Д.Нарантунгалаг: Олон улсын түвшинд эрэмбэлэгдсэн их сургуулийн түвшинд хүргэж чадах чадвар, чансаа сурагчдад маань бий

2019-2020 оны хичээлийн шинэ жил болж өндөрлөлөө. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлсэн юм. 

Тэрбээр "Монгол Улсын Консерватори 82 жилийн түүхэн хугацаанд Бөмбөгөр ногоон театраас Үндэсний урлагийн их театр, Улсын драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр,  Улсын филармони, Морин хуурын чуулга зэрэг төв орон нутгийн театр чуулгуудын үе үеийн алдар цуутнуудыг төрүүлэн гаргаж, мэргэжлийн уран бүтээлчдийн 70-90 хувийг бүрдүүлж, ард түмнээ соёлжуулан гэгээрүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэе.

Урлагийн сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй жил урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн жинтэй байр суурийг эзэлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

Үүний дараа Монгол Улсын Консерваторийн багш, сурагчдын сэтгэгдлийг сонссон юм.

Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Д.Нарантунгалаг: Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн үндэс суурь, тулах багана болсон Монгол Улсын Консерватори маань эрдмийн их өргөөндөө хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жил миний түүхт 35 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү өргөөний босгоор алхаад 35 жилийг ардаа үдсэн байна. Уг ойн хүрээнд бүтэн жилийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, төгсөгчдийнхөө ганцаарчилсан тоглолтыг хийх, Иоганн Себастьян Бахын нэрэмжит уралдааныг зохион байгуулах, хамгийн гол нь 35 жилийнхээ үр дүнг тайлагнасан тайлан тоглолт хийх гээд нэлээд өргөн хэмжээний арга хэмжээ болно. Миний хайртай шавь энэ жил П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөнө. Тус сургуульд мэргэжлийн төгөлдөр хуурчаар суралцаж төгссөн хүмүүсийн цуваа тасарчихсан байсныг шавь минь үргэлжлүүлж чадсан. Түүгээрээ үнэхээр их бахархдаг. Миний үргэлжлэл юм шүү дээ. 

Хөгжим бүжгийн коллеж Консерватори болсноор гадаадын улс орнуудад өндөр зардлаар суралцдаг  сонгодог хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, хөгжмийн онол, хөгжмийн зохиолч, удирдаач, сонгодог бүжигчин зэрэг нарийн эх орондоо суралцах өргөн боломж нээгдсэнд маш их баяртай байдаг. Үүн дээр ч мөн Засгийн газраас анхаараасай гэж хүсдэг. 

Өөрөөр хэлбэл, Хөгжмийн их сургууль байгуулж, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгон мэргэжлийн хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж өгснөөр Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, бид өөрсдийн сургуулиа дэлхийн болон Азийн түвшинд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн их сургуулийн түвшинд амжилттай хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тийм чадвар, чансаа хүүхдүүдэд маань бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)