Д.ОДОНЧИМЭГ: Томчууд шиг баашилдаггүй болохоор хүүхэдтэй ажиллах амар

“Хүүхэд бол нууцлаг ертөнц. Тэр дундаа, өвдсөн үедээ ааш нь олдоно гэж гонж. Түүнийг мэддэг хүн л хүүхдийн эмч болдог” хэмээн түмэнд “Хүүхдийн нэвтэрхий толь” хэмээн алдаршсан, ардын эмч Д.Малчинхүү өгүүлсэн байдаг. Үнэхээр л энэ хүнд албыг мэргэжилдээ хайртай, чадвартай, сэтгэлтэй хүн л хийх байх. Тэдний нэг бол Улаанбаатар төмөр зам(УБТЗ)-ын төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Одончимэг. Тэрбээр Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн эмчийн ангиа хаахаас өмнө амжиж төгсжээ.

Манай улс 1996 оноос хойш хүүхдийн эмч бэлдэхээ больж, хамгийн хүнд, нарийн төвөгтэй мэргэжлийг төгсөлтийн дараах хоёрхон жилийн сургалтад даатгасны горыг өдгөө бид амсаж байгаа. Хүүхдийн эмч “Улаан ном”-д ортлоо цөөрч, хоёр жилийн сургалтаар мэргэжил эзэмшсэн хүмүүс нь багачуудын уйлж орилох төдийхөнд эцэж, халширч, өөр салбар руу урвасан нь олон. Харин Д.Одончимэг АУИС-д зургаан жил сурч, хүүхдийн их эмч болсон. Тиймдээ ч одоо болтол мэргэжлээсээ урваж шарваагүй, хүүхдийн тухай ярих бүртээ харц нь гэрэлтэж, инээмсэглэх нь түүний тангарагтаа хэр үнэнчийг илтгэх. Хамт олон нь Д.Одончимэгийг “Өндөр ур чадвартай, мэдлэг, туршлагаа бусадтай харамгүй хуваалцдаг, шударга, ажилч хичээнгүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа, хүүхдийн эндэгдэл гаргаж байгаагүй” гэх зэргээр магтан, бахархдаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Нэг байгууллагадаа насаараа ажиллаж байгаа болохоор намтар гэх сүртэй зүйлгүй ээ (инээв). 1984 онд АУДС-д сувилагчаар сурч, төгсөөд УБТЗ-ын төв эмнэлгийн Дотрын тасагт гурван жил ажилласан. 1985-1991 онд хүүхдийн, 1999 онд зүү, төөнө заслын эмч болсон. Гэхдээ сүүлд эзэмшсэн чиглэлээрээ ажиллаагүй. Өвөө минь зүүний эмч байсан болохоор эл мэргэжлийг эзэмшсэн. 1992 оноос өнөөдрийг хүртэл 26 жил хүүхдийн эмч, нийт 31 жил ажиллаж байна. Миний аавыг Дажгүй гэдэг. Сонин нэртэй байгаа биз. Би эхээс тавуулаа. Өвөө, бид хоёр л эмнэлгийн мөр хөөсөн. Хүү, охин минь гэр бүлтэй болж, тусдаа гарцгаасан. “Ээж, хүүхэд өвдлөө” гэх бүрт нь очиж үзэж, жор бичнэ. Бас болоогүй ээ, нөгөөхөө бариад эмийн сангаас эмийг нь авчирч өгнө дөө.

-Яагаад хүүхдийн эмчийн мэргэжил сонгох болсон юм бэ?

-Эмч болоход өвөө минь их нөлөөлсөн. Төмөр замын төв эмнэлэгт насаараа зүүний эмч хийсэн Аюушийн Намжил гэж хүн байсан. Өвөөгөө ярих дуртай. БНХАУ-д энэ мэргэжлийг эзэмшсэн, Монголын анхны гурван эмчийн нэг нь өвөө. 94 наслаад бурхан болсон доо. Сургуулиа төгсөж ирээд эмнэлэгтээ сэргээн засах эмчилгээ нэвтрүүлсэн гавьяатай. Би багадаа их өвддөг хүүхэд байж билээ. Тэр бүрт өвөө намайг үүрээд эмнэлэгтээ хэвтүүлчихнэ. Эрүүл үедээ ч өвөөгийнхөө ажлаас салахгүй, байнга ирнэ.

Эмнэлгийн үнэр цаанаа л гоё. Тиймээс л хүүхдийн эмч гэх энэ сайхан, буянтай ажил хийж яваадаа маш их баярладаг. Өөрөө байнга шахам хэвтэж эмчлүүлдэг байсан эмнэлэгтээ эмчээр ажиллаж буй нь хувь тохиол гэмээр. Зах зээлийн нийгэмд шилжихэд манай эмнэлгийн Хүүхдийн амбулатори л өрхийн тогтолцоонд шилжээгүй үлдсэн юм даг. Хүүхдийн, өндөр настны, үйлдвэр цехийн тасгууд тухайн мэргэшсэн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн тасгийнхаа эмч, эрхлэгч, дархлаажуулалтын, амбулаторийн, хэвтэн эмчлүүлэх тасгийн гээд бүгдэд нь л хөрвөж ажиллаж байна.

-УБТЗ-ын төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч нарт эцэг, эхчүүд ам сайтай байдаг. Танай эмнэлэг өөр дүүргийн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг үү?

-Манайх төмөр замын нийт ажилчны 0-16 насны хүүхдүүдийг хяналтад авч, гэрээр нь болон өртөөгөөр явж үзэж, эргэдэг байлаа. Зах зээлд шилжихэд төмөр замын байрууд хувьчлагдаж, эзэд нь байраа зараад, шилжсэн. Тэндхийн хүүхдүүд манай хяналтаас гарсан гэсэн үг. Тухайн үед манай Хүүхдийн амбулатори шүд, чих, хамар, хоолой, нүд, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Шугам замын ангиудад ажиллагсдын эрүүл мэндийг тухайн дүүргийн эмнэлгүүд нь хариуцдаг болоод одоо зөвхөн төмөр замынхаа 16 мянган ажилтан, ажилчдын хүүхдүүдэд л үйлчилж байна. Бусад дүүргийн иргэд хүүхдүүдээ манайд үзүүлж, хэвтэн эмчлүүлэх сонирхол их байдаг. Өнгөрсөн өвөл ханиад, томуугийн оргил ачааллын үеэр Баянгол дүүргийн IV хорооны хүүхдүүдэд үйлчилсэн. Өвчлөл ихсэхээр чиний, миний гэж ялгахгүй үзэж, эмчилдэг. Тасаг ч онцлогтой. ЭХЭМҮТ шиг төрөлжсөн тасгуудгүй болохоор 34 орон дээрээ олон янзын онош, өвчтэй хүүхэд хэвтүүлнэ шүү дээ.

Өвөл ачаалал ихсэхээр Хүүхдийн болон Сэхээн амьдруулах тасгийн орыг 70 хүртэл нэмдэг. Орнуудаа шилжүүлнэ, хонгилдоо зулна. Өнгөрсөн өвөл бид шинэ тасаг хүртэл нээж байлаа. Хүүхдийн өвчлөл ихсэх үеэр Хүүхдийн эмнэлгүүд стратеги төлөвлөлтөө эртнээс боловсруулж, жил бүр мөрддөг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүүхдийн төдөн эмч, сувилагчийг ийм зохион байгуулалтаар ажиллуулна гэх мэтээр. Орон байр, хүний нөөцөө бэлдэхээс гадна эм, тариагаа эртнээс татаж, нөөцлөх нэн чухал.

-Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар манайд дутагдалтай байгаа. Халшраад мэргэжлээ сольсон нь ч цөөнгүй. Энэ мэргэжлээр сурч буй, дөнгөж ажиллаж байгаа хүмүүст хандаад, хүүхэдтэй ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхдийн эмч биеийн анатомийг мэдэхээс гадна бие махбодын онцлогийг нарийвчлан судалдаг. Хүүхдийн эмчилгээний удирдамж мэдээж томчуудынхаас өөр. Нярай, бага нас, өсвөр үе гэх зэргээр нас насандаа өсөж хөгжих, өвдөх нь ондоо. Манай улсын хүн амын 36.5 хувь нь 0-18 насныхан. Тэдэнд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хүүхдийн 741 эмч бий гэсэн судалгааг хамгийн сүүлд АШУҮИС-иас гаргажээ. Олон улсын жишигт нэг хүүхдэд ногдох эмчийн тоо дотрын анагаахын салбараас гурав дахин их байх ёстой. Гэтэл манайд дөнгөж долоон хувьтай л байна. Энэ нь хүүхдийн эмчийн эрэлт, хэрэгцээ ямар байгааг илтгэх биз ээ. Хомсдол үүсээд эхлэнгүүт болсон, болоогүй сургуулиуд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болсон нь хамгийн буруу. Стандарт хангаагүй орчинд, сургалтын баазгүй сургуулиуд хүүхдийн эмч бэлдэхээр чадварлаг боловсон хүчин төрөх үү. Харин АШУҮИС энэ хичээлийн жилээс хүүхдийн эмчийн ангиа сэргээх болсон нь сайн хэрэг.

Хүүхдийн эмч хэн дуртай нь хийхгүй. Хүний их эмч нар хүртэл хүүхэд үзэхээс айдаг. Учир нь олдохгүй, уйлаад л гээд. Гэхдээ л тэдэнтэй ажиллах хамгийн сайхан. “Хүүхэд шиг баашиллаа” гэж хүмүүс их ярьдаг. Үнэнийг хэлэхэд, би томчуудыг үзэх дургүй. Адаглаад л зовиур нь дуусахгүй. Өнөөдөр толгой нь өвдөнө, маргааш ходоод гэдэс нь, орой нь нойргүй, дээрээс нь хөл гар өвдлөө гээд түмэн зовлон хэлнэ. Гэтэл хүүхдүүд орой нь халуурч, уйлж унжиж байснаа өглөө гэхэд сахилгагүйтээд, инээж хөхрөөд л явдаг. Томчууд шиг жүжиглэж, баашилдаггүй нь сайхан. Эмчилгээ ч хурдан ч авдаг.

-Таны үед хүүхдийн эмч бэлтгэх сургалт ямар байсан бэ?

-Би өөрийгөө азтайд тооцдог. Яагаад гэвэл анагаахын “од”-уудаар хичээл заалгаж байлаа. Малчинхүү, Хайрулла, Гоош, Агваандорж, Жаргалсайхан, Эрдэнэтуяа, Гэрэлмаа нарын бурхан шиг багш бидэнд хичээл заасан. Сургалт ч тэр хэрээр үр дүнтэй, чанартай байлаа. Багшийн заасныг бид сурч, эргээд шалгуулна. Харин одоо оюутнууд өөрсдөө хичээлээ судлаад, багш нартаа ярьдаг болсон гэв үү. Бид шалгалтын асуулт, хариулт боловсруулдаг байсан бол хүүхдүүд тест бөглөдөг болж. “Орчин үетэй хөл нийлүүлж байна” гээд хичээл заах гэж “маягладаг” болчихсон юм билээ.

Сайн тал нь сүүлийн жилүүдэд хүүхдийн резидентээр сурах хүн олширчээ. Тэднийг ЭХЭМҮТ-ийнхөн мэргэшүүлж байна. Тэндээс жинхэнэ хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй нь шилэгдэж, шигшигдэж үлддэг дээ. Тэсээд үлдчихвэл гоё мэргэжил. Нярайн судас олно гэдэг дээд зэргийн ур чадвар, мэдрэмж. Тиймээс л манай багш нар байнга унш, судла” гэж үглэдэг байсан. Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед ямар ч эмч өдөр бүр шинийг сурч, судлах хэрэгтэй.

-Чадалтай эмч нар хувийн эмнэлэгтэй болцгоосон. Иргэд үүнийг сайн, муугаар ярьцгаадаг. Хүүхдийн эмч нарын хандлага ямархуу байна вэ?

-Би хувийн эмнэлэг байгуулж үзсэн. Ажлынхаа хажуугаар хийнэ гэж худлаа юм билээ. Үндсэн ажилдаа төвлөрөхийн тулд эмнэлгээ хаасан. Бусад нь яадгийг сайн мэдэхгүй. Навчаа, Цолмон, Соёлоо, Раднааханд гээд нэртэй сайн эмч хувийн эмнэлэгт бий.

-Ялангуяа өвөл хүүхдийн өвчлөл гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ өвөл ханиад, томуугийн гурван төрлийн үүсгэгч дэгдэх эрсдэлтэйг эмч нар сэрэмжлүүлсэн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг эцэг, эхчүүдэд хэлж зөвлөөч.

-Хүүхдийн эмчээр дөнгөж ажиллаж байхад өвчлөл ийм байсангүй. Шинэ тасаг нээтэл, хүн хүчний дутагдалд ортол сандаргаж байгаагүй. Тухайн үед хүн ам ч цөөн, утаа униар, хөрсний бохирдол бага байсан болохоор арга ч үгүй биз. Одоо бол өвөл хүүхдүүд амьсгалын замын өвчнөөс салахаа байсан. Хүүхдүүд өрөвдөлтэй болсон. Хар багаасаа антибиотикоор бөмбөгдүүлж, эдгэрч байгаа ч биеийн эсэргүүцэл нь суларч, мөөгөнцөртөхөөс эхлээд хор уршиг ихтэй. Цаашлаад антибиотикт дасна. Нэгт дарагддаг байсан бол хоёр гурван төрлийнхийг уухаас нааш эдгэрэхээ больж. Эцэг, эх хүүхдээ өвдсөн үед нь шинж тэмдгийг нь сайн ажиглаж, тэмдэглэх хэрэгтэй. “Ээж, аавын үг оношилгооны 50 хувийг хэлж өгнө” гэж Малчинхүү багш хэлдэг.

Манайханд нэг муухай зуршил бий. Хүүхдээ амнаасаа хооллодог, хөтлөөд айл хэсдэг, сургууль, цэцэрлэгээс нь ирэхэд гарыг нь угаалгадаггүй. Том, жижиггүй энэ дадалд суралцаагүй. Гадуур хувцсаа өлгөн, гараа угааж, ам, хамраа зайлж сурах хэрэгтэй. Хүүхдээ багаас нь нэг эмчид үзүүлж, эмчлүүлбэл үр дүнтэй. Гэтэл эцэг, эхчүүд өнөөдөр надад, маргааш өөр хүнд үзүүлэх сонирхолтой. Нэгийг нь нөгөөхөөр нь шалгаж, харьцуулна, муулна. Ханиадны онцлог шинжүүд жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Өнгөрсөн жилийнх гэхэд өвчин хүндэрч, цус бүлэгнэлтэд өөрчлөлт оруулж, цус алдах тохиолдол элбэг байсан. Өвчин үүсгэгч өөрчлөгдөж, шинж тэмдэг нь танигдахаа больсон тул бид ч эмчлэх аргаа байнга өөрчлөх хэрэгтэй.

Энэ сарын сүүлчээр томуугийн болон хатгалгааны вакцин хийнэ. Үүнд хүүхдүүдээ хамруулаарай. Ядаж л өвчин хүндэрч, уушгины хатгалгаа болохоос сэргийлнэ. Эцэг, эхчүүд нэг талаараа их хэнэггүй. Нус нь гоожиж, ханиаж л байдаг, тоодоггүй. Бүр болохоо байхаар нь л эмнэлэгт хандах жишээтэй. Ялангуяа залуус, олон хүүхэдтэй өрхийн, эмээ, өвөөгийнхөө асаргаанд байдаг хүүхдүүд эмнэлгийн тусламж хожимдож авах нь бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)