Д.Нарангэрэл: Өчигдөр шинээр 541 хүн ажиглалтад орж, 274 гэрийн тусгаарлалтад шилжлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинд 10.9 сая хүн коронавирусний халдвар авч, 522 мянган хүн эндлээ. Сүүлийн 24 цагт 180 мянга гаруй хүн шинээр халдвар авсан. ОХУ-д 6,000 хүн шинээр өвчилж, 147 хүн эндсэн байна.

Манай орны хувьд өчигдөр шинээр 541 хүн ажиглалтад орж, 274 гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар 2,713 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Өчигдөр БНСУ-аас 420, АНУ-аас 25 хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн бол Замын-Үүд боомтоор 96 хүн орж ирсэн. Эдгээр иргэдээс 9 хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүсийг буудлуудад тараан байршууллаа.

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр тусгай үүргийн гурван онгоцыг ариутган, халдавргүйжүүлсэн" гэв.