Д.Нарансүх: Дотоод орчны агаарын бохирдол гаднахаас ч аюултай

Утааны улирал хаяанд ирлээ. Зуны турш мартагдсан агаарын бохирдлыг төр, засгийн түвшинд болон иргэд ч ярьж эхэлнэ. Ингэхдээ гаднах орчны агаарын бохирдлыг л хөндөж, “Утаагаа яаж бууруулах вэ” гэцгээнэ. Харин үүнээс ч дутахгүй тулгамдсан асуудал болсон дотоод орчны агаарын бохирдлыг төдийлөн ярихгүй, анхаарахгүй байгааг судлаач, анагаах ухааны доктор Д.Нарансүх онцоллоо. 

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, Дотоод орчны агаарын чанарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр энэ чиглэлээр сүүлийн 10 орчим жил судалгаа хийсэн аж. Дотоод орчны бохирдол гаднахаас их, тэр хэрээр иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буйг олон нийтэд анхааруулсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Дотоод орчны агаарын бохирдол гэж юуг хэлэх вэ. Гаднахаас юугаараа ялгаатай юм бол?

-Гадаад орчны агаарын бохирдолтой адил. Хүн цаг, минут, секунд тутам амьсгалдаг. Амьсгалахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц хэмжээний тоос, хортой бодис агаарт байхыг бохирдол хэмээдэг. Дотоод орчны агаарын бохирдол гаднахаас тусдаа, бие даасан, өвөрмөц зүйл биш л дээ. Мөн чанарын хувьд адил. Гэхдээ орон сууц, албан тасалгаа, сургууль, цэцэрлэг гэх мэт тодорхой орон зайгаар хязгаарлагдсан. Улаанбаатар хотын утаа агаарын чанарын стандарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 10-20 дахин ихсээд олон жил болсон.

Энэ талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүн гараагүй. Гадаад орчинд агаарын бохирдол ихсэхэд цонх, хаалга, агааржуулалтын системээр дамжин дотоод орчинд орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Манай улсад дотоод орчны агаарын бохирдол гаднахаас дутуугүй тулгамдсан асуудал болсон. Хүн амьдралынхаа 90 хувиас багагүй хугацааг гэр, цэцэрлэг, сургууль, албан тасалгаа, эмнэлэгт өнгөрөөдөг. Эдгээр нь дотоод орчин. Жишээ нь, би өдөрт нэг цагийг буюу гэрээс ажил хүрэх хугацаанд гадаа байдаг.

Бусад үед нь гэртээ юм уу, ажлын байрандаа. Тиймээс хүн амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж байгаа дотор орчны агаарын бохирдолд зайлшгүй анхаарах ёстой.

-Үүнд зөвхөн гаднах агаарын бохирдол нөлөөлдөг юм уу. Эсвэл өөр хүчин зүйлс дотоод орчны агаарын бохирдлыг ихэсгэдэг үү?

-Мэдээж нэгдүгээрт, гадаад орчны агаарын бохирдол нөлөөлнө. Үүнээс гадна гэртээ цэвэрлэгээ, хоол хийх, тамхи татах, ахуйн химийн бодис цацах зэрэг нь дотоод орчны агаарын бохирдлыг улам ихэсгэдэг. Өөрөөр хэлбэл, гадаад орчны бохирдол дээр нэмээд гэрт ашиглаж байгаа цэвэрлэгээний бодис, тамхины утаа нөлөөлнө. Магадгүй тухайн барилга байгууламжийг барих, засахад хэрэглэсэн материалаас ялгарч буй хортой бодис дотоод орчны бохирдлыг улам ихэсгэхийг үгүйсгэхгүй. Тиймээс гаднах бохирдлоос их байдаг. 

Гадаад орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн бол дотоод орчных түүнээс илүү гэсэн үг. Энэ бол өргөн хүрээтэй ойлголт. Гаднаас орж ирж байгаа утаа, барилгад ашигласан материал, будаг, тэр бүү хэл гоо сайхны янз бүрийн үнэртэн ч нөлөөлнө. Гэрт хуушуур хийх, боорцог хайрах, хоол хуурч, шарахад ч дотоод орчны бохирдол ихэсдэг.

-Энэ чиглэлээр манайд ямар судалгаа хийсэн бэ?

-Нэлээд хэдэн судалгаа бий. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон АНУ, Канадын эрдэмтэд энэ талаар судалж байлаа. Тухайлбал, 2016 онд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дөрвөн цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг хэмжсэн. Тэгэхэд нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ манай стандартаас 2-3 дахин их байсан. Харьцангуй бохирдол багатай үед буюу хоёрдугаар сарын сүүлчээр 14 хоног хэмжихэд л ийм дүн гарах жишээтэй. Тэгэхээр дүн өвлийн хүйтэнд ямар байх вэ. Мөн орон сууц болон гэрт амьдардаг айлуудад хэмжилт хийхэд хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их бохирдолтой гэсэн хариу гарсан.

-Барилгын материал дотоод орчны бохирдолд нөлөөлдөг гэдгийг олон нийт төдийлөн мэдэхгүй байх. Үүнээс ямар хортой бодисууд ялгардаг вэ?

-Одоогоор төдийлөн судлаагүй. Формальдегид, дэгдэмхий органик нэгдлүүд, онцгой хортой бодис буюу хар тугалга хүртэл ялгарна. Формальдегид нь олон төрлийн будаг, цавууны найрлагад агуулагддаг, цус, хамар залгиурын хавдар үүсгэгч. Хүнд металлууд ихэнхдээ утаа, будаг зэргээс гардаг. Дэгдэмхий органик нэгдлүүд нь цавуу, хуванцар, мөн будаг, тавилга хийж байгаа модон материал зэргээс ялгарна. 

Харахад их гоё тавилга боловч шахмал үртсэн материалаар хийсэн байж болно. Тийм материалыг барьцалдуулдаг цавуу нь дэгдэмхий органик нэгдэл их хэмжээгээр ялгаруулан, дотоод орчны агаарын бохирдлыг ихэсгэж, хорт хавдар үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, дэгдэмхий органик нэгдлүүд хүний биед амьсгалын замаар оронгуутаа уушгины судсаар дамжин бүх биеэр тархан, урт хугацаанд хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй. Сургууль, цэцэрлэгт их засвар хийсний дараа хурц үнэр гардгийг бүх хүн мэднэ. Тэр хурц үнэр чинь органик бодисуудаас л ханхлаад байгаа хэрэг шүү дээ. 

Хамгийн хортой нь бензол, толуол, ксилол зэрэг зургаан төрлийн бодис бий. Үүнийг манайд төдийлөн судлаагүй, нарийвчлан шинжлэх шаардлагатайг дахин сануулах нь зүйтэй.

-Манай улсад дотоод орчин дахь хортой бодисуудыг саармагжуулах битгий хэл хэмжин тогтоож, арга хэмжээ авах тохиолдол ч үгүй байх.

-Ашиглалтад оруулж байгаа барилгуудад органик бохирдуулагч бий, эсэхийг өнгөрсөн оноос хэмждэг болсон. Шинэ барилга доторх органик бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байвал Улсын комисс хүлээн авах журамтай. Эрүүл ахуйн тухай хуулийг 2016 онд шинэчилсэн. Урьд нь Ариун цэврийн тухай хууль нэртэй байлаа. Шинэчилсэн хуулийн дагуу Барилга, хот байгуулалт, Эрүүл мэндийн сайд хамтарсан тушаал гаргаж, ашиглалтад оруулж байгаа барилга доторх дэгдэмхий хортой нэгдлийг хэмжиж буй. 

Гэсэн ч манай улсад оруулж ирж байгаа барилгын материалуудыг хянадаггүй. Тавилгыг ч ялгаагүй. Ямар материалаар хийсэн нь тодорхойгүй. Цэвэр байгалийн модоор хийдэг тавилга тун ховор. Голдуу үртсэн шахмал материал хэрэглэдэг. Буйдан хийхэд ч янз бүрийн цавуу, уусгагчтай порлон ашиглаж байгаа. Түүнээс болж хүний бие загатнаж харшил өгсөн тохиолдол нэг биш. Байшингаа дулаалахдаа хүмүүс OSВ, DSP зэрэг шахмал, үртсэн хавтан худалдан авдаг. Түүнээс нь маш их үнэр ялгарч, нүд хорсгох нь ч бий. Энэ мэтээр дотоод орчны бохирдол гаднахаас дутуугүй асуудалтай.

-Шинэ барилгыг Улсын комисс хүлээн авахдаа шалгаад, хэмжлээ. Гэтэл засвар хийсэн сургууль, цэцэрлэгийг хэн хянах вэ. Ихэнх сургууль, цэцэрлэг наймдугаар сарын 31-нд засвараа хагас дутуу дуусгаад л хүүхдүүдийг хүлээн авч буй.

-Эрүүл ахуйн тухай хуульд барилгын материалын аюулгүй байдлын үзүүлэлтийг батална гэсэн заалт бий. Түүний дагуу ашиглалтад оруулж байгаа, засвар хийсэн барилгын материалаас ялгарах хорт бодис хэр байвал аюулгүй вэ гэдэг үзүүлэлт буюу хүлцэх хэмжээг баталсан. Мөн ашиглалтад оруулж байгаа сургууль, цэцэрлэг, орон сууц, ажлын байрны доторх агаарын чанарыг шинжилнэ гэдэг заалт бий. Харин засвар хийсний дараа будаг нь бараг хатаагүй байхад хүүхдүүдээ хүлээн авч байгаа сургууль, цэцэрлэгийг хянах, бохирдлыг нь хэмжих ямар нэгэн зохицуулалт алга.

Гэтэл энэ нь шинэ барилгаас ч илүү эрсдэлтэй. Яагаад гэвэл хүүхдийн дархлааны эрхтэн тогтолцоо сул хөгжсөн, бодисын солилцоо нь идэвхтэй учраас хортой бодис биед нь ороход насанд хүрсэн хүнээс илүү сөрөг нөлөө үзүүлнэ. Хүүхдүүд органик бодисуудаар амьсгалбал 15-30 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэлтэй.

-Дотоод орчны бохирдол иргэдийн, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг судалсан уу?

-Эрүүл мэндийн судалгаа байхгүй л дээ. Дотоод орчны агаарын бохирдлоос болж төдөн хүн өвчилсөн гэж тооцоход төвөгтэй. Хүний өвчлөл нь гадаад, дотоод орчны бохирдол, хоол хүнс, амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тиймээс энэ өвчин нь дотоод орчноос, тэр нь гаднахаас хамааралтай гэж тогтоох боломжгүй. Манай улсад сүүлийн 20-30 жилд хавдрын өвчлөл ихэссэнд агаарын бохирдол, дээр нь дотоод орчинд ашиглаж байгаа, янз бүрийн химийн бодисын агууламжтай бараа, бүтээгдэхүүн нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

-Иргэд эрүүл мэндээ хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Бохирдол үүсгэгч эх үүсвэрийг тогтоогоод, хяналт тавих ёстой. Хортой бодис ялгаруулж байгаа материалыг ашиглахгүй байх, гадаад орчны бохирдлыг бууруулах, гаднаас гэрт орж ирж буй агаарыг шүүх, гэртээ агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй. Нөгөө талаас барилгын агааржуулалт чухал. Гаднаасаа өндөр гоё барилга харагдавч доторх бохироо гаргахгүй, гаднаас цэвэр агаар оруулдаггүй нь цөөнгүй байна шүү дээ. 

Маш үнэтэй, гоё барилгууд барьчихдаг. Гэтэл агаар сэлгэлт хангалтгүйгээс чийгтэй, үнэртэй, зун бүгчим байдаг. Үүнээс болж зарим эмзэг хүн ажлын байрандаа муужирч унах асуудал гарна. Нөгөө талаар дотоод орчны агаарын чанарыг шалгаж хянадаг тогтолцоо, хууль, дүрэм хэрэгтэй. Иргэд ч сайн мэдээлэлтэй байх ёстой. Ядаж шинэ байр худалдан авахдаа, хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхдөө тухайн барилгын материалаас ялгарч байгаа бохирдлын хэмжээ эрүүл мэндэд хоргүй, аюулгүй, эсэхийг шалгуулах шаардлагатай.

-Олон улсад энэ чиглэлд хэрхэн анхаардаг юм бол?

-Дэлхийн улс орнуудад хүүхэд сурч, хөгжиж, хүмүүжиж буй орчинд илүү анхаарч байна. Тухайлбал, АНУ-д Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг гэж бий. Тус агентлагийнхан сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлыг яаж хянах, стандарт нь ямар байх зэрэгт төвлөрч ажилладаг. Гэтэл манайд нэг цэцэрлэгт 50-60 хүүхэд хүмүүжиж байна. Олон хүүхэдтэй цэцэрлэгт судалгаа хийхэд дотоод орчны агаарын бохирдол буюу нүүрсхүчлийн хийн хэмжээ стандартаас 6-7 дахин их байсан. Энэ нь хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчин болон өнгөрсөн хаврынх шиг сүрьеэгийн халдвар тархах нөхцөл бүрдүүлж буй юм.

-Дотоод орчны агаарын бохирдлыг хэн хянаж, арга хэмжээ авах шаардлагатай юм бол?

-Энэ асуудлыг ярихаар хүмүүс “Мэргэжлийн хяналтынхан юу хийдэг юм бэ” гэдэг. Гэтэл энэ нь мэргэжлийн хяналтынхны асуудал бус, барилга барьж байгаа, засвар хийж буй байгууллагын ажил. Сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахаас өмнө багадаа 14 хоногийн өмнө засвар хийж дуусгасан байх ёстой. Тэгвэл хичээл эхлэхэд будаг нь хатаад, хортой бодисууд нь буурч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээнд хүрсэн байна. Гадаад орчны бохирдлыг бууруулах хэцүү. Магадгүй Улаанбаатарын утааг арилгахад 15-20 жил шаардлагатай байх. Харин дотоод орчны агаарын бохирдлыг богино хугацаанд шийдэх боломжтой.

Гэртээ агааржуулагч тавьж, гаднаас орж ирж байгаа утааг шүүж болно. Мөн химийн хор багатай будаг, барилгын материал ашиглах ёстой. Үүний тулд тодорхой дүрэм, журам, зохицуулалт бий болгох хэрэгтэй. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц, сувиллын газрын дотоод орчны агаарын чанарын тусгайлсан дүрэм, стандарт бий болгох шаардлагатай. Жишээ нь, нэг цэцэрлэг засвар хийтэл хортой аюултай будаг хэрэглэсэн байвал, түүнийг нь арилгуулаад, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйг ашиглуулах ёстой. 

Барилгын материал, тавилга үйлдвэрлэж, импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн бүтээгдэхүүнээ хоргүй, аюулгүй гэдгийг баталгаажуулдаг байя. Хоргүй, баталгаатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ урамшуулж, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

-Дотоод орчны агаарын чанарын холбооныхон бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?

-Энэ холбоог саяхан байгуулсан л даа. Бид үүсээд буй асуудлыг олон нийтэд хүргэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. Дотоод орчны агаарын чанарын симпозиумыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан. Асуудал байгааг гаргаж, холбогдох байгууллагынхантай хамтран шийдэл боловсруулахаар ажиллаж байгаа. Төрийн байгууллага бүгдийг хийж чадахгүй, хүч хүрэхгүй. Тиймээс хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа чухал. 

Манайд АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллага мэр сэр судалгаа хийдэг боловч төдийлөн даацтай, нэгдмэл биш. Судалгаа хийсэн ч хязгаарлагдмал хүрээнд буюу 50-60 хүн яриад л өнгөрдөг. Уг нь бодлого гаргадаг хүмүүс эрдэмтдийнхээ судалгаанд ач холбогдол өгч, сонсоод, дүрэм, журам гаргахдаа тусгах ёстой. Гэтэл бидний судалгаанд яамныхан, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь ч ач холбогдол өгдөггүй. 

Хурал зохион байгуулахаар нээлтэд оролцчихоод л явдаг, асуудлын гүнд ордоггүй. Шийдвэр нь нотолгоонд бус, таамаглалд суурилсан. Үүнээс болж л Улаанбаатарын агаарын бохирдол буурахгүй байгаа шүү дээ. Энийг хэрэгжүүлбэл ингэчих байх, тэрийг хийвэл тэгэх биз гэх маягаар ажилласаар өдий хүрсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)