Д.ЦОГТЖАРГАЛ: Ногдуулах татварыг бууруулсан ч орлого өснө

Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргалтай ярилцлаа.

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбоотойгоор танай алба ямар ажил хийж байна вэ?

-Энэ жил татварын албаныхны хувьд онцлог жил болж байна. Учир нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор нэлээд олон ажил хийж буй. Татварын шинэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор дагаж гарах журмын өөрчлөлтийг татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд таниулах, мэдээллээр ханган, сургалт явуулж байна. Мөн татварын албаныхныг чадавхжуулах болон Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэх, техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

-Шинэчлэн найруулсан татварын хууль иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэр “ээл”-тэй байх бол?

- Юуны түрүүнд, татвар ногдуулах, тайлагнах үйл явцыг хялбаршуулан, татвар төлөгчдөд очих татварын ачааллыг бууруулж, төлбөр хураамжийг багасгасан. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, орлого, ашгийг нь өсгөхөд дэм болох болов уу. Тодруулбал, татварын албаны 2018 оны статистикт үндэслэснээр аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчдийн 90 гаруй хувь нь ирэх онд орлогынхоо нэг хувиар татвар төлж, төлсөн дүнгийнхээ 90 хувийг буцаан авах боломж бүрдэхийн зэрэгцээ 25 хувийн татвар төлдөг босгыг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр 50 орчим тэрбум төгрөг компаниудад үлдэх юм. Анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд олгодог буцаалтын хэмжээг нэмэн, барилга байгууламжидэлэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 болгон бууруулсан гэх мэт татвар төлөгчийн ашгийг өсгөх боломжтой олон заалт бий.

...Татварын албаны 2018 оны статистикт үндэслэснээр аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчдийн 90 гаруй хувь нь ирэх онд орлогынхоо нэг хувиар татвар төлж, төлсөн дүнгийнхээ 90 хувийг буцаан авах боломж бүрдэхийн зэрэгцээ 25 хувийн татвар төлдөг босгыг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр 50 орчим тэрбум төгрөг компаниудад үлдэх юм...

-Татварын хэмжээг бууруулж, тайлангийн хугацааг уртасгасан ч орлогыг өсгөнө гэж тооцсон юм билээ. Орлогыг хэрхэн өсгөх талаар тодруулахгүй юу?

-Энэ онд Татварын ерөнхий газар улс, орон нутгийн төсөвт 5.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл ирэх жил 6.2 их наяд төгрөг буюу 2019 оныхоос татварын орлогыг 800 тэрбум төгрөгөөр өсгөх төслийг Сангийн яамнаас Улсын Их Хуралд өргөн барьсан. Энэ нь татварын эрх зүйн орчны болон татварын албаны шинэчлэлийн бодлогын нөлөөгөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжин, борлуулалт, ашгийн хэмжээ нь өсөн, ашигт ажиллагааны түвшин дээшилнэ хэмээн тооцсоных. Мөн татварын албанаас татварын суурийг өргөжүүлэн, татвар төлөгчийн тоог олшруулах бодлого баримталж буйн үр дүн. Товчхондоо, их, бага ямар ч орлого олж буй иргэн, аж ахуйн нэгж бүрийг бүртгэлжүүлж, тухайн бизнесийн онцлог, цар хүрээ, борлуулалтад тохирсон татварын талаарх мэдлэг, мэдээллээр ханган, татвараа тайлагнах үйлдлийг нь хялбаршуулж, ногдуулах хэмжээг үнэн зөв тогтоосноор татварын орлого өснө гэж тооцож байна.

-Сүүлийн гурван жил татварын орлого тогтмол өссөн. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа. Макро эдийн засгийн байдал сайжирсан, экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр, төрөл олширч, түүхий эдийн үнэ өндөр байгаа нь татварын орлого өсөхөд голлон нөлөөлдөг. Мэдээж татварын албаныхны хүчин чармайлт, татвар төлөгчдийн үүрэг, хариуцлагыг харгалзах нь зүйтэй. 2016 оноос мөрдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт сайн байгаа нь татварын орлогыг өсгөх, далд эдийн засгийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж буй. Тухайлбал, 2016 онд цахим төлбөрийн системд холбогдсон 65 000 иргэн, аж ахуйн нэгж байсан бол өнгөрсөн жил 118 000, энэ жил 140 000 орчим болж нэмэгдсэн. Энэ бол татварын суурь бааз өргөжиж буйн жишээ. Одоо илүү олон борлуулагч, бизнес эрхлэгч, хувь хүнийг цахим төлбөрийн системтэй холбохоор ажиллаж байна.

-Томоохон зах, худалдааны төвүүдийг үйлчлүүлэгчдэд и-баримт олгуулна гэсэн. Энэ ажлын үр дүн төдийлөн харагдахгүй, иргэдэд баримт өгөхгүй хэвээр байна шүү дээ.

-Татварын албанаас бизнес эрхлэгчид, лангуу түрээслэгч бүрийг цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг тасралгүй хийж байна. Үүний хүрээнд тухайн бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны чиглэл, борлуулалт, орлогод тохирсон баримт хэвлэх төрөл бүрийн машинаар хангахад анхаарч буй. Заавал посс машин авахгүйгээр гар утаснаасаа ч и-баримт олгох технологи нэвтрүүлж эхэлсэн. Энэ ажилд тухайн зах, худалдааны төвүүдийн эзэд, харьяа дүүрэг, хорооны холбогдох албадын оролцоо ч зайлшгүй хэрэгтэй. Мөн ирэх оноос хэрэгжүүлэх хуульд аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг и-баримтаар баталгаажуулсан байх, үйл ажиллагаа явуулж буй нэгж бүр цахим төлбөрийн системд холбогдсон тохиолдолд татварын хялбаршуулсан горимд нэвтрэх нөхцөлийг тусгасан. Түүнчлэн Эрүүл мэндийн яамтай хамтран улсын эмнэлгүүдийн үйлчилгээнд и-баримт олгуулж эхэлсэн. Удахгүй хувийн эмнэлгүүдийг ч цахим төлбөрийн системд хамруулж, үйлчлүүлэгчдэд баримт олгуулахаар ажиллаж байна.

-Техник, технологийн шинэчлэлийн ажлуудаасаа танилцуулна уу?

-Энэ жил татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлж эхэллээ. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа татварын албадтайгаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран харилцаж, цахимаар ажлаа амжуулна гэсэн үг. Татварын мэдээллээ цахимаар авч, тайлангаа илгээн, хураамжаа ч төлөх боломжтой. Мөн татвар төлөгчдийн хамгийн их хэрэглэдэг и-баримт аппликэйшнийг ашиглан төрийн үйлчилгээ авах, баримт олгоогүй тохиолдолд гомдол гаргах, авсан арга хэмжээнийх нь талаар мэдээлэл шуурхай авах зэрэг үйлчилгээ нэвтрүүллээ. Техник, технологийн шинэчлэл нь иргэдийн төдийгүй татварын албаныхны цаг зав, хөрөнгө, зардлыг хэмнэх нь дамжиггүй.

-Зарим иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлж буйдаа сэтгэл дундуур байдаг. Бараа, үйлчилгээ худалдан авахад 10 хувийн татвар нэмэн, хоёр хувийг нь буцаан олгож, урамшуулал нэрээр хүмүүсийг татварын дарамтад оруулж байна гэдэг. Ер нь манай татварын хувь хэмжээ бусад орныхтой харьцуулахад ямар байдаг бол?

-Татварын дарамт гэж нэрлэхээс илүүтэй дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох татварын орлогын хэмжээгээр татварын ачааллыг тооцдог ойлголт дэлхий нийтэд бий. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын ДНБ-д эзлэх татварын орлого нь 34 орчим хувь бол манайд 22 байгаа нь дундаж түвшин юм. Бид орлогын албан татварын хувь хэмжээгээр 212 улсаас 61 дүгээрт жагсдаг бол, НӨАТ-т 10 хувь ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжүүлдэг дийлэнх улсаас 8-10 хувиар бага дүн юм. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-т төлсөн дүнгийн 20 хувийг буцаан олгож, сугалаанд хамруулдгаараа онцлог.

-Татварын орлого төвлөрүүлэхтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?

-Бид энэ оны эхний есөн сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 4.2 их наяд төгрөг хуримтлуулсан. Оны эцсийн дүнгээр 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татдаг нэг зүйл нь албан татварын буцаан олголт, урамшуулал. Энэ оны эхний есөн сард хувь хүний орлогын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 63.6 мянган иргэнд 36.9 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны урамшуулалд 146.3 мянган иргэнд 7.4, албан татварын 20 хувийн буцаан олголтоор 794 000 иргэн, аж ахуйн нэгжид 121.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ. Үүнээс гадна 13 000 орчим иргэн цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хувийн мэдээлэл нь зөрүүтэйн улмаас буцаан олголтоо авч чадаагүй байгаа бөгөөд мэдээллээ залруулсан тохиолдолд мөнгөө авах бүрэн боломжтойг дуулгая.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)