Д.Хонгор: Физикийн олимпиадын гурван бодлогыг таван цагийн турш бодсон

боловсрол физикийн олимпиад

Олон улсын Физикийн 50 дахь олимпиад өнгөрсөн сард Израилын Тель-Авив хотод болсон. Тус олимпиадад манай сурагчид амжилттай оролцож хоёр хүрэл медаль эх орондоо авчирсан юм. Мөн нэг сурагч тусгай байрт шалгарсан билээ. Хүрэл медалийн эзэн болсон, Монгол,Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Д.Хонгортой ярилцлаа.

-Хэзээнээс физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн юм бэ?

-X ангиа төгсөөд XI ангид орох зун. Манай сургууль гадаад хэлийг чухалчилж, гүнзгийрүүлж үздэг. Тиймээс би физикийн хичээлийг бусад сурагчийн адил ерөнхий боловсролын сургалтын хэмжээнд л үздэг байв. Хичээлдээ сонирхолтой байсан ч олимпиадын талаар төдийлөн мэддэггүй байсан. Нэг удаа астрономи, астрофизикийн тухай олж уншсан юм. Мөн Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокингийн намтрыг уншиж, түүний тухай кино үзсэнээр одон орон, шинжлэх ухаанд сонирхолтой болсон. Гаргасан номыг нь ч шимтэн уншив. Түүнийг улам нарийн судалж физикч гэдгийг нь мэдээд зориг гарган тэр чиглэлээр хичээллэж эхэлсэн.

-Хэлний сургууль учраас математик, физикийн хичээлийг гүнзгийрүүлж зааддаггүй гэлээ. Хэрхэн гүнзгийрүүлж судлав. Хичээлээс гадуур бэлддэг байсан уу?

-Тийм. Физик, математикийн сургууль биш учраас сурагчдыг энэ чиглэлээр олимпиадад бэлддэггүй. Сонирхолтой байсан учраас орос, монгол хэлээр ном цуглуулж, уншиж эхэлсэн. Тэгж судалж байхдаа өөрийгөө их хол хоцорсон гэдгээ мэдлээ. Тэгээд л хоцрогдлоо арилгахын тулд сурах бичгүүд хайж, уншсан. Эхэн үед бодлого бодоогүй. Суурь ойлголтоо сайн авахгүй бол гүнзгийрүүлж судлахад хэцүү. Физикийн тухай ном уншиж, суурь ойлголттой болсныхоо дараа бодлого бодъё гэж шийдсэн л дээ. Дараа нь их сургуулийн багш нартай уулзаж зөвлөгөө авсан.

-Их сургуулийн багш нартай уулзаад, зөвлөгөө авахад дургүйцсэн үү?

-Дургүйцсэн багш байгаагүй. Хамгийн гол нь асуудлаа сайн тайлбарлаад, тусламж хүсэхэд цааргалахгүй. Би хамгийн анх МУИС-ийн Г.Батсүх гэдэг багштай уулзаж, физикийн хичээлийг гүнзгий судалмаар байна гэдгээ хэлсэн юм. Эхлээд шалгалт авч, түвшин тогтоосон. Мэдээж миний мэдлэг ямар шатанд байгааг мэдэх шаардлагатай тулгарсан биз. Ингээд надад тохирсон ном, сурах бичиг өгч, юуг анхаарах ёстойг заав. Дараа нь Д.Улам-Оргих гэж багшийн тусламжтайгаар физикт хэрэглэдэг математикийн онолуудыг гүнзгийрүүлэн судалсан. Мөн “Сант” сургуулийн дээд ангийнхнаас асуухад татгалзаагүй.

-Анх хэзээ олимпиадад оролцсон бэ. Ямар амжилт гаргаж байв?

-Анх физикийн олимпиадад орохдоо байр эзэлж, шагнал авъя гэж бодоогүй. Дөнгөж физик сонирхож эхэлсэн үе буюу X ангид байхдаа орсон юм. Тэгэхэд өөрийгөө бусад хүүхдээс ямар их хоцорсныг мэдсэн. Амжилт гаргаагүй ээ. Их л доогуур орсон байх. Дүнгээ хараагүй. Дараагийнхад нь харин их зориг гаргасан. XI ангидаа олон улсын олимпиадад орохын тулд оноо цуглуулах хэрэгтэй байсан юм. Тэгээд анги ахиж орохоор оноо сайн авдаг гэхээр нь XII ангийнхны олимпиадад оролцсон. Анхны олимпиадаас өөрийнхөө түвшнийг мэдчихсэн байсан учраас зуны гурван сар тасралтгүй бэлдэв. 

Тэгж бэлтгэсний ачаар XII ангийнхантай өрсөлдсөн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. Тухайн үед их сонин мэдрэмж төрсөн. Учир нь физик, математикийн чиглэлээр улсдаа хамгийн мундаг, энэ төрлийн олимпиадад Нэгдүгээр сургууль болон “Сант”, “Шинэ Монгол”-ынхон ихэвчлэн амжилт гаргадаг. Гэтэл би хэлний сургуулиас ороод, медаль хүртчихсэн чинь хүмүүс гайхаж буй нь мэдрэгдсэн. Манай сургуулийн багш нар хүртэл их гайхсан.

-Сэтгэл дундуур оролцсон олимпиад бий юү?

-Энэ жил нэг олимпиадын дараа жаахан гонсойсон. Учир нь манай сургуулийн төгсөх ангийнхан ОХУ-д төгсөлтийн шалгалтаа өгөх ёстой байдаг. ОХУ-ын элсэлтийн ерөнхий шалгалт гэж ойлгож болно. Тэнд орос хэлний шалгалтыг орос хүүхдүүдийн хэмжээнд өгдөг учраас их хэцүү. Би сүүлийн хоёр жил зөвхөн физикт анхаарлаа хандуулчихсан учраас орос хэлний хичээлдээ жаахан хоцорчихсон байж. Тиймээс ангийн багш хичээлийн дараа надад ганцаарчилсан давтлага өгч, уран зохиолын ном унших шаардлагатай болж, физикээ түр орхичихсон юм. Түүнээс болоод энэ жилийн оноо цуглуулах хоёр дахь олимпиадаас медаль хүртэж чадаагүй.

-Орос, монгол сурах бичгийн ялгаа бий юү. Аль нь илүү ойлгомжтой байдаг вэ?

-Манай эрдэмтдийн гаргасан сайн сурах бичгүүд бий. Гэхдээ манай сургуульд бүх хичээл оросоор үздэг. Тиймээс орос сурах бичгүүдийг түлхүү ашигладаг юм. Мөн ОХУ шинжлэх ухааны арвин түүхтэй, Нобелийн шагналт физикчид ч олон байдаг. Түүнийгээ дагаад өргөн хүрээнд судлах боломжтой учраас оросын сурах бичиг хэрэглэхийг илүүтэй үзэж байлаа.

-Физикээс гадна өөр ямар хичээлд сонирхолтой вэ?

-Математик, хэлний чиглэлийн хичээлд дуртай. Үүнээс гадна хими, биологийн хичээл сонирхолтой санагддаг. Физикээр хичээллэж эхлэхээс өмнө биологийн шинжлэх ухааныг судалдаг байсан. Учир нь дэлхий дээр олон төрлийн бүтэцтэй, сонирхолтой амьтад бий. Амьдрах боломжгүй нөхцөлөөс ч амьд биет олддог учраас тэднийг хэрхэн амьдардаг, дасан зохицох чадвар болон яаж амьд үлдээд байгаа нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, дотоод бүтэц нь сонирхол татдаг. Гэхдээ физик түүнээс ч сонирхолтой юм билээ.

-Олон улсын физикийн олимпиадад оролцохын тулд ямар шаардлага хангасан бэ. Хэчнээн улсын хүүхэд оролцов?

-Нэг улсаас таван сурагч оролцох боломжтой. Олон улсад шалгарахын тулд тив, улс, хотын хэмжээний олимпиадад оролцож, оноо цуглуулдаг. Үүн дээр сорил шалгалтууд авна. Олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг сургалтад суулгаад, сорил авч, дахин шигшдэг. Хамгийн өндөр оноотой, илүү амжилт гаргасан таван сурагч оролцох эрхтэй болно гэсэн үг. Энэ жил 78 орны 360 гаруй хүүхэд оролцсон.

-Өнгөрсөн жил мөн олон улсын олимпиадад оролцсон. Энэ жилийнх ноднингийнхоос юугаараа онцлог болсон бэ?

-Энэ жилийнх 50 дахь удаагийнх гэдгээрээ оролцогчдод илүү өндөр шалгуур тавьсан. Бодлого нь ч хүнд байлаа. Хүүхдүүдийн тэр бүр гүнзгийрүүлж судалдаггүй сэдвүүдийг их тусгасан байсан. Өмнө жилүүдийн бодлогыг тэр жилд нь бэлддэг байсан бол энэ удаагийнхыг хоёр жил боловсруулсан гэж сонссон. Тэгэхээр нэлээн ач холбогдол өгсөн нь мэдэгдэж байгаа юм. Олимпиад онол, дадлага гэсэн хоёр үе шаттай. Дадлагад ихэвчлэн хэмжилт хийх аргыг заадаг. Энэ жилийн онцлог нь дадлагын бодлогод хэмжилтийнхээ аргыг хүүхэд өөрөө олох ёстой байсан нь маш хэцүү санагдлаа.

-Өөртөө итгэлтэй байсан уу?

-Медаль авч магадгүй гэж бодсон ч эргэлзэх зүйл байсан. Ихэвчлэн миний хүнд гэж боддог сэдвүүдийг оруулсан нь нэлээн сандаргалаа. Таван цагийн хугацаанд гурван бодлого боддог. Хэдий урт хугацаа юм шиг боловч бичээд, төвлөрөөд суухаар маш хурдан өнгөрнө. Цаг тутамд хонх дуугарч, хүүхдүүдэд дохио өгдөг. Тэр нь надад бүр их түгшүүр төрүүлсэн. Олимпиадын дүнг хаалтын ажиллагаа буюу хамгийн сүүлчийн өдөр танилцуулдаг. Шалгалтын өдрөөс хоёр хоногийн дараа гэсэн үг. Олимпиадын дараа дүн гарах хүртэл хүүхдүүдтэйгээ ярилцаад, өөрөө ч тухтай бодож үздэг юм. 

Тиймээс ер нь хэр хэмжээнд оролцсоноо гадарладаг. Энэ жил нэлээн хэдэн алдаа гаргасан. Ихэвчлэн математикийн бодлогыг алдчих шиг болсон. Өнгөрсөн жил Португал улс уг олимпиадыг зохион байгуулсан. Хамт явсан хүүхдүүдээсээ нэг дүү, мөн анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа маш их сандарлаа. Гэхдээ хааяа сандарч байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Учир нь сандарсан ч гэсэн бүх бодлогоо маш хянуур бодсон. Харин энэ жил өмнө нь орж үзсэн гээд өөрийгөө жаахан дээгүүр үнэлчихсэн юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ амжилтаа ахиулсандаа баяртай байна.

-Гурван багш хамт явсан шүү дээ. Израилд очоод шалгалтад орох өдрөөсөө өмнө ч бэлтгэлээ хийсээр байв уу?

-Очингуут багш, сурагчдыг тусгаарладаг. Учир нь багш нар шалгалтын материалыг орчуулдаг. Гурван багшийн хоёр нь орчуулж, нэг нь хянадаг. Зөвхөн онолын шалгалтын материал гэхэд л 20 гаруй хуудас. Тиймээс орчуулж байгаа хоёр багшийг алдаа гаргасан, эсэхийг хянагч багш шалгана. Бид Тель-Авив хотод ес хоносон. Үүний хоёр өдөрт нь л шалгуулсан шүү дээ. Бусад өдрүүдэд нь тухайн улсын түүхэн газруудтай танилцаж, аялсан. 

Хамгийн сонирхолтой нь Сөнөсөн тэнгис. Тэр тэнгист бактериас өөр амьтан байдаггүй юм билээ. Учир нь маш их давстай. Ус руу нь орохоор арьс их гууждаг юм билээ. Сэлж болохгүй. Нуруугаараа хэвтээд хөвж л болно гэж хэлсэн. Физик талаас нь бодоод үзэхэд тэнгисийн давсны нягтаас илүү гарсан жинтэй зүйл л живэх юм билээ. Тэгэхээр ямар ч хүн живэх боломжгүй. Өнгөрсөн жил Португалын түүхэн газруудаар аялсан. Анх удаа гадаадад очиж үзсэн учраас бүх юм нь гайхалтай санагдаж байлаа. Португал христийн шашинтай улс учраас цайз, цамхаг ихтэй нь бүр илүү содон харагдаж билээ.

-Бусад орны сурагчдын олимпиадын бэлтгэлийн явц, сургалтын системийг сонирхсон уу?

-ОХУ-ын сургалтын систем арай өөр юм шиг санагдсан. Мөн бусад улс хүн ам ихтэй учраас шалгаруулалт нарийн, өрсөлдөөн ихтэй гэсэн. Тиймээс маш сайн бэлдсэн хүүхдүүд оролцдог. Хятадууд гэхэд л хамгийн багадаа нэг жил, өдөрт 10 цагийг зөвхөн олимпиадын бэлтгэлд зарцуулдаг гэсэн. Мөн тус улсын эрдэмтэд нь олон улсын олимпиадад ордог шиг бодлого зохиож, бэлдүүлдэг. Тэгэхээр хүүхдүүд нь олимпиадад ороод сурчихсан байдаг гэсэн үг. Өөр ингэж бэлддэг улс бараг байхгүй. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хятад хүүхдүүд.

-Энэ жил XII ангиа төгссөн шүү дээ. Ямар мэргэжил сонгосон бэ?

-Инженер технологийн чиглэлээр суралцах бодолтой байгаа. Гэхдээ мэдээж физикээ орхихгүй. ОХУ-д суралцахаар бүх бэлтгэлээ хангасан байсан. Гэвч багаасаа орос хэл сурч, тэр улсын түүх, соёлыг судалсан учраас арай өөр орчинд суралцаж үзмээр санагдаад АНУ-ын сургуулиудаас сонирхож үзлээ. Шалгалт өгөх, бэлтгэл хангах зэрэг ажлууд оны сүүлчээр дуусна. Тэгээд ирэх хавар гэхэд бараг явчих байх. Монголд сурах боломжтой ч өөр орны багш нараас туршлага судлаад, эх орондоо ирж ажиллах нь илүү дээр гэж бодсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)