Д.Уул: Энэ төсөл хоёр орны соёлын харилцаанд онцгой үүрэгтэй

Монголын телевизийн салбарынхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол одон” телевизтэй хамтран “Торгоны зам кино телевизийн гүүр” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар ӨМӨЗО-ы “Монгол одон” телевизийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, БНХАУ-ын Кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төвийн захирал Д.Уулаас тодрууллаа.

-БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний 2014 онд хийсэн айлчлалын хүрээнд олон гэрээ хэлцэл хийсний нэг нь Хятадын шилдэг киног Монголд үнэ төлбөргүй гаргах тухай байсан. Үүний дагуу “Торгоны зам кино телевизийн гүүр” төсөл хэрэгжүүлэх болсон уу?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлог. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орон нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүй гэхчлэн олон салбарт амжилттай хамтарч буй. Ялангуяа соёл, урлагийн салбарт олон жил тууштай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Өдгөө хэрэгжүүлж буй “Торгоны зам кино телевизийн гүүр” төсөл ч үүний нэгээхэн хэсэг. 

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ манай хоёр улсын хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд олон талт хэлэлцээр байгуулж, Монголд Хятадын шилдэг 25 кино бүтээлийг үнэ төлбөргүй гаргах болсон юм. Таны асуусанчлан төрийн айлчлалын хүрээнд хийсэн гэрээ хэлцлийн үр дүн гэж ойлгож болно. 

Эл төслийн хүрээнд БНХАУ-ын Радио, телевиз, хэвлэл мэдээллийн яамны дэргэд Кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төв байгуулж, улмаар “Халх монгол хэлний кино орчуулга” хэмээх шат дараалсан төслүүд хэрэгжүүлсэн. Одоогоор уран сайхны тав, 1517 анги бүхий олон ангит 33 киног орчуулан, дуу оруулаад байна. Үүнээс уран сайхны хоёр, 1306 анги бүхий олон ангит 28 киног Монголын телевизүүдээр цацаж, олны хүртээл болгосныг монгол үзэгчид мэдэж байгаа болов уу.

-Эгэл амьдрал, жирийн хүмүүсийн аж байдлын тухай өгүүлсэн “Хайрлаж дурласан 10 жил”, “Миний гэр бүлийн аз жаргал” зэрэг кино манай үзэгчдэд нэлээд таалагдсан гэж боддог. Ер нь амьдралын бодит үнэнтэй ойр уран бүтээл ямар ч орны үзэгчдэд орчуулгагүй ч гэсэн хүрдэг мэт санагддаг?

-Тийм шүү, ямар ч зүйл энгийн байх тусмаа хүмүүст илүү хүрдэг. БНХАУ-ын хамгийн шилдэг гэсэн кинонуудыг орчуулж гаргасныг монголчууд таашааж буйд баяртай байна. “Эцэг, эхийн хайр”, “Эгэл ертөнц”, “Бээжин хотын залуус”, “Залуу эмч нар”, “Хоёр эзний нэг зарц”, “Хайрлаж дурласан 10 жил”, “Ланяа бичээс”, “Бугын тэмдэгт тулга”, “Халуухан ээж”, “Дэггүй аав”, “Миний гэр бүлийн аз жаргал”, “Фү Яаогийн домог” гэх мэт шилдэг бүтээлийг МҮОНТ, UBS, TV5, “Mонгол HD”, “Asian box”, NTV, “Royal HD” зэрэг 20 гаруй телевизийн сувгаар үзэгчдэд хүргэж байгаа.

-Соёлын харилцааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход энэ төсөл ямар ач холбогдолтой вэ?

-Манай хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд туршлага солилцох, харилцаагаа өргөжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ салбар бол Хятад, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй шүү дээ. Монголчууд биднийг дэмжин, хамтран ажиллаж буйд талархаж байна. Уран бүтээлчид хамтран ажиллана гэдэг асар чухал нөлөөтэй. Бие биеэсээ их зүйл сурч, туршлагаа хуваалцаж улам чадавхжиж байна.

-Анзаараад байх нь ээ, төслийн хүрээнд гаргаж буй кинонууд хүн чанар, ёс суртахууныг дээдэлсэн сэдэвтэй мэт санагдсан. Өөр төрөл, сэдвийн кино гаргах уу?

-Та зөв анзаарчээ. БНХАУ-ын Кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төвийнхний сонгосон кинонуудын гол онцлог нь ахмадаа хүндэлж, нялхсаа хайрлах сэдэвтэй. Ер нь энэ тал дээр түлхүү анхаарч, бодлого болгон авч явж байгаа. Мөн хотын хөгжил, шинжлэх ухаан, техник, технологи, бизнесийн ухаан, хайр дурлалын сэдэвтэй кинонуудыг монгол үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа. 

Тиймээс манай хоёр орны найрсаг харилцааг нэмэгдүүлэхийн сацуу олон талт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна. Соёл, урлагийн чиглэлээр хамтран ажилласнаар аливаа улс орнуудын нөхөрсөг харилцаа улам бэхэждэг.

-Төслийн цар хүрээ их өргөн гэж дуулсан. Зөвхөн уран сайхны кино түгээх бус, өөр олон нэвтрүүлэг, баримтат кино хийнэ гэсэн үү?

-Энэхүү төслийг 2014 онд эхлүүлсэн бөгөөд эхний таван жилийн ажил маань амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн уран сайхны киногоор хязгаарлахгүй. Хоёр орны түүх, харилцаа, хамтын ажиллагааг харуулсан баримтат кино хийнэ. Мөн МҮОНРТ-тэй хамтран “Сайн байна уу Өвөрмонгол”, “Болор шинэ жил”, Сар шинийн баярт зориулсан нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн. “Боловсрол” телевизтэй хамтран хятад хэлний зайны сургалт, “Гал тогоо” нэвтрүүлэг хийж эхэлсэн. Түүнчлэн “Малчин” телевизийнхэнтэй хавсран хоёр орны малчдын туршлага солилцох, санал бодлоо хуваалцах боломж бүхий нэвтрүүлэг бэлтгэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)