Д.Оросоо: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан

Баянзүрх дүүргийн АН нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Атармаа нарын талаар АТГ-т гомдол гаргаад буй. Энэ талаар нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоотой ярилцлаа.

-Засаг дарга С.Амарсайхан, төлөөлөгч Г.Атармаа нарын талаар АТГ-т гомдол гаргасан үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны гуравдугаар сарын 29-нд захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахыг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1 дэх заалтыг үндэслэж Т.Баясахыг үүрэгт ажлаас чөлөөлж буйгаа захирамждаа дурдсан. Уг заалтад “Дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ дээд шатны Засаг даргад гаргасан бол ажлаас чөлөөлнө” гэж тусгасан байдаг.

Гэтэл Т.Баясах ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй. Энэ нь Засаг дарга С.Амарсайхан эрх мэдлээ улс төрийн зорилгоор буруугаар ашиглаж, хуулийг илт буруу хэрэглэж байгааг нотлох баримт. Өөрөөр хэлбэл, Засаг дарга С.Амарсайхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгож байна гэсэн үг. Энэ бол Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл.

Т.Баясахыг Засаг даргын албан тушаалаас чөлөөлөхдөө МАН-ын цөөнх болсон төлөөлөгчид дангаараа хуралдаж гаргасан, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын” гэх 2019 оны гуравдугаар сарын 29-ний гуравдугаар тогтоолыг үндэслэж, оронд нь Э.Бат-Амгаланг томилсон. Баянзүрх дүүрэг нэг л ИТХ-тай. Тэр нь нэг л даргатай. Гэтэл С.Амарсайхан даргын үндэслэн захирамж гаргаад байгаа тэр тогтоол нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус. 

Тодорхой хэлбэл, тус дүүргийн ИТХ-ын дарга нь Ш.Ганчимэг атал Г.Атармаа гэдэг төлөөлөгч хүн “Дарга” хэмээн тус тогтоолд гарын үсэг зурсан байгаа юм. Ийм илт хууль бус бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Г.Атармаа нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч мөн боловч дарга биш. ИТХ-ын төлөөлөгч тогтоол гаргаж, өөрийгөө “дарга” гээд гарын үсэг зурсан нь хуулиар олгосон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

Тиймээс бид Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн заалтыг үндэслэл болгон АТГ-т хандсан. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол үүнийг гэмт хэрэг гэж үздэг. С.Амарсайхан дарга худал, хуурмаг байдлаар захирамж гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Э.Бат-Амгалан гэдэг хүнд хууль бусаар давуу байдал бий болгосон. 

Эрүүгийн хуулийн энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдвэл нийтийн албанд томилогдох эрхийг нь 5-8 жилээр хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай. Ялангуяа улс төрийн албан тушаал хашиж байгаа нөлөө бүхий этгээд ийм зүйлд хутгалдвал албан тушаал хаших эрхийг нь 5-8 жил хасдаг.

-Т.Баясах ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байгаа юм уу?

-Ерөөсөө өгөөгүй. Т.Баясах хуульд зааснаар чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй, өгч байгаагүй юм.

-Баянзүрх дүүргийнхний маргаан 2016 оноос үргэлжилж буй. Г.Атармааг ИТХ-ын даргаар сонгочихсон юм биш үү?

-Хууль зүйн хувьд МАН Баянзүрх дүүргийн ИТХ-д цөөнх шүү дээ. Цөөнх хурал хийх гэвэл ирц бүрдэхгүй. ИТХ-ын дарга сонгох хууль зүйн үндэслэл байхгүй.

-Өнгөрсөн сард явуулсан дахин сонгуульд АН оролцоогүй. МАН-ынхан илүүрхэж, олонх болсноо зарласан. Яагаад оролцоогүй юм бэ?

-Сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн, ноцтой заалт байсан. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 159.4-т “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат хүчингүй болж, бүрэн эрх дуусгавар болно” гэсэн заалт. 

Үүнээс гадна 160.4-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явуулна” гэж заасан байдаг. Үүнийг үндэслэж Баянзүрх дүүрэгт дахин сонгууль зарласан юм. Гэтэл Сонгуулийн хуулийн дээрх 159.4 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоож, дахин сонгууль зарлахаас өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн уг заалтыг түдгэлзүүлсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ ч хүлээж авсан. 

Улмаар Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 159.4, 160.4 дэх заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ хүчингүй болгосон. Дахин сонгууль Баянзүрх дүүрэгт явуулах боломжгүй гэсэн үг. Гэтэл сонгуулийн байгууллага УИХ дээрх заалтуудыг хүчингүй болгосны маргааш нь буюу 2019 оны нэгдүгээр сарын 18-нд Сонгуулийн тухай хуулийн 160.4 дэх заалтыг үндэслэн дахин сонгууль зарласан. 

Нэгэнт сонгогдсон төлөөлөгчийг хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, дахин сонгууль зарлах нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзэж, эдгээр заалтыг түдгэлзүүлж, УИХ нь хүчингүй болгочихоод байхад дахин сонгууль зарлаж болохгүй шүү дээ. Тиймээс л Баянзүрх дүүргийн АН дахин сонгуульд оролцоогүй. Хууль дээдлэх зарчмыг барьсан хэрэг.

Гэтэл МАН орон нутгийн сонгуульд ялчихлаа гээд байгаа юм. Үнэн хэрэгтээ ялсан гээд байгаа хоёр төлөөлөгчийн нэгд нь түр үнэмлэх олгосон Сонгуулийн хорооны тогтоолыг нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-нд түдгэлзүүлсэн. Ингээд олон талаар энэ үйл явц нь маргаантай болж хувирч байгаа юм. Эрх зүйн хувьд өнөөдөр МАН Баянзүрх дүүрэгт цөөнх хэвээрээ байгаа. 

Энэ бүх маргаан шүүхийн шатанд байгаа учраас Засаг дарга С.Амарсайхан хууль, шүүхийн хүрээнд л мэтгэлцэх ёстой. Түүнээс биш хууль бус захирамж гаргаж, ажил, албан тушаалыг нь хүч түрэмгийлэн авах талаар санах ч хэрэггүй. Бид чинь эрх зүйт нийгэмд амьдарч байна шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)