Д.Сумъяа ДАШТ-ий хамгийн олон медальтай монгол жүдоч боллоо


18 дахь удаагийн Азийн наадамд барцадтай байсан жүдочдийн тааруу амжилт Азербайжаны Баку хотод анх удаа зохион байгуулж буй ДАШТ-д ч үргэлжилсээр. Тэмцээн эхлээд гурав хоноод байхад манай тамирчид ганцхан хүрэл медаль хүртсэн нь яавч чамлах амжилт.

Өнгөрсөн жилийн өдийд таван медаль авчихсан (Д.Сумъяа алт, М.Уранцэцэг мөнгө, Г.Одбаяр, Г.Болдбаатар, Б.Мөнгөнчимэг хүрэл), таахалзаж суусан шүү дээ, тэд. Тэмцээний эхний өдөр ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдсан ч олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэгт ялагдан, V байрт шалгарсан. Түүний дутууг гүйцээхээр уржигдар дэвжээнд гарсан гурван тамирчин бүгд хүрэл медалийн төлөө барилдсанаас үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны бөх Д.Сумъяа монгол түмнийхээ итгэлийг амжилтаар хариулав.

Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальтай тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Европын аваргын хүрэл медальт, Сербийн жүдоч Ж.Рогич, Канадын Ж.Климкайтыг цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Их Британийн Некода Смити-Дэвист боох мэхээр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Квон Ёныг яллаа.

Хэдийгээр Д.Сумъяа дэлхийн аварга цолоо хамгаалж чадаагүй ч бас нэгэн түүхэн амжилтын эзэн болов. ДАШТ-ээс гурван медаль хүртсэн (2017 онд алт, 2015, 2018 онд хүрэл) Монголын анхны жүдоч болсон түүний жинд Японы бөх Ё.Цүкаса түрүүллээ. 22 настай тэрбээр өнгөрсөн жил Д.Сумъяад ялагдан, мөнгөн медаль хүртсэн дутуугаа ийнхүү гүйцээв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр Ираны М.Мохаммедад ялагдан, хоёр дахь удаагаа V байрт шалгарсан бол хоёрдугаар тойрогт олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Азербайжаны шигшээ багийн ахлагч Р.Оружовыг ялсан Ц.Цогтбаатар Азербайжаны Х.Хейдаровт дийлдэн, хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Азийн наадмын мөнгөн медальт Б.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Азийн аварга, Азийн наадмын гурван медальтай Ц.Наранжаргал нар зодоглоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)