Д.НОРЖМАА: Зүүдээ биелүүлж харваач болсон

Монголчуудын эр зориг, сүр жавхаа, дайчин чанар харуулсан спорт бол үндэсний сурын харваа. Эзэн богд Чингис хааны үеэс дэлхийн талыг эзэлж явсан монгол дайчдын нум, сум өдгөө үндэсний спорт болон хөгжсөн түүхтэй. Тиймдээ ч монгол наадмыг үзэх гэж гадаадын жуулчин тив дамнан ирдэг. Сүүлийн үед залуус нум, сум сонирхон харваж, талбай ч үзэгчээр дүүрдэг болсон. Энэ спортоор тууштай хичээллэж, амжилтад хүрсэн мэргэн олон. Тэдний нэг нь Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа. 2000 онд “Алдар” спорт хороонд хөл тавьж, тамирчныхаа гарааг эхэлж байсан тэрбээр үе үеийн алдартай тамирчдыг төрүүлсээр байгаа “Алдар” спорт хороотой амжилтаа холбож ойлгодог. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Монгол Улсын мэргэн, спортын мастер, нум, сум урлаач Л.Ядамсүрэнгийн нэрэмжит үндэсний сурын отго харвааны эмэгтэйчүүдийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол, “Шилдэг гэр бүл харваач” шалгаруулахад ханийнхаа хамт дэд байрт шалгарсан юм.

МОНГОЛ НУМ ДЭЛХИЙД ГАНЦХАН БАЙДАГ ТЕХНОЛОГИТОЙ

-Отго сурын харваанд олон харваач цэц мэргэнээ сорьдог болжээ. Үндэсний өв соёлыг хадгалдаг энэ спортоос амьдралдаа сурч мэдэх нарийн зүйл их байдаг бололтой?

-Сурын спорт гайхамшигтай. Хүнийг хүн болгож төлөвшүүлдэг. Хүндлэл, тэсвэр тэвчээр, амжилтын гайхамшгийг олон талаар харуулна. Сур харваанд хөл тавьсан бол гарна гэж бараг байдаггүй юм. Анхаарлаа төвлөрүүлж, тооцоолон, тактиктай харвадаг болохоор оюун ухаан сайн хөгжинө. Байнга хөдөлдөг тул эрүүл мэндэд тустай. Зүрх судас, хуян хөөрөх, шар ус хурах өвчтэй хүн үндэсний сурын харваанд лав байхгүй. Энэ утгаар яривал эрч хүчтэй, эрүүл амьдрах үндэс сур харваанаас улбаатай. Хүн төрөлхтний соёлын үнэт өв санд үндэсний сурын харваа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

-Та үндэсний сур харваанд судалгаатай ханддаг. Харваачдын уухайлах сонирхолтой санагдах юм. Ямар учиртай юм бэ?

-Сур харваанд урилгын, онооны, самбарын гэсэн гурван төрлийн уухай бий. Уухайн аялгуунд уртын дууны хөг аялгуу багтдаг. Үндэсний спортын хувцас, хэрэглэл монгол түмний бахархам өв соёл. Монгол нум дэлхийд ганцхан байдаг технологитой. Нум хийхэд янгирын эвэр, мод, малын шөрмөс оролцуулж нэг ч хадаас хэрэглэхгүй нааж урладаг. Байгалийн, ан амьтны эд эрхтэн орсон болохоор цаг агаарын байдлыг даган хувирч өөрчлөгддөг. Энэ нь гадаадын эрдэмтэн судлаачдын сонирхлыг их татдаг. Судлаачид судалгааныхаа ажлыг хийхдээ баримтжуулж кино хүртэл хийсэн байдаг юм билээ.

-Харвах тусам туршлага суудгийг та наадмын талбайд өөрийн биеэр харуулсан шүү дээ.

-Монгол Улсын гарамгай мэргэн Ж.Цэвээн агсны урласан нумаар харваж, 2007 онд улсын мэргэн цол хүртэхэд Ж.Баттөмөр мэргэн хоёр дахь удаагаа түрүүлж байлаа. Мэргэн надад баяр хүргээд “Амжилттай сайхан харваж хамтдаа түрүүллээ. Дүүдээ ах нь сайхан нум хийж өгнө” гэж амласан. Амласан ёсоороо нум урлаж бэлэглэсэн. Урласан нумаар нь долоон жил харваж, даян мэргэн болсон. Цаг агаарыг дагаад нум байсхийгээд л хувирч өөрчлөгддөг. Нумныхаа ааш занг өөрийн хүүхдүүдээс дутахааргүй мэддэг болохоор хувирч байсан ч мэдэрч харвадаг. Би энд тэнд явахдаа нум, сумаа биеэсээ бараг салгадаггүй. Олон хоног бэлтгэл хийхээр гарын хуруу эвэршинэ. Заримдаа хүнтэй гар барихаас хүртэл санаа зовмоор. Ийм л их тэсвэр тэвчээр, сэтгэл зүй шалгадаг спорт. Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг болохоор заримдаа нүүрээ нар, салхинд борлож түлэгдсэнийг ч анзаардаггүй. Намайг нэг сэтгүүлч “Эрчүүдээс дутахгүй сур харвадаг хүрэн бор хүүхэн” гэж бичсэн байсан.

-Өмнө нь та оноо тэнцэн товх харваж, хэдэнтээ аман хүзүүдсэн. Даян мэргэн болоход нэг алхам л дутаад байдаг байсан.

-Наадмын түрүү байрын төлөө таван удаа оноо тэнцэж, товх харвасан. Хэдэнтээ аман хүзүүдсэн болохоор наадамчин олон намайг таньдаг болжээ. Алтан шар зурхайд нум, сум агсаж, олон хавар, намрыг угтаж, үдлээ. Өөрийгөө зоригжуулж, тэсвэр тэвчээр гаргасан маань талаар болсонгүй. Надад олон хүн энэ цолыг хүртээрэй гэж ерөөсөн. Сурын алтан зурхайд аз ч түшсэн, бурхан ч ивээсэн. Яг ийм аз, амжилтыг олон жил хүлээсэн. Намайг олон жил харсан наадамчдын ерөөл, хүлээлтийг амжилтаар тайлж баярлуулсан гэж боддог.

-Сур харваачдын амжилтад нум, сумаас гадна өөрөөс нь шалтгаалах олон зүйл байдаг нь мэдээж. Та зах зухаас нь ярьж өгөөч?

-Харваач хүн хамгийн түрүүнд нумаа татахад түүртэхгүй, гартаа оруулж эзэмшсэн байх ёстой. Дийлж ядвал тогтож харваж чадахгүй. Нум зөөлөн болчихвол сумаа хөөхгүй. Энэ спортод хөл тавьсан бол нум, сумаа сайтар сонгож бэлдэх хэрэгтэй байдаг юм. Нумны харьцаа, сумны жин, сэтгэл зүй, орчны уур амьсгал гээд олон зүйл нөлөөлнө. Миний хувьд энэ бүхнийг бага сага мэддэг болохоор харвааныхаа хэрэгсэлд их анхаардаг. Тэр тусмаа ахмад мэргэчүүдийнхээ зөвлөгөөг сонсдог.

-Аав тань наадам болгоноор “Миний охин заавал түрүүлнэ шүү” гэж даалгавар өгдөг тухай сонссон юм байна.

-Ерөнхийлөгчөөс цолоо гардаж авчихаад гэртээ очиход манайхан баяртай угтсан. Намайг оноо тэнцэж олон товх харвасан болохоор түрүүлчихээсэй гэж хүсэж байсан нь анзаарагдсан. Аав маань “Одоо охиноо дахин, дахин түрүүл гэж хэцүү даалгавар тулгахгүй ээ” гэж билээ. Өмнө нь “Миний охин дахиад түрүүлэх ёстой, хичээгээрэй. Амжилтаа ахиулж дахин цол хүртэх хэрэгтэй” гэхээр нь “Би таныг мэргэчүүдэд очиж ховлоно. Цаана чинь наадмын талбайд түрүүлэх юм сан гэж мөрөөдсөн олон харваач бий. Би улсын мэргэн цол хүртчихээд байхад та чамлаад, дахин түрүүлэх хэрэгтэй гэж өндөр шаардлага тавих юм“ гэж хошигнон цаашлуулдаг байв.

-Сурын талбайд та цэнхэр өнгөтэй дээлээр гоёж ирдэг. Харин өнгөрсөн, энэ жилийн наадмаар улаан, хүрэн дээл өмссөн. Бэлгэшээдэг өнгө үү?

-Би цэнхэр, хөх өнгөнд дуртай. Дэлгүүр ороод цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг. Миний дээлийг урладаг оёдолчин “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй байх. Дандаа ийм торгоор дээл хийлгэх юм” гэж хошигнодог. Надад цэнхэр, шар өнгө ээлтэй байдаг юм. Улсын мэргэн цол хүртэхдээ шар, даян мэргэн цол хүртэхдээ улаан хүрэн торгоор урласан дээл өмссөн.

-Дүү Д.Баатархүү тань морь уях эрдмийг ааваасаа суралцсан уу?

-Морь уяж наадамд уралдуулах хүнд хөдөлмөр. Адгуустай хүнчлэн харьцаж, зан аашийг нь мэдэрнэ гэдэг уяач хүний эрдэм. Морины өнгө зүс хувирах, уяа сойлгыг өдөр бүр тааруулж, үйл хөдлөлөөс нь хэлийг ойлгоно гэдэг мэдээж амаргүй. Аав, ээж минь наадмын өглөө их догдолдог юм. Спорттой нөхөрлөсөн цагаасаа аав, ээжийгээ баярлуулъя гэж боддог байсан хүслээ бид биелүүлсэн. Д.Бумбаяр ахыг 2001 онд улсын заан цол хүртэхэд аав “Миний хүү начнаар тогтох бөх биш. Зааны энтэй хүчтэн” гэж урам хайрлаж байв. Ах минь наадамчин олны итгэлийг алдалгүй барилдсаар улсын заан цол хүртсэн. Намайг улсын мэргэн болоход аав мөн л “Миний охин наадамд нэгээр тогтохгүй түрүүлэх харваач” гэж сайхан үгээр шагнаж билээ. Ах, дүү, бид гурвын спортод дуртай болсон маань ааваас улбаатай.

ХИЧЭЭЖ Л ЧАДВАЛ ХЭН Ч АМЖИЛТ ГАРГАНА

-Үндэсний бөхөөр барилддаг нөхрөө сур харваа руу урвуулчихсан. Уруу татагдсан том шалтгаан ханьд тань байсан л байлгүй.

-Манай нөхөр сур харваа огт сонирхдоггүй байв. Сур руу урвах нэг том түлхэц байдаг юм. 2015 оны наадмаар даян мэргэн С.Энхтунгалаг, улсын мэргэн Б.Батбаатар нар түрүүлэхэд нөхрийн маань сэтгэл нь ихэд догдолсон гэдэг. Тэдний амжилтаар бахархсан манай хүн нэг их удалгүй сурын спортод хөл тавьсан. Ханийг маань Ц.Цэдэндамба гэдэг, Увс аймгийнх, аймгийн арслан цолтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй. Намайг “Шонхор” БТДС-д ирэхэд дасгалжуулагчаар ажилладаг байв. Биднийг спорт учруулсан. Нөхөр маань аав, ээжийнхээ талаас бөхийн удамтай. Сурын спорт нас харгалздаггүй. Хичээж л чадвал хэн ч хэдэн насандаа амжилт гаргана.

-Та зүүдэндээ сур харваач болж байгаагаа харсан гэдэг. Хэнд ч хэлэлгүй “хав дарсан”-аа хэрхэн задалснаа яриач.

-МҮСХ-ны хүндэт мэргэн, спортын мастер Д.Санжаасүрэн багш намайг сур харвуулах гэж жил гаруй гуйж билээ. Нэг байгууллагад ажилладаг болохоор өдөр болгон тааралдана.Тааралдах болгонд “Чи сур харваач, сурын талбайд очоод үз, би чамд зааж өгье. Ах чинь барилддаг юм чинь чамайг сур харвавал аав, ээж тань баярлана даа” гэж хэлнэ. Багшийнхаа зөвлөгөөг өдөр бүр сонсдог ч сураар хичээллэх сонирхол төрдөггүй байв. 1998 оны гуравдугаар сарын 17-нд сур харваж, улсын наадамд түрүүлээд, шатаар дээшээ гарч Ерөнхийлөгчөөс шагнал авч байгаагаар зүүдэлсэн. Нум барьж үзээгүй надад тэр зүүд их учиртай санагдсан болохоор итгэсэн. Маргааш нь багшдаа “Би сур харвах боллоо” гэж хэлээд баярлуулж билээ. Энэ зүүдээ улсын мэргэн цол хүрттэлээ хэнд ч хэлээгүй. 2007 онд түрүүлэхэд ТV5 телевизийн сэтгүүлч тэр зүүдийг надаар яриулсан санагдана. Олон жил “хав дарсан” зүүдээ гэнэт нэг өдөр ярьж орон даяар цацсан даа. (инээв)

-Сурын спортыг олонд сурталчлахад та их үүрэг гүйцэтгэсэн. Зүтгэл тань залуусыг энэ спортод хөл тавиулсан шүү дээ.

-Нэг өдөр сурын талбайдаа иртэл хогийн ургамал дүүрчихсэн байхыг хараад сэтгэл их эмзэглэсэн. “Алдар” спорт хороонд хүсэлт гаргахад 100 гаруй хүн сурын талбайд ирж зэрлэгийг нь зулгааж цэвэрлэсэн. Тэр үед би Үндэсний сурын холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг байв. Эрдэс баялаг, уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар гуай “Норжмаа сурын талбайг ямар болгохыг хүсэж байна” гэж асуухад нь “Манай харваачдад нар, салхинаас хамгаалах саравч хийж өгөөч. Талбай маань лууль, шарилжинд баригдаад өнгө зүсгүй харагдах юм, хиймэл зүлэгтэй болгох хэрэгтэй байна” гэхэд саналыг маань хүлээж авсан. Ингэж сурын талбай тав тухтай орчинтой болсон. Миний хувьд энэ талбайгаас олны хайр хүндлэл, цол хэргэм хүртсэн болохоор сэтгэл гаргаж ажиллахыг хичээдэг юм.

-Сурын спортод тулгамдаж буй ямар асуудал байна вэ, үндэснийхээ энэ спортыг цааш яаж хөгжүүлмээр санагддаг бол?

-Би Үндэсний сурын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа үр дүнтэй хэдэн ажил санаачилж хийсэн байдаг юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр агсныг урьж, холбооныхоо ерөнхийлөгч Ч.Энхтайван гуайтай ярилцаж, үндэсний сурын харвааг үзэгчдэд тайлбартай хүргэсэн.Үндэсний бөхийг найман настай балчраас 80 настай буурал ойлгож үздэгийн учир нь ерөөсөө тайлбартай хүргэхэд байдаг.Бөхийн дэвжээнд барилдаж байгаа хоёр бөхийн барилдааны мэх, мэхний онцлогийг ярихад үзэж суугаа хүмүүст сонирхолтой санагддаг. Үүн шиг үндэсний сураа тайлбартай хүргэж, олонд таниулах гэж олон жил сэтгэлдээ тээсэн. Үүнээс хойш үндэсний сурын харваа үзэгчдэд тайлбартай хүрдэг болсон. Нэг ч гэсэн монгол хүн үндэснийхээ спортын гайхамшгийг тайлбараас нь мэдээд, сур харваа сонирхож хичээллэхэд нь тустай зүйл болсон болов уу.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)