Д.Сарангэрэл: Урьдчилсан байдлаар 1 багш, 38 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэсэн онош гарсан

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьeэгийн халдвар тархсан. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Тус сургуулийн 500 орчим хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан байж болзошгүй гэх асуудалд Эрүүл мэндийн яам болоод эрүүл мэндийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Тэднээс нарийвчилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлтийг авч байж мэдээлэл өгнө. Надад ирсэн мэдээллээр бол 2015 онд анх халдвар гараад, өвчилсөн багш ажлаасаа чөлөөлөгдөөд эмчилгээ хийлгэсэн гэсэн. Эмчилгээ хийлгээд бүрэн эдгэсэн гэсэн мэдээлэл байгаа юм билээ. Иймд мэргэжлийн байгууллагуудаас нарийвчилсан мэдээлэл авахгүй бол дутуу мэдээллээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч болохгүй. Харин сургуульд хөл хорио тогтоох асуудалд яам эцсийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргана" гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдөр сурагчдад эмчилгээ хийхээр эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан.  Эцэг эхчүүд уушигны сүрьеэгийн эмчилгээний асуудалд нэлээд эмзэглэж байгаа. Учир нь эмчилгээ нилээн хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа юм билээ. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юм уу гэсэн асуудлыг ХӨСҮТ-д тавьж байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар нэг багш, 38 сурагч сүрьеэгийн халдвар авсан байна гэсэн оношийг ХӨСҮТ-ийнхөн тавьсан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна. 

Харин өвчилсөн багшийн хувьд ХӨСҮТ-өөс эмчлүүлээд, эмнэлгээс гарлаа гэсэн лист л бичиж өгдөг болохоос эдгэсэн гэсэн бичиг хийж өгдөггүй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)