Д.Совд: Хүний амь настай холбоотой ноцтой ослыг нуун дарагдуулж байна

2019 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23.25 цагт шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Осолдд өртсөн залуугийн ар гэрийхэн ослын талаарх мэдээллийг “Хүннү айр” ХХК-ийнхан нууцалж, хэргийн бурууг О.Мэргэншагайд тохохыг оролдож байгаа талаар мэдээлэл хийлээ. 

О.Мэргэншагайн ах Д.Совд "Осол болсноос хойш 72 цаг өнгөрөөд байхад осол болсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас нэг ч удаа өгөөгүй. Ослын шалтгааныг тайлбарлавал “Хүннү айр” онгоц аравдугаар сарын 13-ны шөнө 23.00 цагийн үед Чингис хаан нисэх буудалд газардсан юм билээ. Том онгоцнууд Ангарт багтдаггүй учраас хучлагаар хучдаг юм байна. Миний дүү тэр онгоцыг хучиж байх үедээ 23.25 минутад өндрөөс унасан гэдэг мэдээллийг надад өгсөн.

Гэвч миний дүү онгоцноос унасан гэдгийг гэр бүлийнхэн нь шөнө 01.51 цагийн үед мэдсэн. О.Мэргэншагайгийн фэйсбүүкийн найзуудаас нь харж байгаад гэр бүлийнхнийг нь хайж олоод осолдсон гэдгийг хэлсэн байсан. Энэ хэрэг гарснаас хойш гурав хоноод байхад ослын талаарх ямар ч мэдээллийг холбогдох салбарын яам, бусад байгууллагаас нь өгөхгүй нууцалж байгаад гомдолтой байна. Ослын улмаас дүүгийн минь “Гавлын ясны цуурал, хугарал баруунаас чихний уг хүртэл, цус харвалттай, бяцралтай” гэсэн анхны дүгнэлт гарсан бол одоо баруун зүүн тархинд цусны харвалттай, тархины бүх хэсэг гэмтсэн, уушгины хатгаатай, амьсгалын аппаратанд орсон гэдэг сүүлийн онош гарсан.

Фэйсбүүкээр надад маш олон хүн баримт мэдээлэл ирүүлсэн. Чингис хаан онгоцны буудал 24.00 цагийн харуул хамгаалалттай, мөн камерын бичлэгтэй. Би тэр камерын бичлэгийг авъя гэхэд надад өгөөгүй ч гэсэн надад эх сурвалж камерын бичлэгтэй холбоотой мэдээллийг минут секундээр ирүүлсэн. Дүүг минь унасан даруйд автобусанд 23.26 минутад дамжилж оруулсан. 23.28 минутад эмч ослын газар дээр очсон. 23.32 минутад цагдаа хэргийн газарт очоод 23.43 минутад хэргийн газрыг орхин явсан байна. 00.47 минутад түргэн тусламж ирээд авч явсан байсан. Анхны үзлэг хийсэн эмчийн дүгнэлтэд “Хэргийн газарт очиход өвчтөн эрүүл, ил харагдах шархгүй, очиход босч ирсэн байдалтай, толгой эргэсэн” байдалтай байсан гэх маш хуурамч дүгнэлтийг гаргасан байсан. “Хүннү Эйр” ХХК-ийнхан очсон цагдааг чимээгүй болгож, эмчээр хуурамч дүгнэлт гаргуулсан. Иймд бид дараах шаардлагыг тавьж байна.

  1. Миний дүүг яаралтай гадагшаа өндөр хөгжилтэй орон руу явуулж эмчлүүлэх, эрүүл саруул болгож өг.
  2. Ослын шалтгааныг яаралтай үнэн зөвөөр олон нийтэд мэдээлэх, буруугаа хүлээж, биднээс уучлалт гуй.
  3. Хэргийг үнэн зөвөөр тогтоож, буруутай хүмүүст нь хуулийн хариуцлага тооцож өг.
  4. Хүний амь настай холбоотой ноцтой ослыг нуун дарагдуулсан "Хүннү эйр" ХХК-ийн захирал П.Мөнхжаргал, Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар, ИНЕГ-ын НААХЗА-ны дарга С.Манлай, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЗТХЯ-ны ТНБД С.батболд, АТБХЗХ-н дарга С.Мөнхнасан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)