Д.Трамп саналаа урьдчилан өгөв

АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хотод саналаа урьдчилан өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлчийн долоо хоног эхэлж буй энэ үед Америкийн 56 сая гаруй иргэн саналаа түүний адил урьдчилан өгөөд байна. Тэрбээр сонгуулийн хэсгээс гарч сэтгүүлчидтэй уулзахдаа “Би Трамп гэдэг залууг дэмжлээ” хэмээгээд, саналаа өөрийн биеэр өгөх нь шуудангаар илгээхээс илүү аюулгүй” гэжээ. Цар тахалтай холбоотойгоор энэ онд олон муж улсад шуудангаар санал өгөх боломжийг өргөжүүлсэн гэнэ. Саналын 100 сая гаруй хуудас тарааснаа Шуудангийн албанаас нь мэдээлсэн байна. Ирэх сарын 3-нд болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, 35 сенатч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, муж улс болон нутаг дэвсгэрийн 13 захирагч, тэрчлэн орон нутгийн эрх барих байгууллагуудын удирдлагуудыг сонгох юм. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Жозеф Байден өрсөлдөж байна. Тэдний сонгуулийн өмнөх сүүлчийн мэтгэлцээнийг 15 телевизээр дамжуулсныг 63 сая хүн үзсэн тухай судалгааны “Nielsen” байгууллагаас мэдээлжээ. Анхны мэтгэлцээнийг нь 73.1 сая хүн үзсэн билээ. Ж.Байден телевизийн сурталчилгаанд хамгийн их мөнгө зарцуулсан нэр дэвшигч болов. Тус улсын түүхэнд түүн шиг их зардал гаргасан хүн байхгүй гэж судалгааны “Advertising analytics” компаниас мэдээлснийг “Hill” сонин уламжилсан байна. Тэрбээр өнгөрсөн он гарснаас хойш үүнд 582 сая доллар зарцуулсан гэнэ. Сүүлийн долоо хоногт түүний баг 45 сая долларыг ийм сурталчилгаанд зориулжээ. Түүний өрсөлдөгч Д.Трамп сүүлийн хоёр жилд ийм зардалд 342 сая доллар шилжүүлсэн байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)