Д.Спрул: Монголын хоккейчид өвлийн олимпод Канадтай өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна

Сүүлийн жилүүдэд Монголд хоккейн спорт сонирхогч хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж байна. Иймд Канад-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд Монголын Хоккейн Холбоо болон Монгол улсад суугаа Канад Улсын ЭСЯ хамтран Монголын хоккейн спорт сонирхогчдыг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэллээ. 

Энэхүү төслийн хүрээнд Канад улсын иргэдээс Монголын хоккейчдод 500 гаруй тэшүүр болон бусад дагалдах хэрэгслийг хандивлалаа. Уг төсөлд Канад иргэдээс гадна Монголын хэд хэдэн аж ахуй нэгж, компаниуд дэмжин оролцжээ.

Тус арга хэмжээнд Канад улсын ЭСЯ, Монголын Хоккейн Холбоо болон бусад ивээн тэтгэгч аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Канад улсын Элчин сайд Дэвид Спрул “Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төсөл нь Монгол-Канадын хооронд соёлын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Төслийн гол зорилго бол Монголын хүүхэд, залуучуудын дунд хоккейн спортыг хөгжүүлэх, цаашид дэмжлэг үзүүлэх юм. Мөн энэ төсөлд Канадын олон иргэд зүрх сэтгэлээрээ оролцож, хоккей тоглоход шаардлагатай бүх тоног төхөөрөмж, өмсгөл, хэрэгсэл, малгайн хамгаалалт зэргийг хандивласан.

Бид чингэлэг дүүрэн хандивын зүйлс цуглуулаад, өнөөдөр Улаанбаатар хотод авчирлаа. Манай Элчин сайдын яамны зүгээс Монголын хоккейн спортын хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байгаад маш их баяртай байна. Мөн хэзээ нэг өдөр Монголын хоккейчид өвлийн олимпод оролцож, манай Канадын хоккейчидтой өрсөлдөх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монголын Хоккейн Холбооны дэд ерөнхийлөгч А.Мэргэн “Манай хоккейчид өөрийн зэрэглэлдээ Дэлхийн аваргаас хүрэл, Азийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Иймд энэ спорт нь Монгол хүний бие физологид тохирсон, цаашид хөгжих боломжтой юм. Тиймээс манай холбооноос хоккейн ордон байгуулах зорилтот төсөл эхлүүлсэн. 

Тодруулбал, энэ жилийн зун манай ордон Нисэх орчимд сууриа тавьсан. Үүгээрээ бид цаашид Монголдоо олон улсын шинжтэй тэмцээн, уралдаан зохион байгуулах боломж бүрдэнэ. Мөн бид саяхан Канадын Хоккейн Холбоотой хамтран ажиллах санал хүргүүлсэн байгаа ч одоогоор хариу ирээгүй байна. Энэ спортыг эх орондоо хөгжүүлэхийн тулд бидэнд бусад улс орны туршлагаас судлах зүйл их байна” гэж хэллээ.

Дашрамд дурдахад Канадын ЭСЯ-наас 2019 оны 2-р сард "Хоккейн долоо хоног" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Канадын хоккейн “Залуучуудын дасгалжуулагч” гэдгээрээ алдартай Нейт Нэсли Монгол улсад хүрэлцэн ирж, Монголын хоккейчдод туршлагаасаа хуваалцаж, нөхөрсөг тэмцээн зохион байгуулна.

Г.ТЭМҮҮЛЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)