Д.Цогтбаатар: Экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь түүхэн дээд амжилт боллоо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад харилцааны яамны 2019 оны тайланг танилцууллаа. 

Тэрбээр "Гадаад харилцааны яам 2019 онд улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг сэргээн сайжруулахад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хилийн чанадад Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, улс орноо сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлэн ажиллав. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7 тэрбум ам.долларт тус тус хүрсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ. Харин 2019 онд энэхүү үзүүлэлтийг ахиулж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13,7 тэрбум ам.доллар, түүний дотор манай экспорт 7.6 тэрбум ам.доллар болж өссөн нь дахин түүхэн дээд амжилт боллоо. 

Өнгөрсөн онтой харьцуулахад худалдааны эргэлт 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ өнгөрсөн оноос 607,9 сая ам.доллар буюу 8,7 хувиар, импорт өнгөрсөн оноос 252,6 сая ам.доллар буюу 4,3 хувиар тус тус өсч, гадаад худалдааны тэнцэл 1,49 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ нэмэгдсэн төдийгүй, хамгийн гол нь экспортын  төрөлжилт чанаржсан. Гадаад  худалдааны тэнцэл нэмэх 1,49 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэхэд эерэгээр нөлөөлж, нийт нөөц 4,39 тэрбум ам.долларт хүрсэнд гадаад харилцааны салбар онцгой үүрэг гүйцэтгэсэн" хэмээн мэдээлэлдээ онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)