Д.Рая: Афган хүүхдүүд минь “Биднийг битгий орхиоч, Монгол руу аваад яваач” гээд хормойноос зүүгдээд байж билээ


1988 оны тавдугаар сарын 13-нд Афганистаны дайны хөлөөс дайжуулсан 4-6 настай 27 өнчин хүүхэд, хоёр багш Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд газардсан түүхтэй. БНМАУ, Афганистан улсын хамтын ажиллагааны хэлэлцээний дагуу дайн самууны хөлд өртөж, зарим нь эцэг, эхээ алдан, орох орон, идэх хоолгүй болсон хүүхдүүдийг энх орчинд өсгөж, сурган хүмүүжүүлэхээр авчирсан нь энэ.

эднийг Өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүлээж авсан бөгөөд хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаж, сурган хүмүүжүүлэх багшаар Д.Рая, Ц.Тунгалаг нарыг томилжээ.

Төрсөн цагаасаа амьдралын хүнд нөхцөлд өссөн хүүхдүүд болох, үгүйн тухай ойлголтгүй, хүн хоорондын харилцаа мэдэхгүй, айж эмээх, хашхирах, бие биеэ зодох гээд буруу зан, зуршилтай, хүний нүд рүү эгцэлж хардаггүй байжээ. Тийм хүүхдүүдийг ариун цэвэрч, ааль авир сайтай, бие биеэ хүндэлж харилцдаг болгон, дуу, бүжигт сургаж, төрөлх афган хэлийг нь мартуулаагүйн зэрэгцээ монголоор яриулж сургаад эх оронд нь хүлээлгэж өгсөн багш нарын нэг Д.Раятай ярилцсан юм.

Улсын нийслэлд төрж, бага насаа Баян-Өлгий аймагт үдэн, МУИС-ийн орос хэлний анги төгссөн тэрбээр ажлын гараагаа 1979 онд Өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс эхэлж, 2010 онд тэндээсээ тэтгэвэрт гарчээ. Д.Рая тус төвд байсан, оросоор сургаж, хүмүүжүүлдэг ангид багшаар очсон юм билээ.

Тэр анги татан буугдсан ч багш бүсгүй эцэг, эхгүй хүүхдүүдэд ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болж ажиллая гээд үлдсэн гэдэг. Залуу нас, бүтээлч хөдөлмөрөө 31 жилийн турш зориулсан Хүүхэд асран хүмүүжүүлэх төвдөө дайны золиос болсон афган багачуудтай ажиллаж, хорвоо сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлээр дүүрэн гэдгийг мэдүүлж, мэдрүүлсэн эмэгтэйн яриа кино мэт сонин байлаа.

-Афган хүүхдүүдийг хоёр жил хүмүүжүүлэхдээ тэдэндээ их дассан байв уу?

-Маш их дассан. Хүүхдүүдээ Афганистанд хүргэж, төр, засагт нь хүлээлгэж өгөөд буцахад их хүнд байсан. Тэд биднээс зүүгдэж “Багш аа, ээж ээ, биднийг битгий орхиоч, Монгол руу аваад яв л даа. Энд душмантай шүү дээ. Тэд ирээд буудна. Бид яах юм бэ” гээд уйлаад байж билээ. Олон хүүхэд зэрэг уйлж, хормойноос зүүгдэж байсан тэр үеийн дүр зураг одоо ч тод санагддаг.

Манай цэцэрлэгээс эрхлэгч, эмч, багш нараас би, Гадаад явдлын яамны нэг мэргэжилтэн, ЭМЯ-наас эмч, худалдааны нэг байгууллагын төлөөлөгч гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг 1990 онд хүүхдүүдийг Оросоор дамжуулж хүргэж өгсөн юм. Олон жил өнгөрсөн ч хүүхдүүд минь хаана, яаж амьдарч байдаг бол, уулзах сан, ярилцах сан, тусламж хэрэгтэй байгаа бол туслах сан, эсрэгээрээ сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж яваа бол сонсох сон гэж боддог.

Манай улсын энхийг сахиулагчдын багийн гишүүнд нэг удаа “Афганистанд очихдоо энэ хүүхдүүдийг сураглаж өгөөч” гэж хэлэхэд “Болохгүй, бидэнд тэгж явах чөлөө олдохгүй” гэсэн л дээ. Гадаад хэргийн яамныхан хөөцөлдвөл арай хурдан бүтээх байх гэж боддог л юм. Гэхдээ тэтгэвэрт гарсан хөгшнийг олон жилийн өмнө харж, асарч байсан гадаад хүүхдүүдтэй нь уулзуулах гэж цаг зав гаргах ч юм уу, үгүй ч юм уу гэж боддог.

-Та хүүхдүүдийнхээ нэрийг санадаг уу?

-Хүүхдүүдийг хоёр ангид хуваасан. Өөрийн ангийн 13 жаалын нэрийг мэднэ. Ниматулла, Самиро, Поуд, Фарзуна, Измарай, Бисмело, Ахмадулла, Рахматулла гээд гоё гоё нэртэй.

-Тэдэнтэй ажиллахад хамгийн хэцүү нь юу байв?

-Хүүхдүүдийг хүлээж аваад усанд оруулж, хувцсыг нь сольж, бөөснөөс нь салгахаас ажил эхэлсэн. Лав долоо хоног ийм ажил хийсэн. Танихгүй болохоор тэд бидэнд ойртохгүй, зугтаадаг байлаа. Ариун цэвэр сахиулах яах вэ, олон хоног үргэлжлээгүй. Хүний нийгмийн харилцааны наад захын ойлголттой болгох хамгийн хэцүү нь байсан. Хоолыг бол хоёр гараараа асгаж, цутгаж иднэ. Тоглоом мэдэхгүй.

Хөөрхөн тоглоомууд өгөхөөр шиднэ, өшиглөнө. Жаахан л чимээ шуугиан гарвал, ялангуяа онгоцны чимээ сонсвол “Душман, душман” гэж хашхираад ор, ширээн доогуур орчихоод, гарахгүй. Эхэндээ бидний хэн хэн нь хэл мэдэхгүй ярвигтай байлаа. Д.Тунгалаг багш бид хоёр хүүхдүүдэд хамгийн түрүүнд “чи, бос, суу, унт, болно, болохгүй” гэдэг үг заасан. Бид ч сурсан. Афган хоёр багш бидэнд их тусалсан.

Дөрвүүлээ толь бичиг барьж байгаад л, дэвтэр харандаанаас салахгүй оролдсоор нэг их удалгүй ойлголцдог болсон. Хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хандаад, хайрлаад байхаар аяндаа дассан. Удахгүй тэвэрдэг болсон. Төрөөд л өнчирсөн болохоор эх хүнд тэврүүлж үзээгүй нь олон байлаа.

-Танай цэцэрлэгийн монгол хүүхдүүд, афган жаалуудтай хэр ойлголцож байв?

-Маш сайн ойлголцоно. Цуг тоглож, концертод хамт дуулж, бүжиглэдэг байлаа. Хамгийн түрүүн “Маамуу нааш ир” дуугаа зааж, жүжигчилсэн тоглолтод орос ардын “Манжин” үлгэрээр оролцуулж байлаа.

-Хүүхдүүд Монголоос яваад харилцаа тасарсан уу?

-Нэг хэсэгтээ захиа ирж байсан. Хамгийн анх манай Бисмеллогоос захиа ирсэн. Самиро сургуульд орж, бичиж сураад ирүүлсэн захиа нь энэ. Гоё бичсэн байгаа биз. Би хүүхдүүддээ хатгаж оёхыг заасан юм. Эрэгтэй, эмэгтэйгүй оёж сураад явсан. Бүтээлүүд нь энд байна.

-Тийм жаахан хүүхдүүд гэхэд ямар гоё оёсон юм бэ?

-Тийм ээ. Юм сурахад нас багадахгүй. Манай хүүхдүүд монгол хэл сураад, сүүлдээ бүгд маш идэвхтэй болсон. Заасныг амархан сурч, их цэвэр, нямбай гүйцэтгэнэ. Тэр хүүхдүүдийн заримыг нь гудамжнаас олж, заримыг асрах газраас авч нийлүүлээд манай улс рүү илгээсэн юм билээ. Наашаа ирүүлэх болоход багш нар нь нэлээд бэлтгэсэн байсан. Хүүхдүүдэд үндэсний хувцас оёж өгсөн байсан.

Манайхан хааяа хувцсаа өмсөж гангарна аа. Намайг “Рая жон” гэдэг байлаа. Жон гэдэг нь афган хэлний хүндэтгэж гуайлсан үг. Гоё хувцаслаад очихоор андахгүй, бүгд “Гоё, гоё, Рая жон” гээд энд тэндээс үнсээд сүйд болно. Хааяа хайш яйш хувцаслаад очихоор муухай байна гэхгүй хэрнээ “Рая жон. Та үүнийгээ дахиж битгий өмсөөрэй” гэдэг сэн. Их хөөрхөн. Бид хүүхдүүдээ эх оронд нь хүргэж өгөөд ирснийхээ дараа үргэлж боддог байлаа.

Одоо яаж байгаа бол, өнөө душманууд нь айлгаж байгаа болов уу гээд л. Тэгсэн нэг өдөр “Ардын эрх” сонины есдүгээр сарын 15-ны ¹ 36-д манай хүүхдүүдийн тухай материал гарсан байхыг хараад маш их баярласан. Сэтгүүлч Б.Пүрэвдаш Афганистанд очоод “Дайнтай газрын тэмдэглэл” хэмээх гарчигтай материалдаа хүүхдүүдийн зургийг тавьж, багш нараа санаж байгаа тухай нь бичсэн байсан. Тэр сониныг би хадгалж явдаг.

-Одоо 34-36 настай юм байна даа.

-Тийм ээ. Эх орондоо байдаг юм болов уу, гадаадад явна уу. Бүгд эсэн мэнд том болцгоосон болов уу гэж боддог. Уулзвал мөн гоё оо. Афганистаны төрөөс хүүхдүүдийг хүлээлгэж өгсөн монголчуудыг бүгдийг нь төрийнхөө хүндтэй “Найрамдлын одон”-гоороо шагнасан. Би их баярлаж явдаг. Хүүхдүүдтэйгээ уулзвал тэртээ олон жилийн өмнөх адал явдалтай үеэ дурсан ярьж, эмээ болсноо, оёдол хатгамлаа орхиогүйгээ хэлнэ.

-Та Өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх төвд 31 жил ажиллахдаа олон ч хүүхдийн ээж болжээ. Хүүхдүүд насанд хүрээд тус төвийг орхисон ч багш нартайгаа байнга холбоотой байдаг уу?

-Тийм ээ. Хүүхдүүд утсаар ярьж, хаана ямар ажилд орсноо хэлнэ, ер нь амьдралынхаа талаар их ярьдаг. Баяраар амар мэнд эрж, бие тэнхээ ямар байгааг асуудаг. Зарим нь гэрт ирнэ. Сайхан байдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)