Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаа

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Шинэ" намын дарга Ж.Батзандан, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбаттай зөвшилцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн ажлын хэсэг тав дахь өдрөө хуралдаж байна. УИХ-ын 62 гишүүнээс төсөл өргөн баригдсан. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч төслийн санал өргөн барьсан. Эдгээрийг цэгцлэх ажил явагдаж байгаа. Ерөнхийдөө хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Эхнийх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг II, III хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг, нөгөөх нь Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг юм. 

Иймд уг төслүүдийг хооронд нь нэгтгэх, зөвшилцөлд хүрэх зорилгоор бид дөрвөн өдөр хуралдаж байна. Хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ цэгцлэх хэд, хэдэн асуудал бий. Тухайлбал, ард нийтийн санал асуулга, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийг хугацааг нэмэгдүүлэх, Сонгуулийн тогтолцоог холимог болгох зэрэг асуудал дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй байна. Учир нь Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг болохоос нэг нам парламентыг дангаар бий болгож болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар, АН-ын зөвлөлтэй ярилцаж байна. АН-ын хувьд гишүүд нь орон нутагт ажиллаж байгаа учир ирэх даваа гаригт эцсийн шийдвэрээ гаргана гэсэн. Харин хэд хэдэн шаардлага өгсөн. Үүнд:

  • Ард нийтийн санал асуулга явуулах,
  • Ерөнхийлөгчийг парламент сонгодог болох, 
  • УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, эргүүлэн татдаг болох,
  • Орон нутгийн эрх мэдэл, санхүүгийн эрхийг нэмэгдүүлэх,
  • Өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоодог болох гэх мэт саналууд бий.

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ард түмэн ч дэмжихгүй байгаа юм. Харин Eрөнхийлөгч бол 108 гэдэг тоон дээрээ зогсож байна. Тиймээс парламeнтийн гишүүдийн тоо болон тогтолцоотой холбоотой асуудлаар АН, Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн.

Харин шүүх засаглалтай холбоотой заалтууд өргөн баригдсан. Eрөнхийлөгчийн зүгээс энэ заалтыг эргэж харж үзээч, миний бүрэн эрхэд халдаж байна гэдэг агуулгаар асуудалд хандсан. Гэхдээ намын бүлэг энэ асуудлыг эцэслэн шийдээгүй. Хараахан эргүүлэн татаагүй байгаа" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)