Д.ТӨМӨРСҮХ: “Кракко” галерейд 200 гаруй сонирхолтой бүтээл бий

“Кракко” арт галерейн куратор Д.Төмөрсүхтэй ярилцлаа.

-Танай галерей бусдаас ямар онцлогтой вэ?

-Монголын болон гадаадын алдартай уран бүтээлчдийн бүтээлийг цуглуулж, уран зураг сонирхогчдод хүргэхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Тэдний үзэсгэлэнг гаргах, гадаадад сурталчлах ажлыг давхар хариуцдаг. Дотоодод үлдэх ёстой чанартай бүтээлүүдийг аль болох олж авах зорилготой. Түүнчлэн тэдгээрийг олон нийтэд хүргэхийг зорьдог.

-Танай галерейд хэчнээн бүтээл хадгалагдаж буй вэ. Бүтээлүүдийг галерейн цуглуулгад ямар шалгуураар, хэрхэн авдаг вэ?

-Цуглуулагч нар аль нэг уран бүтээлчийн бүтээлийг, эсвэл онцолж нэг урсгалын бүтээлүүд цуглуулах нь элбэг. Манай галерей модерн болон контемпорари урсгалын бүтээлийг түлхүү авч, хадгалдаг. Тухайн урсгалаар туурвидаг алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд ч бий, шинэ, залуу зураачийн бүтээлүүд ч байна. Тухайн уран бүтээлчийн үзэсгэлэн, урлангаар нь очиж үзээд бүтээлээс нь сорчилж авдаг. 200 гаруй сонирхолтой бүтээл цуглуулгад байна. Олон улсын хамтарсан үзэсгэлэн, биеннальд амжилттай оролцсон бүтээл нэлээд бий.

-Цуглуулга дахь хамгийн үнэ цэнтэй, ховор бүтээлээс дурдвал?

-Италийн хэд хэдэн бүтээл байгаа. Төрийн шагналт Ч.Чимэддорж, С.Давгадорж, Ардын зураач Ц.Чүлтэм тэргүүтэй дотоодын алдартай зураач нарын бүтээлүүд ч бий. Ч.Ганбаатар, Н.Энхтайван, Д.Дуулал, Ц.Нарангэрэл нарын залуу уран бүтээлчдийнх ч байна.

-Шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжиж, үзэсгэлэнг нь гаргаж өгдөг гэсэн үү?

-“Кракко” арт галерей өнгөрсөн онд гэхэд л залуу гурван уран бүтээлчийн үзэсгэлэнг гаргасан. Үзэсгэлэнг нь гаргаж, мөн шүүмж, нийтлэл бичихээс авхуулаад тухайн уран бүтээлчийг сурталчлах бүх л ажлыг хариуцдаг юм.

-Өнгөрсөн сард “Цуглуулагчдын үзэсгэлэн” гаргасан. Танай хэд дэх үзэсгэлэн байв?

-Монголд болоод гадаадад гаргасан үзэсгэлэнгээ нийлүүлбэл 30 гарчихсан. Түрүү жил БНХАУ-ын Бээжин, Өвөр Монголын Хөх хотод үзэсгэлэн дэлгэсэн. Сүүлийн жилүүдэд галерейн санд шинээр авсан бүтээлүүдийг сонирхогч, цуглуулагч нарт танилцуулах зорилготойгоор өнгөрсөн сард “Цуглуулагчдын үзэсгэлэн”-г гаргалаа.

-Хувь цуглуулагч нартай холбоотой ажилладаг уу?

-Уран зураг идэвхтэй цуглуулдаг, өөрийн гэсэн урын сантай 87 хүн Монголд бий. Шинээр гаргах үзэсгэлэнгээ танилцуулах болон бүтээл солилцох гэх зэргээр холбоотой ажилладаг. Урлагийн бүтээл тухайн үндэстний онцлогийг тээж явдаг. Тэгэхээр цуглуулсан бүтээлүүдээ зөвхөн өөртөө хадгалах нь их аминчхан явдал гэж би боддог. Тухайн бүтээлийг олонд үзүүлэх л ёстой.

-Дараагийн үзэсгэлэнгээ төлөвлөсөн үү?

-Ирэх намар томоохон хэмжээний хоёр үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Реалист зураачдын бүтээлээр дагнах санаатай.

Ховор зургийн эзэд

Уран зураг цуглуулагчид зөвхөн өөрт таалагдах зургийг авч, хадгалахаас илүүтэйгээр уран бүтээлчдийг дэмжих, сайн уран бүтээлийг авч үлдэх зорилго тээдэг. Ийм ижил зорилго, хүсэлтэй зарим цуглуулагчийн сангаас сонирхуулъя.
Хятадын алдарт зураач Ци Байшигийн “Мөчир”, “Далайн амьтад”, “Шувууд”, “Дэвүүр” нэртэй дөрвөн уран зургийг Монголын цуглуулагч Б.Батбаяр эх хувиар нь хадгалж байна. Б.Батбаярын үүсгэн байгуулсан “Бадамханд” урлагийн музейд дээрх бүтээлүүдээс гадна Японы зураач Китагава Утамаро, Кацушика Хокусай, Испанийн зураач, сюрреализмыг үндэслэгч Сальвадор Дали, Монголын зураач Б.Шарав, Ү.Ядамсүрэн, Г.Одон, Л.Гаваа, Ц.Жамсран, Ц.Доржпалам, Н.Цүлтэм, Д.Чойдог, Ц.Ичинноров, Л.Намхайцэрэн, До.Болд, С.Дондог, Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Ш.Чимэддорж, Н.Авьяабазар, Хятадын зураач Юань Ву, Ван Жимин нарын алдартай зураач, урчуудын бүтээсэн урлагийн бүтээлүүд бий ажээ. Ташрамд сонирхуулахад, Ци Байши уран бүтээлээ ид туурвиж байх үедээ дэлхийн уран зургийн шилдэг 10 төлөөлөгчийн тоонд Ази тивээс ганцаараа багтаж байсан. Тэрбээр “Шувууд” зургаа 1942 онд 50 см өргөн, 110 см урттайгаар зурсан бол “Мөчир” нь 70 см өргөн, 160 урт юм байна. 

Монголын уран зургийг олон түмэнд таниулахын зэрэгцээ багагүй хөрөнгө оруулж яваа эрхмүүдийн нэг бол Х.Болдбаатар. Тэрбээр “Цуглуулгын минь анхны зураг Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” бүтээл байлаа. Дэнжийн мянга орчмоос очиж авсан юм. Энэ зургаар цуглуулгаа эхэлсэнд бэлэгшээж явдаг. Сүүлд түүний 50 орчим зургийг авсан. Хэдэн жилийн өмнө хүүхдүүд нь аавынхаа үзэсгэлэнг гаргахдаа манайхаас бүтээлүүдийг нь авч тавьсан” гэв.

Түүнд зураач П.Цэгмидийн “Богдын өндөр”, Г.Сообай, С.Элбэгдорж, яруу найрагч Р.Чойномын зургууд гэхчлэн маш ховор бүтээлүүд ч бий гэнэ. Тухайлбал, 1993 оны үед Б.Чогсом гуайн “Сүхбаатар Богдод бараалхсан нь” зургийг тэрбээр МУИС-ийн хог дээрээс олжээ. Зургийг сэргээн жаазлахад мэргэжлийн хүмүүсийн туслалцааг авч, цуглуулгадаа багтаасан аж.2008 онд цуглуулгаараа Дүрслэх урлагийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргаж, улмаар Q арт галерей байгуулсан Л.Энх-Амгалан Монголын үе үеийн шилдэг зураачдын бүтээлийн өв сан бүрдүүлэх зорилготой. Тус галарейд цагаан Жамбын “Тумбааш”, марзан Шаравын “Богдуудын дүр”, Монголын дүрслэх урлагийн алтан үеийн зураач Ү.Ядамсүрэн, Л.Гаваа нарын усан болон тосон будгийн судалбарууд, О.Цэвэгжавын “Анхдугаар соёмбо баталсан нь”, “Цагаан толгойт бух” зэрэг бүтээлийн эскиз бий.

Мөн Г.Одонгийн судалбар зургууд, Д.Амгалангийн “Эмч ирлээ”, “Баян талын өглөө” зэрэг дорвитой бүтээл байна. 

Тэрбээр “Д.Амгалан, С.Дондог, О.Цэвэгжав, Р.Дүйнхэржав нарын алдарт зураачийн гэр бүлийнхэнтэй харилцаатай байдаг. Тэд надад итгэж, зарим зураг, бүтээлийг нь өгдөг. Үүнийг би “Надад зарсан. Би худалдаж авсан” гэж хэлэх дургүй. Надад итгэж хадгалуулж байгаа гэж л ойлгодог” гэсэн. Тэрбээр гадаад руу гаргасан, Монголын сор болсон олон бүтээлүүдийг эргүүлэн авчрах хүсэлтэй гэнэ. Тухайлбал, Н.Цүлтэм гуайн “Говийн их нүүдэл” зургийг Солонгосоос олж, авчирсан бол цаашид Солонгос, Америкаас авчрахаар төлөвлөсөн хэдэн зураг бий аж.

                                                                                                                                                      Бэлтгэсэн: А.Тайшир