Д.Нямхүү: Бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе АРАВДУГААР САР байх болно

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг өнөөдөр шалгасан.

Албаныхан ХӨСҮТ-д ажиллан тус эмнэлгийн бэлэн байдал, тандалт судалгаатай танилцахад ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно" хэмээн танилцуулжээ.

Учир нь энэ нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс КОВИД-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна. Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцлож байлаа.

Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн.

Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой" гэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (81)