Д.Тогтохсүрэн: "Саарал жагсаалт"-ын хариуцлагын асуудал хоёр хүнээр дуусахгүй болов уу

-Зарим элчин сайдуудыг зөвшилцөв-

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2020 оны улсын төсвийн хуулийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт болон зарим элчин сайдуудын томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2020 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар төсвийг 2-4 дүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг би ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, олон саналыг авч хэлэлцсэн байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад хэд хэдэн саналыг боловсруулсан. Төсвийн тухай хуулиар орлого, зарлага нэмэхийг хориглосон. Зөвхөн тодорхой тооны зарлага нэмэгдүүлж, мөн тоогоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрхтэй. Нийт дүнгээр нь багцлаад хэлвэл 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр боловсруулж, бүлэгт танилцуулсан. Үүнээс хэд хэдэн томоохон салбарт анхаарч байгаа асуудал бий. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж байна. Тухайлбал, төвийн томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд нэлээд анхаарсан. Боловсролын салбарт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох зорилт тавьсан. Иймээс нийслэлд зургаан дунд сургууль шинээр барихаар байгаа.

Мөн Улаанбаатарт зам тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй олон асуудал байна. Тэр чиглэлд хөрөнгө оруулалтыг эргэж харах нь зөв гэж үзсэн. Энэ мэтчилэн 250 тэрбум төгрөгийн зарлага бууруулж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх асуудал байна гэж ажлын хэсэг үзсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцэж дэмжээд цаашид байнгын хороо, чуулганаар хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс зургаан улсын элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Саналыг бүлэг хэлэлцээд дэмжлээ. ОХУ-д Дуламсүрэнгийн Даваа, Бүгд найрамдах Куба улсад Шагдарын Батцэцэг, Польш улсад Бархасын Дорж, Шведийн Вант улсад Түвдэндоржийн Жанабазар, Тайландад Амарсанаагийн Төмөр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд нарыг оруулж ирснийг хэлэлцээд дэмжсэн” гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбараас хасах боломжтой гэж үзэж байгаа вэ?

-Төсөв дээр зарим хөрөнгө оруулалтыг хасч байгаа. Санхүүжилтийн дүн бууруулж, он дамжуулж байгаа ажлууд бий.

-АМНАТ-тэй холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Үүнийг бүлэг хэлэлцсэн үү?

-Өнгөрсөн долоо хоногт АМНАТ-тэй холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Эдийн засаг, Төвийн байнгын хорооныхон ажиллаж байна. Маргааш Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж хэлэлцүүлнэ. Ингээд хуулийн төслийн өөрчлөлтийг энэ долоо хоногт багтааж шийдвэрлэнэ.

-Аймгуудын хөрөнгө оруулалт их, бага байна гэх маргаан бий. Зарим аймгийн төсвийг бууруулах талаар яригдсан уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Хэнтий аймагт төвөөс аялал жуулчлалын Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн автозамын ажил хийхэд хөрөнгө оруулалт өндөр гарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүсийг нээх, дэд бүтцийг бий болгох чиглэл гаргасан.

-Энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох тухай асуудлыг ярих юм байна. Сангийн сайдад хариуцлага тооцох уу?

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудал орсон. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ер нь саарал жагсаалттай холбоотой асуудлаар Засгийн газар олон удаа ярилцаж байгаа. Хариуцлагын асуудал энэ хоёроор дуусахгүй болов уу.

-Үндсэн хуулийн зөвшилцлийн талаар бүлэг яагаад хэлэлцсэнгүй вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаагүй учраас бүлэг хэлэлцэх боломжгүй. Маргааш болон 4, 5 дахь өдөр зөвшилцлийн ажлын хэсгийн хуралтай. Ингээд ирэх долоо хоногийн даваа гаригт бүлэг Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн явуулах, АН-ын саналуудыг яаж хүлээж авах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)