмаа нар ирнэ. Ж.Саруулбуян таван боть ном хэвлүүлснээ авчирч өгөх сураг дуулдаж байна гэлээ. Энэ айл хөл тасардаггүй хэвээрээ л байгаа юм байна.

Ашгүй автобус ч удалгүй хүрээд ирэв. Жолооч нь “Та чинь Дөнгөтийн Цоодол гуай мөн үү” гэж асууж байна. Мань хүн “Мөн мөн” гэчихээд эргээд алхчихав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)