Д.ОДГЭРЭЛ: Зөвхөн эмчийн оношоор тусгай сургуульд сургаж буй нь өрөөсгөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын арга зүй, тэдэнд тулгамдсан асуудлаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Одгэрэлтэй ярилцлаа. Түүний судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг үнэлж, Америкийн оюуны хөгжлийн бэрхшээл судлалын холбооноос (AAIDD) 2020 оны олон улсын шагнал олгохоор болсон гэнэ. АНУ-ын Питтсбург хотод зургадугаар сарын 1-3-нд шагнал гардуулах ёслол болох байсан ч цар тахлын улмаас хойшлуулжээ.

-Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр та 30 гаруй жил ажиллаж буй юм байна. Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Би 1979 онд Монгол, Оросын хамтарсан III сургууль төгсөөд, ЗХУ-ын Ленинград хотод Багшийн дээд сургуульд согогзүйч мэргэжил эзэмшсэн юм. Мэргэжлээ сонирхож сурсан гэхээс илүү гадаадад, том хотод сурах нь сайхан санагдсан л даа. Монгол Улсад дефектолог чиглэлээр мэргэшсэн хүн төдийлөн байдаггүйг олж мэдсэн. Нийгмийн хөгжлөө дагаад одоо согогзүйч гэж мэргэжил үгүй болж, тусгай боловсролын багш гэсэн нэршилтэй болсон. 1984 онд төгсөж ирээд 29 дүгээр тусгай сургуульд багшилсан. Тухайн үед хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хамт сурдаг ганц сургууль байлаа. Тэнд 7-8 жил ажиллаад АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр явсан. 1993-1996 онд БСШУСЯ-нд тусгай боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Японы Боловсролын яамны тэтгэлгээр Цүкүба их сургуульд судлаач оюутнаар сурах болсон. Тэндээ боловсрол судлалын магистр, докторын зэрэг хамгаалж, судлаач, багшаар нэг хэсэг ажиллалаа.

-“Тусгай сургуулийн суралцагчдын оюун ухааны үнэлгээ” сэдвээр докторын зэрэг хамгаалж, судалгаа хийсэн юм билээ. Судалгааны үр дүн юу байв?

-Манай улсад оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тодорхойлох арга зүй тодорхой бус байсан. Оюун ухааны бэрхшээлгүй хүүхдүүд ч тусгай сургуульд сурч байгааг ажигласан. Боловсролын яаманд байхдаа тусгай сургуулийнхантай хамтран ажиллаж, оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн үнэлгээний асуудал бүрхэг буйг олж харсан юм. Энэ чиглэлийн судалгаагаа одоо ч үргэлжлүүлж байгаа гэж хэлж болно. Үр дүн ярихын өмнө оюун ухааны бэрхшээлийг яаж тогтоодог вэ гэсэн асуулт гарч ирнэ. Эмнэлгийнхэн шинжилгээ хийгээд гэмтэл, өвчнийг нь илрүүлж болно. Оюун ухааны бэрхшээлийг судалдаг Америкийн холбоо 1876 онд байгуулагдсан. Тус байгууллагаас оюун ухааны бэрхшээлийг хэрхэн илрүүлэх, үнэлэх талаар зөвлөмж гаргаж, стандартчлагдсан тестээр тогтоодог. Мөн тухайн хүүхдийн нийгэм, орчин тойрондоо дасан зохицох чадварыг харна, шинж тэмдэг нь 18 хүртэлх насанд илэрдэг зэрэг үндэслэлээр оюун ухааны бэрхшээлийг тодорхойлдог. Харин Монгол Улсад оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тодорхойлох стандартчилсан тест алга байв. Би гадаад улсад хэрэглэдэг хоёр төрлийн тестийг монгол хувилбарт буулгаж нутагшуулсан юм. Тэдгээр тестээр тусгай сургуулийн хүүхдүүдийг шалгаж үзлээ. Түүнчлэн багш нараас асуумж авсан. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дөрвөн сургуулийн 1900 гаруй сурагчаас судалгаа авахад 60 орчим хувь нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй, 40 хувь нь бэрхшээлгүй, бүр сэтгэн бодох чадвар өндөртэй хүүхдүүд ч байсан.

-Тэгэхээр 40 хувь нь энгийн сургуульд сурах боломжтой байжээ.

-Тийм. 2000-2003 онд хийсэн судалгаагаар ийм дүгнэлтэд хүрсэн л дээ. Бэрхшээлгүй гэж үзсэн сурагчид маань яг ямар онцлогтой хүүхдүүд байна, цаашид яагаад ийм хүүхдүүд тусгай сургуульд сурахаар болов гэдгийг нарийвчлан судлах хэрэгтэй байсан. Гадаадын орнуудад суралцахуйн, зан үйл, танин мэдэхүйн бэрхшээл гээд олон ангилж үздэг. Эдгээр хүүхдийг манай улсад нарийвчлан судлаагүй гэж хэлж болно. Тусгай сургуульд дунд болон хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаагүй байлаа. Харин одоо энэ байдал өөрчлөгджээ. Нэлээд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах болсон гэж тусгай сургуульд багшилж буй шавь нар минь хэлдэг.

-Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ямар арга зүйгээр тодорхойлж сургуульд элсүүлж байгаа вэ?

-Үнэлгээний асуудал одоо ч сайжраагүй. Тухайн үед эмнэлэг сурган хүмүүжүүлэх комисс гэж байсан. Наймдугаар сарын сүүлчээр тусгай сургуулиудад сэтгэцийн эмч нартай хамт сууж элсэлт авдаг байв. Тэдний үнэлгээ ханатай гардаг байж. Гэхдээ нэгдсэн нэг аргачлал байхгүй. Согогзүйч багш танин мэдэхүйн асуулт даалгавар өгч, сэтгэцийн эмчтэй хамтран онош тавьж, элсүүлдэг байлаа. Одоо энэ тогтолцоо нэлээд суларчээ. Сэтгэц мэдрэлийн эмч тэр бүр байхгүй болж. Эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тогтоох хуулийн заалттай. Эмчийн нарийвчилсан оноштой байхыг шаардаж буй нь оношилгоо, үнэлгээг зөвхөн эрүүл мэнд талаас нь харсан хэрэг юм. Уг нь хүүхдийг удаан хугацаанд ажиглан, хөгжлийн бүхий л талын мэдээлэл цуглуулж, мэргэжлийн баг хамтарч тогтоох ёстой. Гэтэл зөвхөн эмчийн тодорхойлсноор комиссын гишүүд “хөгжлийн бэрхшээлтэй” гэж үзээд байгааг шүүмжилж, үүнийгээ залруулах шаардлагатай гэж хэлж, зөвлөсөөр ирлээ.

-1984 онд 29 дүгээр тусгай сургуульд багшилж байхад нөхцөл байдал ямар байв. Одоо сайжирсан болов уу?

-Сургалтын чанар, дохионы хэл, дотуур байр, хүмүүжил, ахуй орчин, нөхцөл гэдэг өөр ойлголт. Багш нар дотуур байрандаа ээлжилж жижүүрлэдэг байв. Миний жижүүртэй үед нэг сонсголгүй хүүхэд гэр лүүгээ оргоод явчихаж билээ. Захирал “Тэр хүүхдээ олж ир” гээд, Төв аймаг руу явж, нөгөө хүүхдээ авчирсан. Тэр үед багш нар идэвхтэй ажилладаг байжээ. Сонсголгүй хүүхдүүдэд дохионы хэл чухал юм гэж үзээд 1995 онд У.Баднаа багш удирдаж, монгол дохионы хэлний анхны толь бичиг гаргасан юм. Үүнийг соргогоор хүлээн авч, заах арга зүйд дохионы хэлийг үргэлжлүүлээд явах ёстой байж. Үүнээс хойш 25 жил өнгөрсөн ч хичээлээ дохионы хэлээр бүрэн заахгүй л байна. 29 дүгээр тусгай сургуулийн багш нараас “социализм”-ын дүр зураг харагдаад байгаа юм. Тэд өөрчлөгдөж байгаа л гэдэг. Тийм бол сайн. Гэвч сурагчид нь “ардчилал хөгжсөн улс” руу тэмүүлж дохионы хэлтэй бол илүү хөгжих боломжтой гэдгийг ойлгоод “социализм” байгуулаад буй багш нартаа хэлээд байна шүү дээ. “Нийгмийн ямар орчин, нөхцөлд байгаагаас тухайн хүүхдийн бэрхшээлтэй, эсэх нь хамаардаг. Бусдын хандлага, зан үйлийн ялгаатай байдалд хамаг учир оршиж байгаа юм” гэж аль 1924 онд Л.С.Выготский хэлсэн байна. 100-гаад жилийн өмнөх энэ үзэл баримтлал намайг ЗХУ-д сурч байх үед хориотой байлаа. Энэ бүгдийг Японы Цүкүба их сургуульд сурч байхдаа уншиж, ойлгож, хандлагаа өөрчилж чадсан юм.

-“Өрөвдөх хүн бидэнд хэрэггүй, өөрчлөх хүн л хэрэгтэй” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хэлжээ. Үүнтэй та санал нийлж байна уу?

-“Хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн тодорхойлолт нь ч асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр ахиц дэвшил гаргаж, хөгжиж чадахгүй гэсэн агуулга харагдаад байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөж, эсвэл төвөгшөөж ханддаг. Зарим нь бүр ийм хүмүүс нийгэмд ямар хэрэгтэй юм гэж ярих нь ч бий. Бэрхшээл хүмүүсийн хандлагад байна. Би багш хүн учраас хүүхэд ямар давуу талтай, хичээл зүтгэл, чадвар, боломж бололцоог нь эхэлж хардаг. Өөрийгөө хөгжүүлээд амжилтад хүрсэн хүүхдүүдийн хувьд хараагүй, сонсголгүй, эсэх нь асуудал биш болсон байдаг. Согог зүй, тусгай боловсрол, тусгай хэрэгцээ гэдгийн ялгаа үүнд л байна. Согогзүйч нар сонсох эрхтний бэрхшээлтэй гэдэг шинж тэмдгийг нэгдүгээрт тавьдаг. Тиймээс ингэж хандах ёстой гэсэн загварчлал бий болгочихдог юм. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар онц сурлагатан гэсэн загвар бий болгоод бүгдийг нь тийм байлгах гэж зүтгэдэг шүү дээ. Гэтэл хүүхэд бүр өөрийн онцлогтой, өвөрмөц ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Манай орны нөхцөлд бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон орчин байхгүй. Үүнийг бүрдүүлэх боломж хэр байгаа бол?

-Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулна гэж ярьж байна. Онцлогт нь нийцүүлнэ гэдэг тэгш хамруулах боловсролын үзэл санаа. Ер нь хүн бүрт хүртээмжтэй, хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Онцлогт нь тохирсон хэрэглэгдэхүүнтэй болгоно гэвэл өртөг ихтэй. Үүнээс илүү сэтгэл зүйн орчин чухал. Туслах, дэмжих сэтгэл байвал бэрхшээлтэй хүмүүст ч орчныг нь эерэг болгох боломж бидэнд бий. Хараагүй хүн автобусанд суулаа гэхэд түшиж дэмжин, буух буудлыг нь хэлээд өгчих жишээтэй.

-Тусгай боловсролын сургуулийн багш нарыг бэлтгэх арга барилын талаар та юу хэлэх вэ?

-Хэрэгцээ, онцлогт нь нийцсэн арга зүйгээр боловсролын үйл ажиллагааг явуулбал үр дүнгээ өгнө, нөгөө талаас “Цөм хөтөлбөр”-ийн агуулгыг зохих хэмжээнд эзэмшүүлэх зорилгоо хэрэгжүүлэх нь зүйтэй. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим гэж бий. Тэнд тусгай боловсролын багш нарыг бэлдэж байгаа. Манай Багшийн сургуульд арай өөр чиг баримжаатай, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш болох оюутнуудад “Тэгш хамруулах боловсролын үндэс” хичээл ордог юм. Ирээдүйн багш нар тусгай боловсролын арга зүйг ойлгож, хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг хэрхэн дэмжих талаар мэдлэг, чадвартай болж төгсдөг. Дэлхий нийтээр тэгш хамруулах боловсрол гэсэн чиг хандлагатай байгаа учраас заавал тусгайлан сургууль байгуулж заах биш, бусад хүүхэдтэй аль болох хамт сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

-Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд сурах нь цөөн ч бага ангийн багш нар тэдэнтэй ажиллах арга барил эзэмших ёстой юм байна, тийм үү?

-Тийм ээ. Манай улсад бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүд гэж янз бүрээр нэрлэж, ярьж байна. Гадаадын хөгжингүй орнуудад тусгай хэрэгцээтэй хүүхдүүд, Тусгай хэрэгцээт боловсролын хууль гэж бий. Тусгай хэрэгцээт хүүхэд гэж хэнийг хэлэх вэ гэдгийг маш нарийн судалж тодорхойлж өгсөн. Ингэхдээ дандаа боловсрол талаас нь. Харааны бэрхшээлтэй хүүхэд гэхэд брайль, томруулсан үсгээр бичих гээд харилцан адилгүй. Манай улсад эрүүл мэндийн оношилгоог суурь болгодог учраас боловсролын үйлчилгээ яаж үзүүлэх нь тодорхойгүй. Боловсролын үнэлгээ, оношилгоог тодорхой болгочихвол дэмжлэг нь тодорхой болно.

-Боловсролын үнэлгээг яаж тодорхой болгох вэ?

-Энэ үнэлгээг манай Хүүхдийн хөгжлийг дэмжих төвд хийж байгаа. Бид 2016 онд Японы Нагояа их сургуулийн багш нартай хамтран энэ төвөө байгуулсан. Гадаадын орнуудад эхлээд хүүхдүүдээ ямар асуудалтайг нь илрүүлнэ, дараа нь нарийвчлан тодруулна. Тэгээд сэтгэл зүйн, боловсролын үнэлгээ, оношилгоог мэргэжлийн баг хийнэ. Суралцахуйн бэрхшээлийг тодруулахад дор хаяж зургаан сар шаардлагатай. Онош нь тодрохгүй хүүхдүүд ч байдаг. Манай төвөөр дамжуулан 30-40 орчим хүүхэд зөвлөгөө авсан. Үргэлжлүүлэн 20 гаруй хүүхэд зөвлөгөө, дэмжлэг авч байгаа. Анхаарлын дутмагшилтай, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд зонхилж ирсэн. Бие эрхтний согогийг илрүүлэхэд хүнд биш, танин мэдэхүйн өөрчлөлттэй хүүхдийг оношлоход хугацаа их шаарддаг. Оюун ухаан, танин мэдэхгүй, сэтгэц нь сурах үйл явцад их чухал нөлөө үзүүлдэг. Гадаадын ихэнх орон боловсролын албан ёсны үнэлгээний тогтолцоотой учраас сургалтын ганцаарчилсан хөтөлбөр боловсруулж, түүнийх нь дагуу дэмжих үйлчилгээ үзүүлдэг юм.

-Танай төвд хийж буй боловсролын үнэлгээг бодлогоор дэмжиж, тусгай сургуулиудад хэрэгжүүлэх хэрэгтэй санагдаж байна.

-Энэ бол улсын хэмжээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажил яалт ч үгүй мөн. Зөвхөн эрүүл мэндийн байгууллагын оношилгоонд тулгуурлан хүүхдийг тусгай сургуульд явуулна гэдэг өрөөсгөл. Үүнээс болж тусгай сургуульд сурах шаардлагагүй хүүхдүүд цөөнгүй байна. Монголын багш нар аутизмын шалтгааныг арилгах боломжтой, эсэхийг япон багш нараас их асуудаг. Шалтгаанд нь бус, яаж хөгжүүлэх вэ, түүнд нь юу нөлөөлж байна гэдэгт анхаар гэж япон багш нар хэлдэг юм. Бэрхшээл нь төрөлхийн, олдмол байна уу, бид өөрчилж чадахгүй. Байгаагаар нь хүлээн авч, хөгжүүлэх арга замыг эрж хайх нь багш хүний үүрэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэн нэгнээс хараат бусаар ажиллаж, амьдрахыг хүсдэг ч хэрэгжүүлдэггүй хуультай, орчин, нөхцөл нь бүрдээгүйгээс байнга асуудалтай тулгардаг. Тэдэнтэй ойр ажилладаг хүний хувьд юуг өөрчлөх хэрэгтэй гэж боддог вэ?

-Та хэд хоногийн өмнө “Хүн бус, хууль нь хөгжлийн бэрхшээлтэй байна” гэсэн нийтлэл бичсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн нэршил ч тохирохгүй байгаа нь үнэн. Ор үндэсгүй шүүмжлээд байгаа юм биш. Олон улсын эх сурвалжууд үүнийг баталдаг. ДЭМБ-аас 1998 онд олон улсын ангилал гэж гаргасан. “Саад бэрхшээл” гэх үгийг хэрэглэхээ больсон. Эрүүл мэндийн салбарт “согог, өвчин”, боловсролын салбарт “чадварын өөрчлөлт, алдагдал” гэж нэрлэнэ. “Онцлогтой, өвөрмөц хүүхэд, чадварын өөрчлөлттэй хүүхдүүд” гэдэг нэр томьёог англи хэлнээ хэрэглэж байна. Орос хэлээр “хязгаарлагдсан боломжтой хүүхдүүд”, япон хэл дээр “боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай”, “тусгайлан дэмжих боловсрол шаардлагатай” гэж хэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёог манайхаас өөр улсад хэрэглэдэггүй. Нэршил нь буруу байхаар ойлголтын гажуудал үүснэ шүү дээ. 

Үүнийг залруулах хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоон мэдээлэл их зөрүүтэй. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн тоог бодитоор судалж гаргах шаардлагатай. Жишээлбэл, Японд ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдүүдийн долоон хувь нь тусгай боловсролын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэнийг хэлэхээ тодорхойлж чадахгүй байгаа учраас тоог нь гаргах боломжгүй. Тусгай хэрэгцээт хүүхдийг гадаадын орнууд нэлээд өргөн хүрээнд авч үздэг. Зан үйлийн өөрчлөлттэй, анхаарлын дутмагшил, нийгэмшихүй, танин мэдэхүйн асуудалтай гэх зэрэг. Бидний хийсэн судалгаагаар манай ерөнхий боловсролын сургуулиудад дээрх шинж тэмдэг бүхий хүүхдүүд бий, харин тэдэнтэй ажиллах багш нарын арга зүй учир дутагдалтай. Багш нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь тулгамдсан зорилт болсон. Ер нь тусгай хэрэгцээт гэж ямар оноштой, онцлогтой хүүхдүүдийг хэлэх, оношилгоог хэн, яаж хийх, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэх зэрэг асуудлыг харьяа яам авч хэлэлцэн, эрх зүйн зохицуулалт хийхгүй бол олон мянган хүүхэд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)