Д.Трамп алтан доллар гаргах уу

Олон улсын төлбөрийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэрэгслийн статусаа доллар алдаж магадгүй тухай сүүлийн жилүүдэд их ярих болсон. Үндэсний валютаар олон ч улс төлбөр тооцоо хийж эхэлжээ. Тэдгээр улсын Төвбанк алт худалдаж авах нь ихсэж. Азид ийм үнэт металлаар хийсэн, нэгдсэн валюттай болох санал дэвшүүлэх болов. Долларт ноцтой асуудал хараахан нүүрлээгүй ч сөрөг хандлага хэдийн бий болжээ. Ялахгүй ч АНУ тэргүүлж чадах бололтой. Ерөнхийлөгч Д.Трамп бие төлөөлөгч Жуди Шептоныг Төвбанкны тэргүүн болгож, алтны стандартыг сэргээх замаар долларыг дахин агуу болгохыг оролдож буй. Ж.Шептон нь төлбөр тооцооны өнөөгийн тогтолцоог доголдолтой хэмээн үздэг шинжээчдийн хамтын нийгэмлэгийн гишүүн. Тэрбээр алтны стандартыг шат дараатай сэргээж, шар металлыг тооцооны хэрэгсэл болгохыг дэмжигч. Ж.Шептон сонгуулийн өмнөх кампанит ажлынх нь үеэр Д.Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Одоо тэрбээр Европын сэргээн босголт, хөгжлийн банканд АНУ-ыг төлөөлдөг юм.

Түүнийг Америкийн Ерөнхийлөгч Төвбанкныхаа удирдах зөвлөлийн даргаар тавихыг хүсэж буй. Ж.Шелтон алтанд тулгуурласан олон улсын валютын шинэ систем санал болгох замаар Америкийг олон улсын валютын харилцаанд байнгын байр суурьтай болгохыг зорьж байна. Мэдээжийн хэрэг энэ нь долларыг сулруулах гэсэн Европ, БНХАУ, Оросын оролдлогын хариуд АНУ-ын санхүүгийн хүрээнийхний төлөвлөж буй үйлдэл юм.

Америкийн хориг арга хэмжээнээс гадуур Ирантай худалдаа хийх тусгай механизмаа Европын Холбоо хэдийн боловсруулжээ. Бээжин болон Москва рубль, юаниар тооцоо хийхээр тохиролцоод, төлбөрийн нэгдсэн системтэй болохоор төлөвлөж буй. Алт аажмаар мөнгөний статусаа эргэн сэргээж буй. Хараахан хүчин төгөлдөр болоогүй ч шар металлыг банкны дээд түвшний активаар хүлээн зөвшөөрсөн “Базель III” төлөвлөгөөг хэдийн баталжээ.

Доллар дээрх “үүл” улам бараантсаар. Магадгүй, түүнийг агуу болгож байсан тэр замаар дахин замнах бололтой. Дэлхийн II дайны дараа АНУ-д дэлхийн алтны нөөцийн 76 хувь нь хуримтлагдаж байв. Үнэт металлын ийм нөлөө долларыг дэлхийн нөөц валют болгожээ. Гэвч Япон, Баруун Европын эдийн засаг харьцангуй түргэн АНУ-ыг гүйцэж, Европын алтны нөөц Америкийнхыг давсан. АНУ-ын санхүүгийн элитүүд 1970-аад оны дундуур алтны стандартыг цуцлахаар шийдвэрлэснийг дагаад Олон улсын валютын сан алтыг төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглахыг хориглосон билээ.

Харин одоо Жуди Шелтон “алтан долларыг” үнэт цаас хэлбэрээр эргүүлэн гүйлгээнд оруулахаар төлөвлөж байна. TIPS буюу инфляцаас хамгаалагдсан үнэт цаас хэлбэрээр хэрэглээнд оруулах аж. Түүгээр зогсохгүй, санхүүгийн томоохон хямралд санаа зовж буй нэгэнд тийм үнэт цаас тодорхой хэмжээний даатгал болох гэнэ. Эл төслийг Хятад улс дэмжинэ хэмээн найдаж буйгаа Ж.Шелтон илэрхийлжээ. АНУ-ын эдийн засагт оруулж буй хөрөнгийнхөө найдвартай байдлыг Бээжин хангаж, Америкийнхтай зэрэгцэн орших алтан үнэт цаасаа гаргах боломжтой аж.

Орос улс дээрх үйл явцад оролцох боломж бий юү? Онолын хувьд боломжтой. ОХУ-ын Төвбанк 2183 тонн үнэт металлтай. Энэ үзүүлэлтээр тус улс дэлхийд тавдугаарт бичигддэг. Удахгүй нөөцөөрөө гуравдугаарт орох боломжтой гэдэг. ЗХУ-ын үед алтан рубль гаргаж, доллароос зайлсхийж чадсан туршлагатай.

Уг төслийг хэрэгжүүлэх асуудал олон хүчин зүйлээс хамааралтай. АНУ-д ч алтны стандартыг эсэргүүцэгч олон. Тэд Д.Трампын ээлжит “гайхамшиг” хэмээдэг бөгөөд дэлхийн санхүүгийн ирээдүйг алт, эсвэл өөр үнэт металлаар бус, крипто валютаар хардаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)