Д.Хаянхярваа: Прокурорын хүсэлтийг бүлэг маргааш хэлэлцэнэ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн албан тушаалаас чөлөөлөх Засгийн газрын саналыг хэлэлцлээ.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Б.Батзориг сайдын албан тушаалаас нь чөлөөлөх Засгийн газрын саналыг бүлэг дээр танилцуулсан. Өөрөөр хэлбэл, маргааш өглөө 09.00 цагт Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хороо хуралдаж, 11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа бүлэг хуралдаж, прокурорын хүсэлтийг хэлэлцэнэ” гэв.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-Зээл авсан бусад сайд, гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Зээл авсан гишүүдийг шалгах, зээлийг нь эргэн төлөхийг шаардаж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаад буруутай нь тогтоогдвол дараа дараагийн арга хэмжээг авна. Ёс зүй гэдэг талаасаа ард түмнээс уйчлалт гуйхыг шаардаж байгаа.

-Б.Батзориг сайдыг огцруулах шийдвэр нь бүлгийн шийдвэр үү, эвсэл прокурорын шийдвэрийг үндэслэж байна уу?

-Б.Батзориг гишүүн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Засгийн газраас үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан учраас бүлэг дээр ярилцсан. Прокурорын саналыг маргааш хэлэлцэнэ.

-Бусад сайдыг огцруулах асуудлыг ярилцсан уу. Өөр сайдууд үлдээд байна гэсэн асуудлыг хөндөж байна шүү дээ?

-Энэ талаар яриагүй. Өөр сайдын асуудал хөндөгдвөл хэлэлцээд явах байх. Хамгийн түрүүнд Б.Батзориг сайдын эрхлэх асуудлын хүрээнд гардан хариуцаж байсан учраас эхний ээлжинд хариуцлагын асуудал яригдаж байгаа.

-Прокуророос яг ямар агуулгатай бичиг ирсэн бэ. Яллагдагчаар татсан юм уу?

-Гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)