Д.Нямхүү: Нийт 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ, Дарханы лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжилгээ бүгд сөрөг гарсан.

Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдэж байгаа.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-нд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна" гэж хэлэв.