Д.Оч: Улсын начин цолны даваанд Д.Дамдин аваргад өвдөг шороодсоноосоо хойш дахиж барилдаагүй

Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Дагвадоржийн Очтой ярилцлаа. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, 64 настай, улсын хошой аварга тэрбээр зөвхөн цана гэлтгүй дугуй, бокс, үндэсний бөх, тулааны спортод тод мөртэй эрхэм. Улсын начин Ч.Дагвадоржийн хүү тэрбээр дугуйн УАШТ-д хоёрхон удаа хурд сорихдоо алт, мөнгөн медаль хүртсэн. 1974 онд Төрийн наадамд зодоглохдоо тавын даваанд дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодон, аавынхаа цолоос атгаад алдсан хүчтэн. 

Үүний сацуу Улаанбаатар хотын аварга шалгаруулах боксын тэмцээнд түрүүлэхдээ тухайн үед Монголдоо босоо явсан Ц.Амаржаргалыг ялж, шуугиулсан шийртэй эр. Цагдаагийн академи, МУБИС-д багшилж явсан тэрбээр гардан тулаанаар хичээллэдэг байхдаа ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан юм.

-Та улсын начин Ч.Дагвадоржийн ганц хүү. Үндэсний бөхөөр бус, цанын спортоор хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Дөрөвдүгээр ангид байхдаа Аюушрагчаа багшийнхаа удирдлагад цанаар анх хичээллэж билээ. Хүйтний улиралд Батсүмбэр сумд цас их орно. Цаныг элдэв аргаар монголчилж урлаад л гулгадаг байв. Тэгээд юу билээ байз. За, худлаа ярьж бусдын дургүйг хүргэх вий дээ (инээв). Наймдугаар ангид орох жилээ Баянчандмань сумын сургуульд шилжсэн. Тэр жилээ Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа гаргав. Тэгэхдээ багшийнхаа цанаар уралдсан юм. 

Тухайн үед цана, хэрэглэл, материал нүдний гэм. Зуунмод сумынхан намайг аймгийн аварга болсон, авьяастай гэж тоон, сургуульдаа авсан юм. Орон нутгийнхаа төдийгүй сургуулийнхаа нэрийг гаргах гэсэндээ тэр. Төд удалгүй Аюушрагчаа багш тус сургуульд ирж, бид амжилтын төлөө дахин хамтдаа зүтгэсэн. Цанын спортод хөл тавиулж, өнөөгийн амжилтын эхлэлийг тавьсан багш минь бурхан болохдоо надад “Цанын спортоо битгий орхиорой. Тууштай хичээллээрэй” гэж захисан юм.

-Тухайн үед бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?

-Би МУБИС-ийн биеийн тамирын ангид сурдаг байлаа. Өнөөгийнх шиг зориулалтын талбай, техник, хэрэгсэл байсангүй. Өглөө эрт босоод л засмал зам дагуу гүйнэ. Хувцсаа дутуу хагас сольж өмсөөд хичээлдээ явдаг байв. Хичээлээс хоцорлоо гээд ангийн багшдаа загнуулна. Тэгж л хичээл, спорт хоёрыг хослуулж явлаа. Хүйтний улиралд ч гүйнэ. Тэгэхгүй л бол бэлтгэл бүрэн хангагддаггүй байлаа.

-Цанын спортод гулгах чухал. Бэлтгэлээ яагаад гулгаж хийдэггүй байсан юм бол гэж зарим уншигч гайхаж магадгүй.

-Түрүүн дурдсанчлан тухайн үед цанын бааз, гулгах газар байгаагүй. Тэгэхээр гүйхээс өөр аргагүй. Бусад цаначин ч мөн адил бэлтгэлээ гүйж л хийдэг байсан.

-Та УАШТ-д хэдэн удаа түрүүлсэн билээ?

-Цөөхөөн, хоёр удаа. Бас мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг авсан. Тухайн үед агуу цаначид байлаа. Өвөрхангайн Л.Дорж, Хөвсгөлийн Батсүх, Цогтсайхан бид дөрвийн дунд гол өрсөлдөөн болно. Би Польш улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан, 1989 онд юм уу даа. Өөр олигтой амжилт гаргаагүй ээ.

-Та цанаар хичээллэхийнхээ хажуугаар МУБИС, Цагдаагийн академид багшилсан. Хэрхэн зохицуулдаг байв?

-Би Цагдаагийн академид гардан тулааны багшаар дөрөв, МУБИС-д цанын багшаар хоёр жил ажилласан. Цанын 10 гаруй, гардан тулааны 20-иод шавьтай. Гэр бүлээ, таван хүүхдээ тэжээх, хүний дайтай өсгөхийн тулд давхар ажил хийхээс өөр арга байгаагүй. Тэгэхгүй бол юугаараа амьдралаа залгуулах билээ. Намайг Цагдаагийн академид багшилж байхад цаначид бэлтгэлээ Хандгайтад хийдэг болов. Бид тэнд бэлтгэлээ байрлаж базаана. 

Хажуугаар нь сургуулийнхаа хүүхдүүдийг цанаар хичээллүүлнэ. Манайх одоогийн XVII сургуулийн хажууд амьдардаг байв. Хандгайтад өдөржингөө бэлтгэл хийчихээд 22.00 цагийн үед алхсаар гэртээ ирнэ. Жаахан амарч, ханьдаа ойр зуурынх нь хэрэглээний мөнгө өгчихөөд Хандгайт руу гүйчихдэг байв. Ханийг минь Ц.Нямаа гэдэг байлаа, хүүхдийн эмч мэргэжилтэй. Хайлаастынхан андахгүй. Үнэхээр сайн, бурхан шиг хүн байж билээ. Хөгшин минь намайг “Цанаараа л тууштай хичээллэ” гэж үргэлж дэмжин, арыг минь даадаг байв. 

Би тэмцээн, бэлтгэл гээд гэртээ байхаасаа байхгүй нь их. Жилийн 20 хувьд нь гэртээ байсан болов уу. Тавын таван эрэгтэй хүүхэд төрүүлж, өсгөн, бусдаас дутахгүй хүн болгож хүмүүжүүлсэн ханиараа бахархдаг. Би 42 насандаа зодог тайлсан. Хамгийн сүүлд “Хоршоолол” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд хурд сорьсон юм.

...Хань минь “Өөрийгөө шинэ зүйлд сориход буруудах зүйлгүй. Хамгийн гол нь төгс сураарай” гэж захисан. Даанч би чадаагүй. Багшийн заасан зүйлийнх нь 40-50 хувийг л сурсан болов уу. Би өөрийгөө их голдог. Нөгөө талаар тэгээгүй нь ч болсон. Гүйцэд сурсан бол залуу насны ааг, ойворгон зангаар сүйд хийх ч байсан юм бил үү. Тухайн үед зарим хүн “Тулааны урлагаар хичээллэдэг айхавтар амьтан явж байна. Хэр сүрхий сурсныг нь сорьё” гээд өднө. Би хүнтэй аль болох гар зөрүүлэхгүйг хичээдэг байлаа...

-30-аад жил цанаар хичээллэчихээд УАШТ-ий дөрөв, олон улсын тэмцээний ганцхан медальтай гэж бодохоор чамламаар санагддаг уу?

-Огтхон ч тэгдэггүй. Миний хэмжээ л тэр. Өдий зэрэгтэй яваа минь спортын л буян.

-Цаначин хүн Цагдаагийн академид тулааны урлаг заасан тань сонирхол татаж байна. Тухайн үед Монголд эл спорт төдийлөн хөгжөөгүй байсан. Та хэнээр заалгав?

-Яг хэдэн онд билээ байз, санадаггүй ээ. Оросын нэг гавьяат цолтон Монголд ирсэн юм. Нисэх онгоц сөнөн, олон хүн амиа алдахаас аварсан хүн юм билээ. Тэр хүнээр би тулааны урлаг заалгаж, эл спорттой амьдралаа холбож байв. Гардан тулаанаар ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Хань минь “Өөрийгөө шинэ зүйлд сориход буруудах зүйлгүй. Хамгийн гол нь төгс сураарай” гэж захисан. Даанч би чадаагүй. Багшийн заасан зүйлийнх нь 40-50 хувийг л сурсан болов уу. Би өөрийгөө их голдог. Нөгөө талаар тэгээгүй нь ч болсон. 

Гүйцэд сурсан бол залуу насны ааг, ойворгон зангаар сүйд хийх ч байсан юм бил үү. Тухайн үед зарим хүн “Тулааны урлагаар хичээллэдэг айхавтар амьтан явж байна. Хэр сүрхий сурсныг нь сорьё” гээд өднө. Би хүнтэй аль болох гар зөрүүлэхгүйг хичээдэг байлаа. Ер нь бусдад ааг, омгоо гайхуулж үзээгүй. Харин намайг чадахыг оролдвол хариуг нь өгчихдөг байсаан. Хэн нэгнийг зодсоноо, дийлснийгээ дөвийлгөж, сайрхах муухай.

-Яалт ч үгүй биеэ хамгаалахдаа бусдыг гэмтээсэн тохиолдол бий юү?

-Юуг нь нуух вэ, байгаа. 1988 онд Урт цагааны гудамжинд явж байхад над руу дөрвөн хүн гэнэт дайрлаа. Тэдэнтэй аль болох учраа ололцохыг, зодолдохгүйг хичээсэн ч санаснаар болоогүй. Амьд үлдэхийн тулд өөрийгөө хамгаалахаас өөр яах билээ. Харамсалтай нь, тэгэхдээ хоёрыг нь маш хүнд бэртээсэн. Залуу насны аагаар тэдэнтэй дахиж холбоо барьж, уулзаагүйдээ одоо ч харамсаж явдаг.

Тулааны спорт гэснээс би боксоор хичээллэсэн. Нэг удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ Монголын шилдэг тамирчдын нэг Ц.Амаржаргалыг ялсан. Тухайн үеийн тамирчид түүнтэй тоглохоос айдаг байсан юм. Ц.Амаржаргал ид үедээ надад дийлдсэн юм шүү. Би цанаар тууштай хичээллэхийн тулд бокс төдийлөн тоглоогүй.

-Та цанын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан. Тамирчдынхаа бэлтгэлийг хэрхэн хийлгэдэг байсан бэ?

-Би зөвхөн дасгалжуулагч нарт үүрэг өгч “Тамирчдаа тэгж сонго, бэлтгэлийг нь ингэж хийлгэ” гэж зөвлөдөг байсан.

-Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ямар шинэ зүйл санаачлан, өнөөгийн хөгжилд нь ташуур өгөв?

-Дасгалжуулагч нарыг хооронд нь үргэлж өрсөлдүүлдэг байсан. Нэг нэгнийх нь мууг үзэхдээ бус, хэн шилдэг байгаа нь тамирчдыг дасгалжуулдаг жишгийг тогтоосон юм. Аль чадвартай нь цаначдаа гадаадын тэмцээнд дасгалжуул, ур чадвар муутай нь эх орондоо үлд гэдэг байсан. Үндэсний шигшээ багт хаанахын тамирчин, хэний шавь бус, хамгийн шилдэг нь орох учиртайг яс баримталсан. 

Итгэл хүлээлгээд явуулахад амжилт гаргахгүй бол дасгалжуулагч нь ажлаа өгөх, тамирчин нь хариуцлага хүлээхийг шаарддаг байсан юм. Одоо бодох нь ээ их харгис байсан ч юм шиг. Би шударга бус зүйлд үнэн голоосоо дургүй. Аль болох шударга байхыг хичээдэг. Сүүлд тэмцээний цагийн шүүгчээр олон жил ажилласан. Цагийн товчлуурыг жаахан хоцорч дарахад л тамирчны амжилт салхинд хийсдэг, хариуцлага өндөртэй ажил. Хэмжигдэхүүнтэй спорт учраас тэр.

-Монголд хамгийн өндөр хөгжин, тамирчид жигд амжилт гаргаж байгаа өвлийн спортын нэг нь цана. Олимпод оролцсон үе үеийн тамирчдын буухиаг тэд л үргэлжлүүлж байна. Өнөөгийн цаначдын ур чадвар, Монголын цанын холбооны үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?

-Сэтгэл хангалуун явдаг. Намайг үргэлж сураглан, эргэдэг Монголын цанын холбооныхонд талархдаг. Уг нь төр, засгаас жаахан анхаарч, дөмөгхөн дэмжвэл зөвхөн цана гэлтгүй өвлийн спортын бүх төрөл Монголд өндөр хөгжих боломжтой. Манай тамирчид томоохон тэмцээнд амжилт гаргах цаг ойрхон. Төрийн дэмжлэг, халамж л дутаад байна.

-Та дугуйн улсын аварга. Тухайн үед өвлийн спортын тамирчныг зуныхад өрсөлдүүлдэггүй байсан шүү дээ. Та яаж аргалсан юм бэ?

-(Инээв). Ёстой азаар өрсөлдсөөн. Надад цана заасан Аюушрагчаа багш дугуйчин байсан. Тиймээс би дулааны улиралд дугуй, хүйтрэхээр цанаар хичээллэдэг. МУБИС-д сурч байхдаа М.Туваанжав багшийг гуйн, шалсаар байгаад зөвшөөрүүлсэн. Дугуйн УАШТ-д азаар хоёр удаа өрсөлдөхдөө алт, мөнгөн медаль авлаа. Бусад дугуйчнаас бяраараа илүүрхдэг байв. Үеийнхнээсээ тасархай явлаа. 

Ингэж хэлэхээр зарим хүн өөрийгөө магтаж, онгирч байна гэж намайг шүүмжилж магадгүй. Үнэн юм чинь яах вэ дээ. Аав минь улсын начин цолтой байсан. Би 1974 оны Төрийн наадамд дөрөв давж, улсын начин цолны үзүүрээс атгаад алдаж билээ.

-Тэр жил та дархан аварга Д.Дамдинд өвдөг шороодсон. Аваргыг давж, аавынхаа цолд хүрье гэж санаанд тань багтаж байсан уу?

-Багтсан шүү. Тэр жил би улсын наадамд зодоглохдоо Говь-Алтай аймгийн бөх, улсын начин Д.Шоовдойхүү, Дундговь аймгийн уугуул, улсын начин Ц.Улаанхүү, аймгийн арслан Жамъяансүрэн нарыг давсан. Үлдсэн нэг бөх нь цэрэг байсан шиг санаж байна. Төрийн наадамд дөрөв давчихаад, улсын цолны даваанд зодоглох сайхан байсан шүү. Би хөл авах дархан мэхтэй. Түүнийгээ хийтэл Д.Дамдин аварга намайг толгой дээгүүрээ давуулаад чулуудчихсан. Амьд үлдсэн нь их юм. Аваргад ёстой дүүрээгээ дэлбэртэл шидүүлж билээ.

Аав минь амьд сэрүүн байсан ч болоосой гэж бодогдон, үгүйлсэн. Их баярлан, хүүдээ сэтгэлийн дэм өгөх байсан. Аав шигээ настай хүнийг давахгүй байж барилдаад яах вэ гэж өөрийгөө голоод дахиж зодоглоогүй. Аавыгаа амьд байхад нь зодоглон, баярлуулах минь яалаа даа гэж харамсдаг. Би эхээс ганцаараа. Удам залгах ганц хүү нь барилдаагүй, амжилтыг нь үргэлжлүүлээгүйд аав надад гомдсон байх.

Ингэж хэлснийхээ дараа тэрбээр уртаа гэгч нь санаа алдан, уйлав.

Уучлаарай, хоёулаа юуны тухай ярилцаж байлаа. Аавынхаа тухай ярихаар өөрийн эрхгүй уйлчихдаг юм.

-Ч.Дагвадорж начин хүүгээ барилдуулъя гэдэг байсан уу. Та ер нь багадаа үндэсний бөхөд хэр хорхойсдог байв?

-Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийг цанаас илүү сонирхоогүй. Аав намайг барилдуулах сонирхолтой байсан юм. Гэхдээ нэг ч удаа энэ талаар дурсаж байгаагүй. Би багадаа Зүүнхараад болсон хүүхдийн наадамд түрүүлсэн. Тэгэхэд аав дух руу нэг нясалснаа “Олигтой ч түрүүлж чадахгүй” гэчихээд явчихаж билээ. Тухайн үед аавдаа гомдсон ч намайг хурцалж, урам хайрласныг нь бүр сүүлд ухаарсан. Хэрвээ би Д.Дамдин аваргыг давчихсан бол өдийд улсын начин гээд цоллуулж яваа гэж бодохоор харамсдаг.

-Дараа дараагийн наадамд амжилтаа ахиулъя гэж барилдан, өдийд цолоо ахиулах ч байсан юм бил үү?

-Харин тийм ээ. Хүн давруу амьтан. Улсын начин цолоо ахиулах гээд л шунах байсан болов уу. Хүнтэй ингээд ярилцаад суух чинь ямар сайхан юм бэ.

-Та нэлээд ганцаарддаг бололтой. Гэртээ ганцаараа амьдардаг юм уу?

-Тийм ээ. Би таван хүүтэй. Ууган хүү минь цанаар хичээллэсэн ч гавьтай амжилт гаргаагүй. Отгон хүү Шижирбаатар минь дугуйгаар хичээллэсэн, улсын аварга. Хоёр хүү Өмнөговьд ажил хийдэг. Орой бүр л надтай утсаар холбоо барьдаг. Хүүхдүүд тусдаа гарсан, ажил ихтэй болохоор манайд ирэх зав төдийлөн гардаггүй байх. Бага хүү минь намайг үргэлж асарч, тойлдог. Зарим шавь минь эргэдэг. Тэднийгээ тод мөртэй, сайхан амьдарч буйд нь баярладаг. Багш хүнд түүнээс илүү жаргал гэж юу байх вэ. Би одоо 64-хөн настай, заримдаа гадаа гарч, тэвэг тоглодог. Зурагт үзэн, хэвтэхээс өөр зүйл хийхгүй, гэртээ ганцаараа байхаар их уйдах юм. Заримдаа хүний мөрөөсөл болдог. Зурагт ямар надтай ярих биш дээ.

-Төрсөн нутагтаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Хоёр жилийн өмнө түнхний яс цуурахад эмч “60 хоног огт хөдлөлгүй хэвтээрэй” гэж зөвлөсөн юм. Би 30 хоногийн дараа л хөл дээрээ босчихсон. Насаараа цанаар хичээллэсний өгөөж байлгүй яах вэ. Дүүргийнхээ эмнэлэгт үзүүлтэл “Та ёстой төмөр шиг биетэй хүн юм аа” гээд гайхсан. Ямар юмных нь тийм юм байх вэ. Миний сэтгэл л төмөр шиг болохоор шүд зуун, алхаад байгаа юм. Хөлний бэртлийн улмаас сүүлийн хоёр жил төрсөн нутагтаа очсонгүй. Батсүмбэр сумд ээжийн минь төрсөн эгч амьдардаг.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

-Намайг зорин ирж, ярицлага авсан “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Сэтгэл сэргэн, эмчилгээ хийлгэсэн юм шиг л боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)