Д.Нямхүү: Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусний шинэ тохиолдол илрээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний шинэ тохиолдол илрээгүй байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.

    Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьцыг ирүүлж байна.

    Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.