Д.Сумъяабазар: Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ "Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодрууллаа. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутгийн сонгуульд бататгах чухал цаг үе ирлээ. Нийслэлийг утаагүй, түгжрэлгүй, ээлтэй хот болгохыг зорьж байна. Тиймээс Улаанбаатар хотын унаган иргэний хувьд эдгээр асуудлыг сайтар тооцсоны үндсэн дээр мөн иргэдийнхээ итгэлийг даах чадвартай хүмүүсийг нэр дэвшүүллээ.

Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. 

Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо. Нийслэлийн МАН-ын 40 гаруй мянган хүний төлөөлөл болж 45 хүн нэр дэвшиж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)