Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээ сөрөг гарсан. Тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй. Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо. Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэж хэллээ.