Д.ТЭРБИШДАГВА: Сайдтай чинь ярьчихсан, асуудал гарвал надад хэлээрэй

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн 2018 оны хоёр удаагийн сонгон шалгаруулалтад албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд нөлөөлөл үзүүлж, өөрсдийн “санал болгосон” компаниуддаа уг санхүүжилтийг авсан. Эдгээр албан тушаалтны олонх нь УИХ-ын гишүүд байгаа юм.

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн бид тэдгээр УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнханд ямар байдлаар, яаж нөлөө дарамт үзүүлж, сонгон шалгаруулалтыг будилуулж, төслийг нэр цохон шалгаруулахад хүргэсэн талаарх мэдээллийг цувралаар хүргэж буй билээ.

Бид энэ удаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэр энэ зээлтэй хэрхэн холбогдсон талаарх мэдээллийг хүргэнэ. Тэрбээр 2004-2007 онд ХХАА-н сайдаар ажиллаж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь “Арвай хүрд”, “Хөх үзүүр” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж, төслүүд нь шалгарчээ. Тодруулбал, 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахаас өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаад “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Хөх үзүүр” ХХК-ийг тэмдэглээд ав” гээд цаасан дээр бичүүлсэн байна. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “ТБД. “Хөх үзүүр” ХХК” гэж тэмдэглэжээ. Ингэчихээд “Д.Тэрбишдагва гишүүн хаврын сонгон шалгаруулалтаар санхүүжилт авчихсан шүү дээ. Одоо дахиад санхүүжилт авах юм уу” гэхэд нь сайд Б.Батзориг “Санхүүжилтэд багтаа” гэсэн үүрэг өгсөн байгаа юм.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг ингэж сайдаасаа үүрэг авсных нь дараахан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрөө түүн рүү утсаар ярьж “Сайдтай чинь ярьчихсан байгаа. Элдэв асуудал гарахгүй байх. Асуудал гарвал надад хэлээрэй” гэжээ. Тэгэхэд нь С.Төгсбилэг “Ойлголоо. Б.Батзориг сайд надад хэлсэн” гэж хариу хэлжээ. Ингээд “Хөх үзүүр” ХХК намрын сонгон шалгаруулалтад “тэнцэж” 250 сая төгрөгийн санхүүжилт авахаар ХХААХҮ-ийн сайдын А/141 тоот тушаалд багтжээ. Улмаар 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас “Хөх үзүүр” ХХК руу 250 сая төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн байна.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь ХХААХҮ-ийн сайдын хаврын буюу 2018 оны тавдугаар сарын 14-нд гаргасан А/88 тоот тушаалаар “Арвай хүрд” ХХК-ийг зүтгүүлээд 900 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг.

2018 оны долдугаар сарын 31-ний өдөр ЖДҮХС-гийн дээр дурдсан данснаас “Арвай хүрд” ХХК-д 900 сая төгрөг шилжүүлжээ. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ЖДҮХС-гийн 2018 оны зээл, төслийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар “Арвай хүрд” ХХК-тай холбоотой ноцтой зөрчил илэрчээ.

Тус компани 2016 оны есдүгээр сарын 3-ны өдөр “Үхрийн ферм” төсөлд зориулан арилжааны банкаар дамжуулан 450 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Уг зээлийнх нь хугацаа 2021 оны есдүгээр сарын 3-нд дуусах бөгөөд 320 сая төгрөгийн үлдэгдэлтэй байхад нь ийнхүү 900 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж олгосон байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)