Д.ОЮУНХАНД: Харваачид гарын бяраар бус, ухааны хүчээр амжилт гаргадаг

Монголчуудын эр зориг, сүр жавхаа, дайчин занг харуулсан спорт бол үндэсний сурын харваа. Өнө эртнээс эхтэй сур харваа өдгөө үндэсний спорт болон хөгжсөн. Тиймдээ ч монгол наадмыг үзэх гэж тив дамнан гадаадын жуулчид ирдэг. Сүүлийн үед залуус сур сонирхон харваж, талбай ч үзэгчдээр дүүрдэг болсон. Энэ спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрсэн мэргэн олон. Тэдний нэг нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, Монгол Улсын мэргэн Д.Оюунханд. Түүнийг “Хүмүүс” буландаа урьж, ярилцлаа.

-Сайхан зусаж байна уу. Энэ жил наадмын бэлтгэл хэр байна вэ, хаана бэлтгэлд гарав?

-Миний хувьд бэлтгэлээ сайн базааж байгаа. Сүүлийн жилүүдэд үндэсний сур харваа руу хүүхэд, залуус хүч түрэн орж байна. Манай Орхон аймгийн харваачид хоёр хуваагдаж бэлтгэлд гарсан. Би “Хангарьд” спорт клубийн харваач, дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн ахалсан харваачидтай Цуврайн ам хэмээх газарт бэлтгэлд гараад байна.

-Үндэсний суртай нөхөрлөж, харваач болоход аав тань нөлөөлсөн гэл үү?

-Тийм ээ, үндэсний спортод дуртай болсон нь ааваас минь улбаатай. Миний аавыг Самбуугийн Дамбий гэдэг, аймгийн мэргэн харваач. Залуудаа шагайн харваа, волейбол, ширээний теннис гээд спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Аав намайг 1993 онд үндэсний сур харваатай нөхөрлүүлсэн. Тэр жил аав, бид хоёр хүмүүстээ нэгдэж, гал болж гарсангүй. Хоёулхнаа бэлтгэл хийж байгаад Архангай аймгийн 70 жилийн ойн наадамд очлоо. Наадмын өглөө аав “Миний охин онох гэж битгий их хичээ. Сурын алтан зурхайд аз, оноо нь таарвал онодог л юм. Анхаарлаа сайн төвлөрүүлж харваарай” гэж захив. Аавынхаа зөвлөснөөр сурын талбайд гарч харваад түрүүлсэн. Тэр үед 18 настай байсан намайг сурын спорт эргэж буцахааргүй болтол татаж билээ. Би айлын ганц охин, ах, дүүтэй. Аав минь хоёр хүүдээ бус, охиндоо сур харваагаа уламжлуулж, нум, сумаа өвлүүлсэн.

ХҮМҮҮС СУРЫН ТАЛБАЙД БАЯР ХҮРГЭЖ, БҮЧИХЭД Л ӨӨРИЙГӨӨ ТҮРҮҮЛСНИЙГ МЭДСЭН

-Аймгийнхаа наадамд түрүүлж, урам аваад л улсын наадамд цэц сорьсон уу?

-1996 оноос хойш улсын баяр наадамд өнөөг хүртэл цэц сорьж байна. Үндэсний сураар таван жил хичээллэж, 1998 онд улсын наадамд 36 сумнаас 30 онож түрүүлэн, Монгол Улсын мэргэн, спортын мастер цол хүртсэн юм. Монголын алдартай олон харваач надтай мөр зэрэгцэн харвасан болохоор түрүүлэхээсээ илүү сайхан наадъя гэж бодсон. Улсын наадамд сур анх харвахдаа монгол түмэн яаж наадгийг харваачдын дунд ороод л мэдэрч байлаа. Өрсөлдөгчөөсөө нэг оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангахдаа өөртөө ер итгээгүй. Хүмүүс сурын талбайд баяр хүргэж, телевиз, сонины сэтгүүлчид ярилцлага авахаар тойрч бүчихэд л өөрийгөө түрүүлснийг мэдсэн. Тэр үед надад энэ цагаас хойш улсын мэргэн гэж дуудуулах болсноор аав, ээжийнхээ ачийг бага ч болов хариуллаа гэдэг бодол хамгийн түрүүнд төрж билээ. Намайг түрүүлчихээсэй гэж олон жил харсан аав, ээжийнхээ хүслийг амжилтаар бэлэг барьж, баярлуулсан гэж боддог. Сурын алтан зурхай хичээж хөдөлмөрлөснийг минь харж, урам хайрласан нь тэр шүү дээ.

-Үндэсний сур харваж байгаа эмэгтэйчүүдийг гадаадын жуулчид харчихаад монгол бүсгүйчүүд хүчтэй, бяртай гэж ойлгодог юм билээ.

-Тэдний “Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ дутахгүй хүчтэй байх юм аа” гэж гайхан ярихыг нэг бус удаа сонссон. Гэхдээ сур харваачид гарын бяраар биш, ухааны хүчээр амжилт гаргадаг. Монгол эрчүүдийн дайны гол зэвсэг байсан нум, сум өнөө цагт үндэсний спорт болж хөгжсөн нь сайхан санагддаг. Хүмүүс нэг хэсэг улсын мэргэн цол хүртэж байгаа харваачдыг азаар түрүүлчихлээ гэх маягаар хүлээж авдаг байсан. Тиймээс цолоо батлах хүсэл миний олон жил бодож яваа зүйлийн минь нэг. Зарим жил аз дутаж аман хүзүүдэх, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шагналт байранд орж чадаагүй үе олон бий. Үндэсний спортод уйгагүй хичээж, зүтгэсэн хүн л амжилт гаргадаг. Би одоо зорилгоо биелүүлж, олон шавь бэлдэн, нутагтаа үндэсний сур харвааг хөгжүүлэхээр зорьж байна. Орхон аймагт амьдарч буй Архангай аймгийн уугуул харваач, нутгийн зөвлөлийнхөнтэйгөө хамтран “Монгол нум, сум” хөтөлбөр хэрэгжүүлж, өсвөр насны хүүхдүүдийг үндэсний сур харваагаар хичээллүүлж байгаа.

-Сурын спортоор гэр бүлээрээ хичээллэж, амжилт гаргасан хүн олон бий. Танай нөхөр тань сур харвадаг байх аа?

-Сурын спорт биднийг учруулсан. Миний нөхрийг А.Энхтөр гэдэг. Үндэсний сур харвааны спортын мастер цолтой. Манайх хүү, охинтой. Гэр бүлээрээ үндэсний сур, байт харваагаар хичээллэдэг. Монголд үндэсний сур харвааны шилдэг харваач гэр бүл шалгаруулах тэмцээн жил бүр болдог юм. Тус тэмцээнд 2012 онд түрүүлж ,“Шилдэг харваач гэр бүл”-ээр шалгарч байлаа. 1993 онд нутгийнхаа наадамд түрүүлэхдээ ханьтайгаа анх танилцсан. Тэр жил хань минь үндэсний сурын спортын мастер цол хүртсэн юм. Намайг түрүүлэхэд нөхөр минь хамгийн түрүүнд баяр хүргэж, урам хайрлаж байв. Бидний хүсэл, сонирхол нэг болохоор яриа, санаа бодлоороо ч амархан нийлсэн. Хүү минь байт харваагаар сонирхож хичээллэдэг, спортын мастер цолтой. Богино хугацаанд амжилт гаргаж, байт харвааны УАШТ-д хэд хэдэн удаа түрүүлэн аварга болсон.

ХИЧЭЭЖ ЧАДВАЛ ХЭН Ч ХЭДЭН НАСАНДАА АМЖИЛТ ГАРГАЖ БОЛНО

-Үндэсний сур харваа амьдралд тань хэрэг болох үе гардаг уу?

-Спортоор хичээллэдэг хүн өөдрөг бодолтой амьдардаг. Эрч хүчтэй, эрүүл амьдрах үндэс сурын спортоос улбаатай гэж ойлгож болно.Сурын харваанд хөл тавьсан бол гарна гэж хэзээ ч байдаггүй юм. Зун цэвэр агаарт үндэсний сур, байт харвааны бэлтгэл хийдэг. Харвасан сумаа өдөржин зөөхөд зургаан км алхсантай тэнцэнэ. Явган алхах зүрхний үйл ажиллагаанд сайн, сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй. Халуунд халж, хүйтэнд хөрч чадах сэтгэлийн хат, тэвчээртэй хүн сур харвадаг. Харваач хүн алдлаа гээд хямрахгүй, онолоо гэж баярлаж догдлохгүй байхаар сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг. Энэ нь нэг талаас зан араншингийн хувьд төлөвшиж байгаа юм. Үндэсний сур харвахад оюун ухаан, сэтгэн бодох чадвар түрүүлж хөгждөг. Сурын харваа биеийн хүчээс гадна оюун ухаан, мэдрэмж, тооцоолон бодох чадвар шаарддаг, бас тэсвэр тэвчээр, сэтгэл зүй шалгадаг спорт. Нум хийхэд янгирын эвэр, мод, малын шөрмөс оролцуулж нэг ч хадаас хэрэглэхгүйгээр нааж урладаг. Байгаль, ан амьтны эд зүйл орсон болохоор цаг агаарын байдлыг даган хувирч өөрчлөгддөг юм. Хүйтэнд нум хатуурч, халуунд уярч зөөлөрнө. Нум зөөлөн болчихвол сумаа хөөхгүй. Энэ бүхнийг мэдэрч салхины зүг чигийг тооцоолж харвана. Нум, сумаа сайтар сонгож бэлдэхээс гадна гартаа оруулж, өөрийн болгож эзэмшсэн байх ёстой. Би харвааныхаа хэрэгсэлд их анхаардаг. Сурын спорт хүнийг жинхэнэ хүн болгож төлөвшүүлдэг. Хэдий мэргэн цол хүртсэн ч ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэх, надаас түрүүлж мэргэн цол хүртсэн харваачидтайгаа цолны эрэмбээр хүндэлж, харилцах гээд хүмүүжил төлөвшлийн соёлыг үндэсний спорт харуулдгаараа гайхамшигтай.

-Байт харваа үндэсний сураас олон зүйлээр ялгардаг биз?

-Байт харваа нь орчин үеийнх, олимпын төрөлд багтдаг спортын төрөл. Монгол сур харвааны нум шиг байгалийн уур амьсгал, цаг агаарын байдалд дагаж хувирдаггүй. Харвах техникээрээ өөр. Үндэсний сурыг эрхий хуруугаар татаж харвадаг болохоор эрхий мэргэн харваач гэж ярьдаг юм шүү дээ. Үндэсний сур, байт харваанд насны хязгаар байдаггүй. Харин ч нас нь явах тусмаа амжилт гаргах магадлал өндөртэй. Хичээж чадвал хэн ч хэдэн насандаа амжилт гаргаж болно. Үүгээрээ монгол хүний биеийн онцлогт тохирсон спорт.