Д.НАРМАНДАХ: Хөрөнгө нь шийдэгдчихвэл Түлэнхийн төвийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн яамнаас 2000 оноос шинэчлэх тухай ярьж, арван жилийн өмнө ажил нь эхэлсэн Түлэнхийн төвийн барилгыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. “Нутгийн зам” компанийн талбайн инженер Д.Нармандахаас барилгын ажлын явцыг тодрууллаа.

-Манай компани Түлэнхийн төвийн амбулаторийн хэсгийг барьж байна. Ажлын явц 90 хувьд хүрлээ. Дотоод засал хийж эхэлсэн. Мөн гадна талбайн тохижилтыг ч эхлүүллээ. Цахилгаан шатаа өнгөрсөн долоо хоногт авчирсан. Гэтэл үлдсэн ажлыг дуусгах хөрөнгийг улсаас шийдэхгүй байна. Уг нь шийдчихвэл ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Санхүүгийн асуудлаас болж цахилгаан шатаа авчирч чадахгүй, гааль дээр хоёр сар гацаасан.

-Хөрөнгийг хаанаас шийдэх юм бол?

-Эрүүл мэндийн яамны зүгээс, ялангуяа дэд сайд маш сайн дэмжиж байгаа. Харин Барилгын хөгжлийн төвийнхөн гарын үсэг зурахгүй байгаа гэсэн сураг сонссон. Ямар учиртайг нь мэдэхгүй. Цахилгаан шатаа авчраад долоо хонолоо. Хөрөнгө нь шийдэгдчихвэл суурилуулна. Мөн ирэх сарын 1-нээс барилгыг дулаанд холбоно. Гэтэл дулааны төлбөрийг хэн төлөх нь тодорхойгүй. Учир нь дулаан авч эхэлсэн цагаас урсгал зардлыг гүйцэтгэгч компани хариуцдаг. Гэтэл хөрөнгө шийдэгдээгүй учраас бид төлбөр төлөх боломжгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)